m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 07:57
382
Ломбардны эргэн тойронд...

Иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг түргэн шуурхай хангах үйлчилгээний газар нь  ломбард болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Заавал банкинд дугаарлаж, олон бичиг баримт бүрдүүлж, шат дамжлагаар явахгүй амар хялбар хэмээн тус газраар үйлчлүүлэх иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Сүүлийн үед барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлээд хохирлоо гэх гомдол Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ихээр ирэх болсон бөгөөд энэ үйл ажиллагааг хянаж зохицуулах хууль, шалгах газар ч байдаггүй аж.

Харин УИХ-ын гишүүн Г.Уянга энэ сарын 04-ний өдөр “Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай” хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийгээ тэрээр “Санхүүгийн зах зээлийн оролцогчид болох банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэх мэт салбарт тодорхой зохицуулалт бүхий тус тусын хууль тогтоомжууд үйлчилж, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй төрийн байгууллагууд ч ажиллаж байна. Гэтэл ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газар нь өнөөдрийг хүртэл ямар ч хууль, эрх зүйн зохицуулалтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тиймдээ ч яаралтай мөнгө хэрэг болсон иргэдэд өндөр хүүтэйгээр зээл олгож, тухайн эд зүйлсийг дур мэдэн хувьдаа ашиглаж, дуртай үнээрээ бусдад худалддаг” гэжээ. Гэвч энэхүү хуулийн төсөл нь одоог хүртэл батлагдаагүй бөгөөд олон хүний дэмжлэгийг ч авч чадаагүй аж.

Заавал банкинд дугаарлаж, олон бичиг баримт бүрдүүлж, шат дамжлагаар явахгүй амар хялбар хэмээн тус газраар үйлчлүүлэх иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна

Харин ШӨХТГ-аас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар хуулийн төсөл боловсруулжээ. Уг төсөлдөө ломбард нь үйл ажиллагааны талаар ташаа сурталчилгаа хийх, үл хөдлөх хөрөнгө барьцаалах, иргэний бүх төрлийн баримт бичиг, хуулийн этгээдийн үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг барьцаалах, насанд хүрээгүй хүнд зээл өгөх, барьцааны хөрөнгөнөөс шалтгаалан зээлийн хүүг ялгаатай тогтоох, шөнийн цагаар ажиллахыг хориглосон зүйл заалтуудыг оруулж өгсөн байна.

Барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байгаа иргэдийн дундах ойлголт янз бүр байдаг байна. Жишээлбэл, нэг сар хугацаа хэтрэхэд үнэт зүйлийг зарж борлуулдаг. Мөн хэтэрсэн хоногийн тоогоор нь алданги тооцдог гэх мэтчилэн иргэдийн бухимдлыг хүргэх зүйл олон байдаг аж. Гэхдээ иргэдийн амжиргааны төвшин болон цалингийн хэмжээнээс шалтгаалан барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрдэг байна.

Олон улсын жишигт хэдий үнэт зүйл барьцаалан мөнгө авсан ч тухайн иргэний эд зүйлийг нь зарж борлуулах болон хэт их хүү нэхэхийг хуулиар хатуу хориглодог аж. Учир нь амжиргааны төвшин багатай иргэнд эргээд энэхүү ззэлийн хатуу бодлого нь хүндээр тусдаг байна. Мэдээж энэхүү газраар баян хүн үйлчлүүлэхгүй. Гэтэл манай улсын барьцаалан зээлдүүлэх газар амжиргааны төвшин бага иргэдэд хүү өндөр, хугацаа бага нөхцөлтэйгээр зээл олгодог нь иргэд эргэн төлөгдөх мөнгөн дүнд нь уягдан эд хөрөнгөө ихээхэн алдах нөхцөл байдалд хүргэдэг.

Харин манай улсын хувьд барьцаалан зээлдүүлэх газар буюу ард иргэдийн дунд ломбард гэж нэрлэгддэг газар олон байгаа нь амжиргааны төвшин болон архидалт их байгаа нь ломбардны тоог олшруулсан бөгөөд хүн болгоны нүдэнд илээр харагдахуйц хэмжээнд хэтэрхий их байна.

Ломбард эрхлэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллагаас өгдөг бөгөөд дохиолол хамгааллын систем суулгасан, бүрэн камержуулсан тохиолдолд л эрхлэх тусгай зөвшөөрлийг олгодог байна. 1990-ээд оны эхээр дөнгөж зах зээлд шилжих үеэр ломбардууд 30-40 хувийн хүүтэй байсан бол өнөөдөр 6-10 хувийн хүүтэй болжээ.

“Ломбард”-аар үйлчлүүлдэг иргэд ихэвчлэн гар дээр авдаг цалингийн хэмжээ бага болон банкинд олон сая төгрөгийн зээлтэй байдаг ба гэнэтийн тэмдэглэлт баярыг тэмдэглэх үед ихэсдэг аж. Мөн тус газраар оюутан залуус ихээр үйлчлүүлдэг аж.

1990-ээд оны эхээр дөнгөж зах зээлд шилжих үеэр ломбардууд 30-40 хувийн хүүтэй байсан бол өнөөдөр 6-10 хувийн хүүтэй болжээ

Энэ талаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдээс үзэл бодлыг нь сонслоо.

“Начин заан” барьцаалан зээлдүүлэх газар

Манайх зөвхөн алт, монет гэх үнэт зүйл барьцаалан зээл олгодог. Зээл олгохдоо зах зээлийн ханштай дүйцүүлэн үнэлдэг. Нэг сая төгрөгөөс доош зээл авбал 7.0 хувийн хүүтэй, харин нэг сая төгрөгөөс дээш зээл авбал 5.0 хувийн хүүтэй байдаг. Хугацаанаасаа өмнө авсан тохиолдолд хүүнээс хасагдаад явна. Харин хугацаа хэтэрвэл 60 хоног хүлээдэг. Тэгээд 30, 60 дахь хоног дээр нь зээл авсан иргэд рүү мессеж бичиж сануулдаг. Тийм болохоор манайд элдэв хүндрэл бэрхшээл гардаггүй, гомдол шүүмжлэл ч хэр барагтаа бол ирдэггүй. Манайх салбар бүртээ харуултай, дохиолол хамгааллын системээр бүрэн тоноглогдсон учраас иргэд санаа амар байдаг.

30, 60 дахь хоног дээр нь зээл авсан иргэд рүү мессеж бичиж сануулдаг

“Бобо энд Ж ХХК” барьцаалан зээлдүүлэх газар

Одоогийн нийгэмд хамгийн хурдан шуурхай, найдвартай, чирэгдэл бага учруулдаг, цаг зав хэмнэдэг, бэлэн мөнгө гаргадаг газар бол ломбардаас өөр байхгүй. Бас шударга, нийгэмтэйгээ хөл нийцүүлэн ажилладаг байгууллага гэж миний хувьд үздэг. Сүүлийн үед гарч буй янз бүрийн асуудлууд нь тухайн байгууллага болоод хувь иргэн хүний өөрийнх нь хариуцлагагүй үйлдлээс болж гардаг. Мөн хуурамч эд зүйлс тавих гэсэн хүмүүс их ирдэг. Гэхдээ тухайн байгууллага хамгаалалтын асуудлаа цогцоор шийдэж чадсан бол ямар ч асуудалгүй. Манайх 4-6 хувийн хүүтэйгээр зээл олгодог. Баяр ёслолын үеэр эд зүйлээ барьцаалах иргэдийн тоо эрс ихэсдэг. Манайх бас хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн хүн рүү утасдаж хэлдэг, мөн зөвхөн бичиг баримттай, насанд хүрсэн, согтууруулах ундаа хэрэглээгүй иргэдэд л үйлчилдэг.

“Хакуба” барьцаалан зээлдүүлэх газар

Манайх 9.0 хувийн хүүтэй. Бүрэн камержуулсан. Үнэт зүйлээ тавьсан иргэн юунд ч санаа зовохгүй байж болно. Ганцхан алт, монетон эдлэл биш гар утас, нөүтбүүк хүртэл барьцаанд авдаг болохоор ихэвчлэн оюутнууд, залуучууд үйлчлүүлдэг. Тийм болохоор заримдаа хугацаа нь хэтэрсэн ч эд зүйлээ авахгүй байх тохиолдол гардаг. Эсвэл бүр эвдэрсэн, хуурамч зүйл тавих гэж орж ирдэг тохиолдол ч бий. Тийм байж юм л болвол биднийг шулаач, шуналтайгаар дуудацгаадаг.

Бид иргэдийн байр суурийг ч мөн сонирхсон юм.

Зарим нь ашигтай, хэрэгтэй үед бэлэн мөнгө өгч чаддаг, хэрэгтэй газар гэсэн бол шуналтай, луйварчин, хүү өндөртэй, ард иргэдийг шулдаг газар гэх хүмүүс ч байсан юм.

Иргэн Э – Ломбард ч муусайн найз, хамаатан саднаас ч илүү газар шүү. Ломбард үгүй бол олон хүн өлсөж, хоногийн хоолоо залгуулж чадахгүй байсан. Цалингаас цалингийн хооронд зарим нь хүргэж амьдардаг бол тэгж чаддаггүй олон иргэн бий. Тэр бүгд ломбардаар л амьдралаа залгуулдаг даа.

Иргэн Х – Айлаас гуйхаар авдраа уудал гэсэн үг байдаг шүү дээ. Хүнээс гуйлга гуйж, нэр нүүрээ барж сууснаас өөрт байгаа зүйлээ барьцаалан зээл авах нь хамгийн сайн арга.

Иргэн Т – Хүний юм өндөр хүүтэй хүүлээд, эзэн нь юм шиг дураараа дургидаг ломбардуудыг зохицуулах хэрэгтэй. Зарим нь бүр өөрийнхөө юм шиг зүүсэн харагддаг. Арай ч тэгж болохгүй дээ. Тэгсэн хэрнээ нэг хоног хугацаа хэтэрвэл шууд л зарчихдаг шүү дээ.

Иргэн О – Зохицуулалт бас хэрэгтэй л байх. Эд зүйлээ тавьчихаад авч чадахгүй байх зовлон хүн бүрт л бий. Гэхдээ бүх ломбардууд зараад үрээд байдаггүй. Зарахгүйгээр, сунгуулаад эсвэл хугацаа хэтэрвэл утасдаж сануулдаг ч газрууд байдаг. Ер нь банкуудын ачаалал, шат дамжлагыг багасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол ядарсан ард бид чинь хэнээсээ мөнгө гуйж явах болж байна. Хүний амьдрал юм чинь зайлшгүй тохиолдол ч бас гарч ирдэг шүү дээ.