m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 14:57
71
Олон жилийн насжилттай хоолой задарснаас хорооллын замыг хаалаа

Дөрөвдүгээр хороолол тодруулбал "Номин" их дэлгүүрийн өмнөх зам дагуух шугаманд  гэмтэл гарлаа гэх дуудлага Ус сувгийн удирдах газарт иржээ. Мэдээлийн мөрөөр шалгахад усны хоолой хагарснаас болж гэмтэл гаран ус халих аюул нүүрлэсэн болохыг хугацаа алдалгүй мэдсэн байна. Ингээд 17.45 цагаас эхлэн 25 дугаар эмийн сангаас хороолол өгсөх замыг дүүргийн Замын цагдаагийн газрынхан хааж, мэргэжилтнүүд засварын ажлаа эхлүүлжээ.

Манай сурвалжлах хэсэг гэмтэл гарсан хэсэгт 22.00 цагт очиход засварын ажил үргэлжилсээр байв. Ажиллаж байгаа хүмүүсээс хэзээ хэвийн ажилд орох талаар тодруулахад "Бид сайн мэдэхгүй байна. Гэмтэл гарсан хэсгийг янзалж байгаа. Цаг агаарын байдал ажил саадахад нөлөөлж байна" гэв.

Ус сувгийн удирдах газрын Ус хангамжийн албаны дарга С.Амарсанаа засварын ажлыг удирдаж байгаа аж. Түүнтэй  холбогдон дараах тодруулгыг авлаа.

-MASS.MN сайтын сурвалжлах хэсэг дөнгөж сая гэмтэл гарсан хэсэгт очоод ирсэн. Чухам юунаас болсон юм бол?

2014.11.26-ны 22.15 цаг усны хоолойг засах ажил үргэлжилж байна

-Гурав, дөрөвдүгээр хорооллыг усаар хангадаг 300-гийн шугаманд аваар гарлаа. Энэ шугам маань 35-40 жилийн насжилттай учраас гэмтэл гарахад нөлөөлсөн.

-Биднийг очиход ус замаар хальсан нь гайгүй байна лээ. Эсвэл та бүхэн тухайн үед нь шуурхай арга хэмжээ авсан уу?

-Гэмтэл гарсан даруй ажиллаж шуурхай арга хэмжээ авсан. Ус бага зэрэг хальсан.

-Шугам хагарснаас хэрэглэгчид усгүй болсон уу. Дулаанд нөлөөлөх үү?

-Бид цагирган шугамаараа дамжуулж усаар хангаж байгаа. Одоогоор бүх оршин суугчид устай байгаа. Дулаанд нөлөөлөх нь бага.

-Та бүхэн шөнөжин ажиллах бололтой. Маргааш хэвийн ажилд орох болов уу?

-Гэмтэл маань том хэмжээнийх болохоор яг хугацаа хэлэх боломжгүй. Гэхдээ бид 3-4 цагийн дараа засвараа дуусгах болов уу гэсэн бодолтой байна.

-Шугам яг зам доор байдаг бололтой?

-Харин тийм ээ, шугамаа засахын тулд зам хааж хөдөлгөөн саатахад хүрлээ. Яаралтай засаад, хэвийн ажиллагаанд оруулахыг хичээх болно.

25 дугаар эмийн сангаас хороолол өгсөх замыг дүүргийн Замын цагдаагийн газрынхан хаасан. Замын ачаалал хэд дахин нэмэгдэж Баруун дөрвөн замаас Өргөө кинотеатр ороход нэг цаг 30 минуд зарцуулж байв.