m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 05:14
48
Орхон аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцав

Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн баталсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын явц байдалтай танилцжээ. Ажлын хэсгийг Аймгийн ИТХ-ын дарга ахалж хурлын төлөөлөгчид оролцсон бол Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хотын захирагчийн алба, Хот байгуулалт барилга захиалагчийн алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Худалдан авах ажиллагааны алба, Эрдэнэт-Ус, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтнууд шалгалтын явцад байлцаж шалгалтын бүрэлдэхүүнд ажил байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ онд тус аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил хийж, чамгүй хөрөнгө мөнгө зарцуулагдсан. Тэдгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хэр явагдаж, ямар үр дүн, ямар алдаа дутагдал гарсныг Аймгийн ИТХ-ын байгууллагын дарга, төлөөлөгчид биечлэн танилцаж байгаа нь 2015 оны төсөв төлөвлөгөөг хэлэлцэх гэж байгаа энэ үед чухал ач холбогдолтой ажил боллоо. Тухайлбал хурлын байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу орон нутагт гүйцэтгэж байгаа ажлууд чанар, стандартын дагуу хийгдэж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагуудын хамт явж төлөөлөгчид үзэх нь цаашид бүтээн байгуулалтын ажилд юуг анхаарах, хаана ямар хөрөнгө оруулалт хийх талаар шийдвэр гаргахад дөхөм болж төлөөлөгчид тодорхой мэдээлэлтэй болж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд хурлын төлөөлөгчид Зэст, Уртбулаг, Бүрэнбүст багийн явган хүний болон авто зам, Хүрэнбулаг багийн орон сууцны дээврийн засвар, Уурхайчин баг дахь “Одод” цэцэрлэг, Оюут баг дахь Өргөх насос станц, гэр хорооллын цахилгаан хангамж нэмэгдүүлэлт,  хоёрдугаар хорооллын инженерийн шугам сүлжээ, Их залуу баг дахь 15 дугаар сургууль, Баянцагаан багийн ПДУ-н инженерийн шугам сүлжээ зэрэг өнгөрсөн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

Ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаар дүгнэлт гаргаж, зарим ажлуудад гарч буй алдаа дутагдлын талаар холбогдох газруудад үүрэг чиглэл өгч ажиллах нь нэг зорилго юм.