m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 08:30
111
"Монголчууд" цахим номын баяр боллоо

Дэмбэрэл овогтой Өлзийбаатар. Түүхийн ухааны доктор, Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар голчлон судалдаг. НАХЯ-ны Дээд сургуульд багш, НАХЯ-ны Тусгай архивт судлаач, Улсын түүхийн төв архивт судлаач, дарга, Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. "Яагаад 37 он?" зэрэг хэд хэдэн ном бичжээ. 

Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор Д.Өлзийбаатарын туурвин бүтээж, хөтлөн өгүүлсэн “Монголчууд” /цахим түүх/ сонсдог номын нээлт өнөөдөр ГХЯ-ны ёслолын танхимд боллоо. Тус үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Ч.Ганхуяг болон албаны бусад хүмүүс, түүх судлаач эрдэмтэн докторууд оролцсон юм. Ёслолын ажиллагааг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:

- “Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ үед улс үндэстэн бүрийн ялгарах зүйл нь түүх юм. Бид дэлхийн түүхийг удирдаж явсан, Монгол шиг баялаг түүхтэй улс дэлхийд байхгүй. Доктор Д.Өлзийбаатар сүүлийн хэдэн жил түүхийг олон нийтэд таниулах тал дээр  ажиллаж байгаа эрдэмтэн. “Монголчууд” хэмээх энэ сонсдог номонд түүхийг байгаагаар нь гаргасан. Энэ сайхан ном Анхдугаар Үндсэн хууль баталсны 90 жилийн ойн өдрөөр нээлтээ хийж буй нь бэлэгшээлтэй юм.” хэмээлээ.

Д.Өлзийбаатар цахим номоо бүтээхэд туслаж, дэмжиж хамтран ажилласан нийт уран бүтээлчиддээ талархал илэрхийлэн сүүн цагаан хадгийг номын дээжтэйгээ бэлэглэж, баярлаж талархсанаа илэрхийлсэн юм. Тус ном АНУ-ын Монголч эрдэмтэн Жек Уэтерфордын нэрэмжит сангаас жил бүр түүхийн шилдэг бүтээлүүдэд олгодог "Онцлох" бүтээлийн тусгай шагналыг хүртсэн бөгөөд номонд Эзэн Чингисийн үеэс улбаалсаар 1990 оны ардчилсан хувьсгал гарах хүртэлх түүхийн бүхий л үеийг үнэн бодитоор харуулсаны зэрэгцээ Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн 24 хүний талаар "Түүхт хүмүүсийн тухай" хэмээх бүлэгтээ өгүүлсэн нийт дөрвөн хэсгээс бүрдсэн байна.