m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 09:41
186
Хурандаа нар асуудлаа хамтдаа шийдвэрлэнэ

1936 оны Бага хурлын тогтоолоор Хурандаа цолыг олгох шийдвэр гарч байсан түүхтэй. Түүнээс хойш хүчний байгууллагын өндөр цол байсаар ирсэн. Тэгвэл "Монгол Хурандаа" нийгэмлэгийн санаачлагаар хурандаа нарын нэгдсэн чуулган өнөөдөр боллоо.

Анхдугаар чуулганд Зэвсэгт хүчин, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Авлигатай тэмцэх газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг цэргийн болон тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагад одоо ажиллаж буй, алба хааж чөлөөндөө гарсан эрхэм хурандаа, дэд хурандаа нарын төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцлоо. 

Анхдугаар чуулганд 100 гаруй Хурандаа нар оролцлоо.

Тэд чуулганар хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцаж байгаа бөгөөд нийгэмлэгийн гишүүд, удирдах зөвлөлийн ажилтнуудыг сонгох мөн өөрсдийн байгууллагын дүрмийг батлах төлөвлөгөөтэй байгаа. Тэдний асуудлаас онцлох зүйл нь Хурандаа цолны үнэ цэнэ буурч байна, тэтгэвэрт гарсан алба хаагчдаа төр харж үзэх хэрэгтэй гээд тулгарч буй хэд хэдэн асуудлыг хөндөж өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. 

Монгол Хурандаа  нийгэмлэгийн тэргүүн Ч.Баатар

-Хурандаа нарын чуулга уулзалт анх удаа болж байна. Яагаад уг хурлыг зохион байгуулах болсон бэ?

-Түүхэн ач холбогдолтой өдөр тохиож байна. “Монгол Хурандаа” нийгэмлэг анх удаа хурандаа нарын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Цэрэг армийн хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас тэднийг төлөөлж дуу хоолойгоо хүргэх шаардлагатай байгаагаас гадна нийгэмлэгийнхээ үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулах шаардлагатай байгаа  учраас уг чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

-Нийгэмлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулах төлөвлөгөөтэй байна вэ?

-Манай нийгэмлэг ашгийн төлөө бус гишүүдийнхээ эрх ашгийн үүднээс үйл ажиллагаа явуулна. Бид байнга уулзаад үйл ажиллагаагаа явуулах боломжгүй учраас хариуцсан салбартайгаа өдөр тутмын үйл ажиллагаагаа клубийн системээр зохион байгуулах бодолтой байна. Энэ систем бол Баруун Европод дэлгэрсэн үр дүнтэй арга зам гэж харж байгаа. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг болон тагнуулын байгууллага, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэсэн гурван клубтэй.

-Армийн хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байгаа тохиолдол хэр их байгаа вэ?

-Нэг бүрчлэн яривал янз янзын эрх ашгийг дурдаж болно. Өнөөдөр эх орныхоо 30 жил зүтгэчихээд орон байргүй хоосон хоцорч байгааг хэлж болно. Залуу халуу насаа эх орныхоо төлөө зориулсан байхад тэтгэвэрт нь гарахад зүгээр л баяртай гээд явуулчихаж байгаа нь буруу.

Цагдаагийн Хурандаа Ц.Батчулуун

Би цагдаагийн байгууллагад 32 жил ажилласан. 21 жилийн турш цагдаагийн хэлтсийн даргаар ажилласан. Хурандаа цолыг  10-аад жил зүүсэн. Цэргийн цол гэдэг бол нэр төрийн асуудал байх ёстой. Гэтэл цолны нэр хүнд гэдэг зүйл байхгүй болж байна. Тэтгэвэрт гараад нэг ёсондоо хаягдаж байна шүү дээ.

Төр засаг нь эргэж харсан ч юм байхгүй. Цаад байгууллага нь жилдээ ганц удаа хүлээж авдаг байх жишээтэй. Монгол Генералын нийгэмлэг байж болсон юм чинь Хурандаа нарын нийгэмлэг яагаад байж болохгүй гэж. Хурандаа гэдэг бол тухайн албанд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн удирдах ажилтнууд байдаг. Энэ хүмүүсийн үгийг сонож, санаа бодол, мэдлэг чадварыг  ашиглах нь хойч залуу үед хэрэгтэй.