m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.09 07:42
62
Баялаг бүтээгчийг үйлдвэрлэн гаргадаг эмэгтэй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажил хөдөлмөрт бэлтгэж зуучлан, сургаж, соён гэгээрүүлэх их үйлсэд хүчин зүтгэж яваа "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв"-ийн захирал Б.Гүнжилмааг бид "Баялаг бүтээгч" буландаа урьж оролцуулсан юм. 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес энкубатор төвийг анх яагаад байгуулах болов?

- 2005 онд Монголд анхны бизнес энкубатор төв нээгдэж байлаа. Тэр үед би Хүмүүн заяа сонинд ажиллаж байсан юм. Тэгэхэд нийслэлийн халамжийн төвд ажиллаж байсан найз минь энэ нэг ийм юм байна шүү чи хийхгүй юу гэсэн анхны суурь ойлголтыг өгч, санал тавьсан.  Тэгээд эндээс би санаа авч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажил олдохгүй ийм хэцүү байдаг. Гэтэл зөндөө л авьяастай чадалтай хүмүүс байгаад байдаг. Тэд яг яаж зах зээлд хөл тавих, юу хийх, яаж борлуулахаа мэдэхгүй байгаа учраас энэ тал дээр эдгээр хүмүүст туслая, өөрөө бас юм хийе гээд энэ төвийг байгуулж сургалт явуулж эхэлсэн.

-Та энэ хугацаанд хэчнээн хүнийг зах зээлд хөлийг нь олуулж өгсөн бэ?

-Ер н бол би 60 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг их дээд сургуульд сургаж, сургалтын төлбөрийн асуудлыг нь шийдвэрлэж өгсөн. Энэ нь өөрөөсөө гаргаж төлсөн гэсэн үг биш юм. Мөн яг гараасаа 33 хүн, гурван компани бойжуулж гаргасан. Энэ гурван компаниас өнөөдөр надад бичиг хэргийн зардал болон бусад туслалцааг өгч байдаг. Эдгээр хүмүүс дотор ганц хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй эрүүл саруул хүмүүс ч байдаг. Яг одоо бол би үндсэн таван бойжигчтой. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвтэй гэрээтэй ажилладаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэхэд хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ?

-Хамгийн гол асуудал бол өөртөө тохирсон ажлаа зөв сонгох ёстой. Хийх хүсэл их байвч өөрт нь таарч тохироогүй бол үнэхээр хэцүү. Мөн хийсэн бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргах гэдэг бас нэлээд асуудалтай байдаг.  Юмыг хийж болно. Харин зах зээл дээр гаргана гэдэг бэрхшээлтэй байдаг. Хамгийн чухал ажил бол эхлээд хөдөлмөрт бэлтгэх үйл ажиллагаа юм.  Яагаад гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг шууд зах зээл дээр гаргана гэдэг бол өрөөсгөл ойлголт. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй энгийн хүнийг ч бас эхлээд заавал бэлтгэж байж дараа нь хөдөлмөрийн зах зээл дээр гаргах ёстой. 

-Таны бэлтгэж байгаа хүмүүсээс хэчнээн нь хөл дээрээ бат зогсож чадсан бэ?

-Энэ ч ёстой одоо хүн гуйхааргүй боллоо доо гэж бодож байгаа найман хүн байна. Энэ найман хүнийг би зах зээлд бүрэн хөл тавиулж чадсан. Үүнтэй зэрэгцээд 30-40 хүнийг давхар ажлын байраар хангаж байгаа юм. Үүнийгээ би бас нийгэмд оруулж байгаа миний хувь нэмэр юмуу гэж боддог.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ажил хөдөлмөр эрхэлж зах зээлд ороход хамгийн хүндрэлтэй хүмүүс нь ямар хүмүүс байдаг вэ?

-Бүх хүмүүс хүндрэлтэй. Гэхдээ бэрхшээлийн онцлог гэж байгаа. Жишээлбэл хараагүй хүн юм оёж чадахгүй ч харин ой тогтоолт нь сайн хөгжсөн байдаг. Гэтэл хөл муутай хүн бол удаан сууж чаддаг, тэвчээртэй байна. Энгийн хүмүүс шиг ажлын байраа хаяаад орж гарч гүйгээд байхгүй. Сонсголын бэрхшээлтэй хүн гэхэд дуу чимээтэй газар ажиллахад энгийн хүмүүс шиг сонсголд нь нөлөөлнө, дуу чимээнээс ядрана гэж байхгүй.  Мөн нууц задруулахгүй. Мэдээллийн хязгаарлагдмал байдлаасаа болоод хэн нэгэнд итгэсэн бол маш үнэнч зан чанартай байдаг гэхчлэн бэрхшээлтэйн хажуугаар бүгдэд нь давуу тал байдаг. Энэ онцлог давуу талуудыг нь зөв ашиглахад болно. Тэрнээс энэ нь хэцүү тэр нь амархан гэх зүйл байхгүй. Ер нь эрүүл ч бай хөгжлийн бэрхшээлтэй ч бай хүн бүхэнд бурхан ижилхэн баялаг хуваарилсан байдаг. Түүнийгээ яаж олж авах нь тухайн хүний л чадамж. Эрүүл саруул ч гэсэн өөрт оногдсон энэ баялагаа олж авч чадаагүй хүмүүс зөндөө байдаг. Тэгэхлээр хөгжлийн бэрхшээлтэй гэхээр тусгай хүн гэсэн ойлголт биш. Зүгээр тусгай хэрэгцээ шаарддаг.  Түүнийг л нийгэм хүлээн зөвшөөрөөд боломжийг нь бий болгох хэрэгтэй.

-Номын сан байгуулсан гэж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хараагүй хүмүүст зориулсан номын олдоц хэр байдаг вэ?

-Манайд бариал номын үйлдвэр байдаг. Үйлдвэрийн хүчин чадал бол сайн. Сая манайд 400 гаруй бариал ном хэвлэж нийлүүлсэн. Тэгэхдээ өртөг их өндөртэй бүтдэг ном байгаа юм. Эдгээр номыг БШУЯ-ны "Ном" хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн санхүүжилтээр худалдан авсан. Бид цаашдаа номын сангаа баяжуулахад бас дэмжлэг хэрэгтэй л болох байх. 

Одоогоор манайд 5000 орчим ном цуглараад байна. Энд энгийн номноос гадна тусгай хэрэгцээнд зориулсан бариал ном, сонсдог ном болон мултимедиа номын тасагтай. Номын фонд маань хуучны олон сайхан уран зохиолын номноос эхлээд, үндсэн үйл ажиллагаанд минь хэрэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан гарын авлага, ном товхимлуудаас бүрдэж байгаа. Мөн худалдан авахаас гадна хүмүүс ихээр хандивлаж тусалсан. Үүнд НДЕГ, Монголын санхүүгийн групп, Монголын бизнес инкубатор төв зэрэг байгууллагууд ном хандивлах аян зохион байгуулж маш олон номыг бэлэглэсэн байгаа. 

Манай бизнес инкубатор төв дээр олон залуус ирдэг. Тэд ирээд зарим нэг хүнтэй уулзаж, сургалттай үед сургалтанд хамрагдаад явдаг. Мөн миний мэдэхээр хөгжлийн бэрхшээлтэй 150 гаруй оюутан байдаг. Эдгээр оюутанд гэхэд очоод үйлчлүүлэх номын сан тэр бүр байдаггүй. Тэгэхээр манайхыг зорьж ирсэн залуусаа зүгээр нэг явуулчихгүй мэдлэгт нь тус болж, чөлөөт цагийг нь зөв өнгөрөөх, нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх гэсэн хэд хэдэн хүслээс үүдэн энэхүү номын санг байгуулахаар болсон. Мөн үүн дээрээ түшиглээд бичиг үсэггүй иргэддээ сургалт явуулна. 

-Номын сангаар үйлчлүүлэхэд ямар төлбөртэй байх вэ. Тэр бүр ирж үйлчлүүлэхэд байрлал нь жаахан хол юм?

-Бид төлбөргүй биш төлбөртэй байна. Гэхдээ номоор төлбөрөө авах юм. Жишээ нь эндээс арван ном авч яваад, уншаад ирэхдээ 11 ном эргүүлж өгнө. Мөн бүтэн сар үйлчлүүлээд хоёр ном төлбөрт нь авна гэх мэтчилэн номоор төлбөрөө хийх юм. Хэрэгцээ байгаа учраас хүмүүс зорьж ирнэ. Гэхдээ бид бас энэ талаар бодож үзээд гэрийн үйлчилгээгээр номоо түгээнэ. Ганц би өөрөө энэ бүхнийг хийж амжихгүй тэгэхлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг ТББ-ууд олон байдаг. Энэ үйлчилгээгээр дамжуулан номоо багцаар нь хүргэж өгч, авах боломжтой юм.

-Цаашдаа ийм юм хийх юмсан гэж бодож явдаг зүйл юу вэ?

-Байлгүй яахав. Жишээ нь энд арьс ширний олон жижиг үйлдвэрүүд байдаг. Тэнд ажил маш их байна. Тэгээд хараад байхад туслан гүйцэтгэгч гэдэг юм их хэрэгтэй санагдсан. Тийм учраас би хүмүүсээ цуглуулаад туслан гүйцэтгэх бригад байгуулаад манай хүмүүсийн хийж чадах ажлуудыг хийлгэе гэж бодлоо. Тэгэхдээ яг уулзаж гэрээ хэлцэл хийгээгүй л байна. Жилийн дараа гэхэд энэ бодол минь биелчих байх аа.

-Ярилцсанд баярлалаа.