m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.11 10:16
163
Цуврал-31 Мууг дагавал могойн хорлол гэгчээр...

Цагдаагийн үе үеийн ажилтнууд гэмтнийг илрүүлэхийн төлөө нойр хоолоо умартан зүтгэсний ачаар маш богино хугацаанд гэмт хэргийг илрүүлж байсан жишээ олон. Түүний нэг нь 1960-аад оны үед ажиллаж байсан Хорлоо хэмээн мөрдөн байцаагчийн илрүүлсэн хэргийг сонирхуулъя.

Цас хаялан хүйтний эрч чангарсан тэр нэгэн өдөр Далхаа хотын нэгэн гуанзанд хоол идэхээр ортол Зоргол хайрханы уурхайд хамт ажиллаж байсан Бужгар хочит Дорлиг таарав. Мэнд усаа мэдэн саймширан суух Дорлиг “Дүү хүү ажлаасаа ирсэн юм байгаа биз. Хөдөөний хүн мөнгөтэй биз дээ. Ах даа архи авч өгнө байгаа” хэмээн ятгав. Эхнэр нь өөр хүнтэй нөхцөөд хотод байгаа гэсэн сургаар ирсэн Далхаад сэтгэлээ онгойлгох сэжүүр мэт санагдан даруй архи авч ууцгаав. Гуанз хаах болсон тул гарч Комбинатын дэлгүүрээс дахин архи авч хаана уухаа ярилцан алхав. Дорлиг эхнэрийг нь өөр хүнийх болсон, эмс өөдгүй хүмүүс, чи түүнийг таарсан газраа алж орхи хэмээн харааж зүхнэ. Архиндаа мансуурч, түүний хэлсэн үг бүхэн зүрхийг нь урах шиг болж байв. Ийн алхаж хаана очихоо ярилцан явах зуур Дорлигтой хамт явсан Амар гэгч гэнэт Далхаа руу дайрав.

“Чи яасан их мөнгөтэй нөхөр вэ, алив өг” гээд хэтэвчийг нь булаах гэв. Далхаа эхнэртэйгээ нөхцсөн хүнийг хутгална хэмээн гэрээсээ гарахдаа түрийндээ хийсэн хутгаа гэнэт санав. Мөнгөө өгөхгүй гэж ноцолдох зуураа хутгаа гарган Амарын цээжин тус газар нь дүрж орхив. Дорлиг салгах гэж оролдов. Газар хэвтэх Амарыг харан зогсох  Дорлигтт хутгалсан гэж хэлэхэд “Хутгаа хая, одоохон зугтаа” гэлээ. Ингээд Далхаа тэр шөнийг арай ядан өнгөрөөгөөд маргааш эрхтэн уурхай руугаа явлаа. Үйлдсэн хэргээ мартахыг хичээв ч зүрх нь амаар нь гарах гэж буй мэт санагдан сэтгэл нь үймрээд үнэхээр хэцүү байв.

Гэмт хэрэг гарсан талар Ажилчны раойны /Одоогийн Хан-Уул дүүрэг/ цагдаад мэдээлэл ирлээ. Хорлоо хэсэг нөхдийн хамт хэргийн газар очтол 40 орчим насны нэгэн эр доошоо харан унасан харагдав. Хажууд нь малгай нь унажээ. Хэрэгт дуртай хүмүүс харанхуйг үл тоон үзлэг хийлгэхгүй элдэв зүйл шалгааж, бас хэргийн ул мөрийг баллах янзтай байв. Тиймээс хэргийн газрын орчмыг хамгалалтанд авч үзлэгээ өглөө эрт хийхээр болов. Үүр цаймагц ажлаа эхлүүллээ. Тоног төхөөрөмжөө ашиглан хэргийн газрын бүх үзлэгийг хийлээ. Талийгаач их хэмжээний цус алдсанаас амиа алдсан байна гэх дүгнэлт гарлаа. Мэс хайх эрлийн ажил эхлээд удаагүй байтал хэргийн газрын ойролцоох хогийн савнаас цустай хутга олдсон нь гэмт хэргийн том баримт болов. Хорлоо шуурхай хурал хийж цагдаагийн ажилтнуудыг тэр хавийн хүмүүстэй уулзан мэдээлэл цуглуулах үүрэг өглөө.

Цагдаагийн нэг байцаагчийн мэдээлэл хамгийн содон, сэжүүр болгож болохоор санагдан дахин яриулав. Хэргийн газрын ойролцоох дэлгүүрээс гурван залуу архи авсан гэнэ. Тэдний нэг нь их согтуу байсан гэдгийг гэрч хэлэв. Хорлоо гэмт хэргийн сэжүүрийг хэрхэн хөөхөө сайн мэдэх тул гэрчийн мэдүүлсэн Дорлиг, Далхаа нарын тухай баримтыг шуурхай цуглуулав. Дорлигийн гэрийн хаягаар очтол юу ч болсон шинжгүй угтах Дорлиг хэргийн талаар үг унагасангүй. Далхааг эхэндээ танина гэж ярьсан ч сүүлдээ мэдэхгүй, харагүй гэх мэтчилэн зөрүүтэй мэдүүлэг өгөх болов. Хорлоо Зоргол хайрханы уурхайд ажиллаж буй Далхаа руу яаравчлан очлоо. Дарга нь Дорлиг, Далхаа нарыг сайн танина гэж хэлээд дор бүрнийх нь зан байдлын тодорхойлолтыг гарган өгөв. Дорлиг архинд дуртай, хариуцлагагүй, олныг буруу зүйлд уруу татдаг учир ажлаасаа халагджээ. Харин Далхаа үг дуу цөөнтэй, ажилч хичээнгүй, эхэлсэн зүйлээ дуусгадаг гэх мэт олон сайн чанартай нэгэн аж. Уурхайн дарга эхнэрийнх нь талаар мөрдөгчид хэлээд түүнийг авчрахаар явсан ч удалгүй хотоос ирсэн гэв. Далхааг шууд саатуулах ёстой гэсэн бодол Хорлоод төрөв.

Ажлаа тараад өрөөндөө байхад нь түүнийг саатууллаа. Гарыг нь гавлан нийслэл рүү авч явна гэхэд учиргүй уйлав. Машинд суулган замд явах зуураа чамайг ямар хэрэгт татаж байгааг мэдэж байна уу хэмээн эрс шийдэмгий асуухад Далхаа хэсэг уйлаад хэргээ хүлээв. Амарыг хөнөөгөөд хутгаа хаана хаяснаа ч зааж өгсөн нь яв цав нийлжээ. Хэдийгээр Дорлиг гэмт хэрэг үйлдэхэд голлох үүрэгтэй, хутгалуулсан хүнд анхан шатны тусламж үзүүлэлгүй орхих санааг гаргасан ч хэргийг үйлдэгч нь Далхаа учир ялаа эдэлжээ. Буруу замаар будаа тээж, мууг даган могойн хорлол болсон Далхаагийн хэргийг таван өдрийн дотор илрүүлсэн гэдэг.