m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.13 10:38
560
Цуцашгүй цээл хоолойт АЖ А.Долгор Зоотехникч болох шахжээ

Урлаг бол хайр найргүй хатуу талбар, мөнхийн өрсөлдөөн оршин байдаг орон зай гэж нэгэн хүн хэлсэн байдаг. Тэр дундаа дэлхийн сонгодгуудыг тайзнаа амилуулж, хоолойнхоо гайхамшгаар үзэгчдээ бишрүүлж, сайхан бүсгүйчүүдийн тоог өнгөлсөөр яваа АЖ А.Долгорыг энэ удаагийнхаа “Амжилтын түлхүүр” буландаа онцолж байна.

Зоотехникч болох нь түүний хувь тавилан огт биш гэдгийг ойлгож, гаргасан шийдвэртээ эргэлзэж эхлэв.

Хүний хувь тавиланг өөрчилж болшгүй, төрсөн төөрөг зурсан зургаараа явдаг гэлтэй. Багаасаа л дуучин болохыг мөрөөдөж байсан ч зоотехникчийн мэргэжил эзэмшсэн АЖ А.Долгорыг хэн ч өнөө цагийн алдартай дуурийн дуучин болно чинээ санаагүй биз ээ. “Аргалд явсан ижий”-г сэтгэл гэгэлзтэл уянгалуулж өр зөөлөн бүсгүйчүүд байтугай бахим чийрэг эрчүүдийг ч уяраадаг дуучин бүсгүй 1955 оны долдугаар сарын нэгний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд мэндэлжээ.

Эцэг эхээсээ тавуулаа. Зулай зулайгаа гишгэж төрсөн хоёр эгч, хоёр эрэгтэй дүүтэй айлын дунд охин. Түүний бага нас эгч дүү нартайгаа бужигналдаж, мал маллаж өнгөрчээ.

Хөдөөний боргошуу амьдралыг туулсан болоод ч тэр үү, А.Долгор нэлээд хөдөлмөрч, ажилсаг талдаа. Хонины бэлчээрт дуулах нь бага насных нь хобби байсан гэдэг. Түүний цээл сайхан хоолой удам дамжсан өв гэлтэй.

Аав, ээж, эмээ, өвөө гээд удамд нь дуулж хуурддаггүй хүн тун ховор.

Айлын найр хуриманд уригдаж өвөө нь хуурдаж, эмээ нь уртын дуу дуулдаг байжээ. А.Долгорын багад аймгийнх нь Сэргэлэн сумын клуб буюу одоогийнхоор Соёлын төв ордонд нь алдартай том жүжгүүдийг тавьдаг байж. Тэр үед АЖ-ийн ээж “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрийг тун чадварлаг  дуулдаг байсан гэх.

Урлагийн сургуульд сурч дуучин болох юмсан гэсэн хүсэл бяцхан охины мөрөөдөл болж зүрхэнд нь оч харвуулжээ. Хөдөөний жаахан охинд сургуульд сурч, сурагч болно гэдэг хамгийн сайхан гайхамшигтай зүйл мэт санагдана. Тухайн үед найман настай хүүхдийг сургуульд авдаг байсан ч тэрээр ээжээсээ гуйсаар байгаад эрдмийн өргөөний алтан босгыг алхаж байсан түүхтэй. Долоон настай охиноо сургуульд оруулахаар төлөвлөөгүй, хичээлийнх нь бэлтгэлийг базаагаагүй байсан учраас эгч нарынх нь хэдэн дэвтрийг марлинд ороогоод хүргэж өгч байсныг Долгор хэзээ ч үл мартана.

Хичээлийнх нь бэлтгэлийг базаагаагүй байсан учраас эгч нарынх нь хэдэн дэвтрийг марлинд ороогоод хүргэж өгч байсныг Долгор хэзээ ч үл мартана.

Сургуулиа ч төгсөж, дуучин болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж байсан ч тэс өөр чиглэлийг сонгосон нь хачирхалтай.

Ингээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумд 15  настайдаа анх элсэн оржээ. Гэрээсээ хол явж үзээгүй, түүнд үеийн олон залуустай хөл нийлүүлж эрдэм номын мөр хөөж, намрын ургац хураалтад явах нь таалагдаж байлаа. Гэсэн ч гурван жилийн дараа зоотехникч болоход энэ нь түүний хувь тавилан огтоос биш мэт санагдаж, гаргасан шийдвэртээ эргэлзэж эхлэв. Соц нийгмийн үед хатуу чанга байсан учраас сургууль төгссөн л бол заавал мэргэжлээрээ ажилла гэсэн тушаалтай. Тиймээс ч А.Долгор тухайн үед оюутан бүрт өгдөг тэтгэмжийг авчхаад л нутаг буцжээ. Тэрээр үүнийгээ “бултчихсан” гэж нэрлэдэг юм билээ.

Ингээд төрсөн нутаг усандаа очоод аймгийнхаа соёлын ордонд жүжигчнээр оров. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж жүжигчин болохын тулд ХААЯ-ны зөвшөөрлийг авах гэж нэлээд зүдэрсэн гэдэг. Орон нутгийн театрт н.Чимид найруулагчийн дор ажиллахдаа дуурийн анхны мэдэгдэхүүнийг авсан юм билээ. Тиймээс цаашид өөрийгөө хөгжүүлж улам боловсронгуй болж, мэргэжлийн сургуульд суралцахаар нийслэлийг зорив. Оросын мэргэжилтэн багш Шевелёва А.Долгорыг урлагийн тэр дундаа дуурийн дуучин болох авьяастайг нь олж харсан учраас ЗХУ руу явж суралц гэж байнга хэлдэг байлаа. Харин А.Долгорын хувьд багынхаа мөрөөдлийг биелүүлэх гэж ХБД сургуульд сурч байгаа нь хангалттай мэт санагддаг байж. Ингээд 1976 онд ЗХУ-ын Свердловск хотын Хөгжмийн дээд сургуульд сурахаар харь нутгийн дээсийг алхсан нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн гэж хэлж болно. Найман жилийг Орост өнгөрүүлэхдээ урлагийн хүн болохын тулд мэргэжлийн багш нараар заалгаж, гадаадад сурах нь өөр байдгийг мэдэрчээ.

Ганцхан алдаа гаргаж хазгай гишгэхэд л хамаг нэр хүнд оргүй болдог

Будаг нь ханхалсан шинэхэн боловсон хүчин 1984 онд эх орондоо ирж ДБЭТ-т хуваарилагдсанаас хойш даруй 30 жил өнгөрчээ.

Энэ хугацаанд “Кармен” дуурийн Кармен, “Риголетто” дуурийн Мадоленна, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Үүлэн заяа” дуурийн Цурхай зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурийн гол болоод туслах дүрийг дуулах, жүжиглэхийг хослуулан мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн юм. Тэрээр төрийн хүндэтгэлийн болон ойн концертод 600 гаруй удаа гоцлол дуучнаар оролцож байв. Түүний нөр их хөдөлмөрийг үнэлж 1993 онд МУГЖ, 2005 онд АЖ цол тэмдгээр мялаасан билээ. АЖ А.Долгор эдүгээ хүртэл амьдралынхаа 30 аад жилийн урлагт зориулахдаа өнгөрсөн хугацаанд 20 гаруй тоглолт хийсэн. Тухайлбал АЖ цол хүртсэнийхээ дараа “Ард түмэндээ баярлалаа” нэртэй тоглолтоо таван том оркестрийн бүрэлдэхүүнтэйгээр хүргэж байсныг дурдаж болохоор байна.

Дуурийн дуучин А.Долгорыг хамт олон нь Доогоо гэж авгайлна. Доогоо “Олны танил байх заримдаа их зовлонтой шүү. Гол нь хүмүүсийн хайр хүндэтгэлийг л дааж явах хэрэгтэй. Ганцхан алдаа гаргаж, хазгай гишгэхэд л тэр нэр хүнд оргүй болдог. Би өөрийгөө аль болох сэтгэлийн зовлонгүй байлгахыг хичээдэг” гэж “од” байхын жаргал, зовлонг хуучилсан удаатай.

Би өөрийгөө аль болох сэтгэлийн зовлонгүй байлгахыг хичээдэг” гэж “од” байхын жаргал, зовлонг хуучилсан удаатай.

“Аргалд явсан ээж”, “Эр хүн”, “Зүүдний хайртай нутаг”, “Аав ээж хоёр”, “Бодлын цагаан хун” зэрэг түүний дуулсан сайхан дуунууд одоо хэр нь үнэ цэнээ алдаагүй. Анх 1991 онд “Морин хуур” наадамд яруу найрагч Б.Амгалан гуайн үгийг нь бичсэн “Бодлын цагаан хун” дуугаараа тэргүүн байр эзэлж, А.Долгор гэх дуучин ард түмний хайртай дуучин болж байсан билээ.

Цуцашгүй цээл хоолойтой АЖ А.Долгор цаашид ч олон олон жил үзэгч түмнийхээ сонорыг мялаах  биз ээ.