m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.04 01:37
107
Цуврал-30 Олон хүнийг өр төлбөрт унагасан Цэвээн

Хэнтий аймгийн Хэнтий сумыг Өмнөдэлгэртэй нэгтгэх ажил эхлээд хөл ихтэй байв. Энэ үеэр цагдаагийн ажилтан Мөнхдалайд хэд хэдэн өргөдөл гомдол ирэв. Гэмгүй атлаа олон мянган төгрөгийн өрөнд унан хамаг цалингаа бараа алдсан хэргийн төлбөрт өгдөг хүмүүсийн гомдол байв. Мөнхдалай, Цэрэндондовыг дагуулан өргөдөл илгээсэн Хэнтий сумын зүг явлаа. Шөнө дөлөөр ирсэн ч амралгүй шууд ажилдаа орлоо. Дэлгүүр нь намхан модон байшинд байх аж. Түгжээ, цонхны хаалт нь бүгд хэвийн.

“Байз дарга аа. Орой биднийг ирэхэд тэр салхивч хаалттай байсан. Харин одоо нээлттэй байна” гэв. Очиж үзвэл хүн орж гардаг бололтой юм

Гэсэн ч эргэн тойронд хэн явах нь уу, ямар хүмүүс эргэлдэж байна гэхчилэн шалгасаар нэг мэдэхэд үүр цайх дөхсөн байв. Залуу мөрдөгч Цэрэндондов гэнэт зог тусан “Байз дарга аа. Орой биднийг ирэхэд тэр салхивч хаалттай байсан. Харин одоо нээлттэй байна” гэв. Очиж үзвэл хүн орж гардаг бололтой юм. Ингээд хоёулаа ярилцан хэрхэх талаар тохиролцов. Ахмад Мөнхдалай тухайн сумын иргэдийг цуглуулж яриа таниулга хийхээр болов. Тэр үеэр Цэрэндондов дахин нарийн шалгалт хийхээр болжээ. Ингээд ажилдаа орлоо.

Олон хүн цугларч төвөөс ирсэн мөрдөн байцаагчаас олон зүйл шалгаах нь тэр. Тэд “Бид хохирч гүйцлээ. Шинэ бараа ирсэн даруй дэлгүүрийнхээ цоожийг сольж, лацаа шинэчилдэг ч их хэмжээний бараа дутаж, бид өрөнд ордог. Энэ ямар учиртай вэ. Бид хохирлоо хэнээр барагдуулах вэ” гэхчилэн элдвийг шалгаав. Тэр чадах ядахаараа хариулт өгөв. Ийн ярилцах зуур гаднаас Мөнхдалай орж ирэлээ. Харах нь ээ уулзъя гэж байгаа бололтой толгой дохиж харагдав. Ингээд тэд гадаа гарч уулзав “Дарга аа, би үзлэг хийлээ. Дээврээр хүн ордог юм байна. Гурван банзыг сугалж, олсоор тогтоожээ” гэв.

Гурав дахь өдрийн шөнө дөлөөр нэгэн хүн нөгөөх занганд орчихов. Хэн болохыг сумын хоёр хүнээр таниулга хийлгэхэд манаач Цэвээн гэх нь тэр

Ингээд хэнд ч сэжиг авахуулалгүй дэлгүүрийн дээвэрт гарав. Үнэхээр үнэн байв. Хэн ч анзаараагүй болох нь илт. Хулгайч гурван банзыг сугалж дэлгүүрт ороод дуртай зүйлээ авч наргидаг бололтой. Ингээд хэн бэ гэдгийг олох л үлдлээ.

Мөнхдалай Цэрэндондовыг үлдээн өөрөө аймаг явав. Хэнтий сумаас явахдаа Мөнхдалай нэг зүйлийг анзаарсан юм. Учир нь хулгайчийн ордог хэсгийн яг харалдаа доод талд архины лангуу байв. Яагаад заавал архины дээд хэсгээр дэлгүүр рүү ордог билээ гэж бодож тунгаасан хэрэг. Түүнээс гадна хадлан тэжээл бэлтгэх үеэр хоёр сум нэгтгэх гэж байна. Одоо мөд архи зарахгүй юм байна гэж олон хүн ярихыг сонссон нь мөрдөгчид санаа өгсөн хэрэг.   Ингээд аймагт ирж даргатайгаа зөвлөлдөөд Хэнтий сум руу архи зарим ховор бараа бүхий машин явуулав. Ингэхдээ будагч бодис хамт илгээв. Архины шилний гадаргууд нөгөөх бодисоо түрхэж үлдээхийг Цэрэндондовт давхар даалгажээ. Ингээд оройхон холбоо барив. Дэлгүүрт шинэ бараа архи ирснийг сумынхан сайн мэдэж байгаа. Гэсэн ч хэн нэгэн дэлгүүр рүү ойртохгүй л байв. Хоёр хонолоо. Гурав дахь өдрийн шөнө дөлөөр нэгэн хүн нөгөөх занганд орчихов. Хэн болохыг сумын хоёр хүнээр таниулга хийлгэхэд манаач Цэвээн гэх нь тэр. Тэр сурцтай нь аргагүй ороод архи бас бус хүнсний зүйл аваад явжээ. Будагч бодистой архи барьсан гараараа нүүрээ арчиж, мөн морь харахдаа гуяа илсэн бололтой. Ингээд маргааш өглөө нь Цэвээнийд очлоо. Гэмгүй царайлан суугаа Цэвээний царай ув улаан. Яагаад ийм болов гэхэд угаас харшилтай юм. Тэр өвчин хөдлөөд л гээд чимээгүй болов. Цэрэндондов “Гуя хаа чинь бас нил улаан болчихсон уу” гэхэд Цэвээн цочин юу болохыг сая ухаарчээ.

Ингээд хэргээ хүлээж гэм буруугаа илчлэв. Тэрбээр олон жил манаач хийсэн нэгэн. Ингэхдээ үе үе шинэ байраа ирсэн үед дээвэрт дүүжилсэн олсоор дамжин газарт буулгүй гарт таарснаа авч өөртөө ашигладаг нэгэн байж. Гэмт хэрэгтний гэрт үзлэг хийхэд 25,100-тын дэвсгэртийг олноор нь хурааж, архи, ховор бараа,  чихэр боож нуусан байв. Тэр нийтдээ 26 мянган төгрөгийн эд зүйл хулгайлан улсад болоод бусдад онцгой их хохирол учруулсан учир зохих ялыг оноожээ. Түүнээс гадна Монголын цагдаагийн байгуулагын түүхэнд анх удаа будагч бодис ашиглан гэмт хэрэг илрүүлсэн нь энэ.