m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 05:30
58
Халдварт өвчний эсрэг бэлэн байдал хангалтгүй байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл, орон нутгийн Эрүүл мэндийн газар, цусны салбар банкийг хамруулан халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний бэлэн байдлыг шалгалаа. Монгол Улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, МХЕГ-аас гаргасан “Эбола вируст халдварын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөө”-ны дагуу халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ, цар тахлын үед шаардагдах эм, багаж хэрэгсэл, урвалж бодис, оношлуур, вакцин, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц, бэлэн байдал, хадгалалтын хугацаа, дэглэм, шаардлага хангаж буй эсэхэд хянаж шалгажээ. 

Орон нутгийн Эрүүл мэндийн газруудын 71 хувь нь есөн нэрийн 14 төрлийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй хэдий ч нэг удаагийн маск, малгай, бээлийнээс бусад нь шаардлага хангахгүй, цөөн тоотой, 57 хувь нь 1-3 нэрийн халдваргүйтгэлийн бодисын нөөц хангалтгүй байна. Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон зэрэг долоон аймаг хувийн хамгаалах хэрэгслийн, есөн аймаг халдваргүйтгэлийн бодисын нөөцгүй байжээ. Долоон аймгийн нөөцөд байгаа халдваргүйжүүлэх бодисд хийсэн шинжилгээгээр жавелионд агуулагдах идэвхит хлорын агууламж 83,3 хувьд нь шаардлага хангахгүй байжээ. Эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх химийн бодисын жагсаалтад ороогүй шахмал хлораминийг Баян-Өлгий, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудад хэрэглэж байсан зэрэг зөрчил илэрчээ.

Цусны салбар банкуудын хувьд Дархан-Уул, Дорнод, Булган, Завхан аймаг хамгийн их донортой, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорноговь, Төв аймаг хамгийн бага донортой байна. ДЭМБ-аас 17-60 насны хүн амын гурван хувьтай тэнцэх хэмжээний донортой байхыг зөвлөдөг. Орон нутгийн хэмжээнд энэ тоо 15-64 насны хүм амын 0,6 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Мөн Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Орхон, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд цусны гурвалсан хүүдийний нөөц 1000ш байх ёстойгоос 1.5-5 дахин бага нөөцтэй байжээ.

Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон зэрэг долоон аймаг хувийн хамгаалах хэрэгслийн нөөцгүй байжээ

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх хувийн хэрэгсэл дутагдалтай, шаардлага хангахгүй байгаа нь эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдал алдагдаж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдварт өртөх эрсдэлийг үүсгэж байгаа юм. Орон нутагт халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ, цартахлын үед шаардагдах эм, урвалж бодис, оношлуур, вакцин, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн багаж, хэрэгсэл, сорьц цуглуулах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэх ажил хангалтгүй, болзошгүй халдвараас сэргийлэх, тэмцэх, голомтыг цомхотгох, таслан зогсоох чадавхи бүрдээгүй байна.

Дархан-Уул, Дорнод, Булган, Завхан аймаг хамгийн их донортой

Шалгалтаар хугацаа нь дууссан 85 хайрцаг Тамифлу эмийг хураан устгаж, зөрчил бүхий аймгуудад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, дотоод хяналтыг сайжруулах, шаардлагатай эм, багаж хэрэгсэл, оношлуур, ариутгалын бодис, хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх талаар албан тоот, зөвлөмж хүргүүллээ. 

Шалгалтаар хугацаа нь дууссан 85 хайрцаг Тамифлу эмийг хураан устгажээ