m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.16 23:42
518
XIV Далай лам Данзанжамц: Багшийнхаа хатуу мутар, ташуурын дор айсхийн сууж номоо үздэг байлаа

Энэтхэгийн Дарамсала хотноо болсон “Монгол сүнчой 2014” номын айлдварын үеэр Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц Монголын сэтгүүлчдийг хүлээн авч уулзан, илэн далангүй ярилцлага өгсөн юм. Энэхүү ярилцлагыг түвд хэлнээс бүрэн эхээр нь хөрвүүлж өгсөн Халх мицангийн лам Бурдууд Түвдэнцэрэнд талархаж буйгаа уншигчдынхаа өмнөөс илэрхийлье.

MҮОНТВ: Ламын гэгээн VIII дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтний анхлан айлтгаснаар бид гурав дахь жилдээ бурхны орон Дарамсалад ирж, багш таны номын айлдварыг сонсож байна. Та энэ жилийн айлдварын онцлогийг хэлээч. Бас яагаад энэ жилээс Ламрин Чэнбо буюу “Их бодь мөрийн зэрэг” монголчуудад айлдахаар болов. Энэ нь монголчуудад ямар ач тустайг тухайлан хэлж өгнө үү?

-Ламын гэгээн тэргүүтэй хутагт хувилгаадын санаачлагаар монголчуудад зориулсан сүнчой зохион байгуулах болсон. Бид ноднин ярилцаад энэ жилээс эхлэн “Их бодь мөрийн зэрэг”-гийг эхэлье гэж шийдсэн юм. “Их бодь мөрийн зэрэг” нь ерөнхий бурхны зарлиг буюу Ганжуур, Данжуурын 300 гаруй ботийн ерөнхий гол утга санааг мөрийн хоёр зэрэгт хураан тайлбарлаж, хүний нэг насанд анхаарах авлагыг эрэмбэ дараатай цогц сургааль болгож бүтээсэн номлол юм. Үүнтэй адил ном бүтээл олон байдаг. Гэхдээ Түвдийн бурхан шашны дөрвөн урсгал бүгдээрээ Жовуужи Балдан адьшаагийн “Мөрийн зул”-аас номлолын эхээ авснаараа адилхан. Шинэ Гаадамбын ёс буюу шарын шашныг үндэслэгч Богд Зонхова бээр ч мөн “Мөрийн зул”-аас эхээ авч, цэгцлэн үлэмж үзэл, хоосон чанарын тухай илүү дэлгэрэнгүй тодорхой гаргаж тавьснаараа “Их бодь мөрийн зэрэг” нь бусдаас онцлог юм. Ийм учраас “Их бодь мөрийн зэрэг”-ийг эхлэхээр шийдсэн юм. Хэрвээ цаг зав маань болвол дараа жилээс сүнчойг 7-10 хоногоор зохион байгуулах санаа байна.

МҮОНТВ: Тантай ярилцсан нэвтрүүлэг маань Үндэсний телевизээр цагаан сарын шинийн 1-ний өглөө манай үзэгчдэд хүрнэ. Та Монголын үзэгчдэд ерөөлөө хайрлана уу?

-Цагаан сар гэдэг нь сарны зурхайгаар сарны арвидах, хорогдох шинжээр зохиосон цаг тооны шинжлэл юм. Монгол, түвдүүд энэ үеэр засал ерөөл ихээр үйлддэг. Ялангуяа энэ мөчлөгийг Балданлхам сахиус залрах үе гэж онцлон үздэг. Тиймээс энэ үеэр Лхам сахиусыг шүтдэг хүн бүр хийд дацанд очиж, жилээ даатгадаг. Түүн дотроос хамгийн болгоогч Гэндэнжамцын гэгээний намтарт Лхам сахиусны цэдэр өргөх тухай машид чухалчилж байсан нь харагддаг. Ер нь нийт бурхны шашинтнууд цагаан сарыг бэлгэшээн чухал баярт тооцдог. Ялангуяа хүүхдүүд сар шинийг хүсэн хүлээдэг шүү дээ. Би ч гэсэн багадаа маргааш шинийн 1 гэж бодохоор маш их догдлон хүлээдэг байсан. Учир нь энэ өдөр ээжтэйгээ уулзаж, ах дүү нартайгаа цагаан сараа тэмдэглэдэг байсан. Та нар ч гэсэн багадаа цагаан сараар амттан идэж, бэлэг сэлт авдаг байсан болохоор энэ баярт дуртай байсан байлгүй. Ингээд эрний хуурмаггүй сүжиг тангаргаар түүхэн холбоотой Их Монголын нийт ард түмэн, өтгөс буурлууддаа ирж буй сар шинийн мэндийг дэвшүүлье. Дашрамд дурдахад мэнд дэвшүүлэгч өвгөн гэлэн бивээр өдгөө 80 насыг зооглож байна. Үүнийгээ айлдахын ялдамд энэхүү 80 жилийн туршлагаасаа харахад аливаад сайхан сэтгэлээр, үнэнч шударгаар явсан нь амьдралыг минь утга учиртай болгосон юм шүү. Зөв сэтгэлтэй явахын ашиг тусыг нь өөрийн биеэр мэдэрсэн учраас үүнийг хэллээ. Иймээс номын нөхөд та бүхэндээ, ялангуяа залууст хандаж хэлэхэд сар шинийн эхээр амьдралаа шинээр харж, бусдын тусыг хичээж, аливаа зүйлд чин шударгаар хандаж, ил далд нэгэн занг төлөвшүүлж чадвал одоо ч тэр, өтөлсөн хойноо ч тэр өөрөө амгалан, өөр бусдад аз жаргалтай байж, хүмүүний амьдралыг утга төгөлдөр өнгөрөөх юм. Та бүхэндээ сар шинийн мэндийг уламжлахын ялдамд үүнийг хэлэхийг хүссэн юм.

Шинэ Гаадамбын ёс буюу шарын шашныг үндэслэгч Богд Зонхова бээр ч мөн “Мөрийн зул”-аас эхээ авч, цэгцлэн үлэмж үзэл, хоосон чанарын тухай илүү дэлгэрэнгүй тодорхой гаргаж тавьснаараа “Их бодь мөрийн зэрэг” нь бусдаас онцлог юм. Ийм учраас “Их бодь мөрийн зэрэг”-ийг эхлэхээр шийдсэн юм. Хэрвээ цаг зав маань болвол дараа жилээс сүнчойг 7-10 хоногоор зохион байгуулах санаа байна

ETV HD телевиз: Орчин үед хүмүүс адгууслаг болж, энгийн номхон ард иргэд сонсоход ч аймаар хэргүүдийн золиос болсон тохиолдол цөөнгүй. Үнэхээр үйлийн үр гэж байгаад урд насанд хийсэн үйлийн үр боловсорч, ийм зовлон бэрхшээл тулгардаг хэрэг үү. Тэгвэл орчин цагт бид хайртай хүмүүсээ яаж гэнэтийн аюул ослоос хамгаалж чадах вэ?

-Тийм ээ, өнөөдөр ганцхан Монгол биш дэлхийн олон оронд уур хилэн, шунал тачаалаас болж өөрийгөө болон өрөөлийг зовлонд унагаж байна. Эдийн засгийн өндөр хөгжилтэй Европын орнуудын хувьд эд хөрөнгийн сонирхол, түүнд шунах атаа жөтөөнөөс урган гарах уур хилэн, үймээн самуун, дайн дажин, амиа хорлолт даамжирч байна. Жишээ нь Японыг авч үзье. Өндөр хөгжилтэй энэ оронд хүмүүс амиа хорлох нь элбэг тохиолддог. Мөн Өмнөд Солонгос ч энэ үзүүлэлтээр дээгүүр бичигддэг орнуудын нэг. Эдийн засгийн өндөр хөгжил, эд хөрөнгөнд хэт анхаарснаас болж дотор сэтгэлийн амар амгаланг орхигдуулан сэтгэлийн хор болсон нисванисын эрхэнд бүрэн орж, зовлонгийн шалтгаанууд ар араасаа ундарсаар, үүндээ бухимдан уурлаж зовдог жамтай. Энэхүү зовлонгийн буглаа үндэс болсон уур, шунал, мунхаг гурвын үйлийн үрийг эд хөрөнгөөр, эдийн засгийн хөгжлөөр, анагаах ухааны шинэ ололт амжилтаар ч арилгаж чадахгүй ээ. Ганцхан сэтгэлийг номхотгох аргаар арилгадаг.

Монголчуудын эцэг өвгөдийн үеэс шүтэж ирсэн бурхны шашин, бурхны ном нь өөрөө сэтгэлийн амгаланг сарниулагч хор болсон нисванисыг гол дайсанд үзэж, түүний хорыг тайлах ерөндөгийг номлодог. Бурханд залбирахдаа нисванисыг минь арилгаж хайрла гэх бус, муу сэтгэлийн эсрэг зөв сэтгэлийг үүсгэхийг гол нь номлодог. Хойд, урд нас байгаа гэдэгт итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай энэ насаа аз жаргалтай, бусдад тустай өнгөрөөхөд энэхүү нисванис хор болж байгаа гэдгийг ойлгож түүнтэй тэмцэх нь чухал юм. Миний хувьд дэлхийн олон оронд явж байхдаа ямар ч шашинтанд нисванисын ерөндөг болох үзэл санааг ярьж явдаг юм.

TV8 телевиз: Та Монголд айлчлах үеэрээ Дүйнхорын ванг дутуу тавиад орхисон. Тэгвэл хэзээ энэхүү номоо гүйцээж тавих төлөвлөгөөтэй байна вэ?

-Би Монголд хоёр дахиа бил үү, гурав дахиа айлчлах үеэрээ Дүйнхорын ван тавьсан. Тэгэхдээ зориуд гүйцээлгүй дутуу тавьсан юм. Учир нь танай халх Богдоор түүнийг гүйцээж айлдуулах сонирхолтой байсан. Харамсалтай IX Богд амжихгүй байсаар таалал барлаа. Одоо тэгэхээр би өөрөө л дутуугаа гүйцээж таарах нь.

“Лавайн эгшиг” радио: Та айлдварынхаа үеэр Ондогжан, Ум Зава Ширав номыг энгийн үг хэллэгээр орчуулж, сүсэгтэн олон монголчууддаа хүргээрэй гэж захисан. Дараа дараагийн сүнчойгоор эдгээр номуудыг хөтлөх боломжтой юу. “Их бодь мөрийн зэрэг”-ийн дараа өөр ямар номын хурыг монголчууд бидэнд буулгах вэ?

-Монголчууд эртнээс Түвдийн ард түмэнтэй салшгүй холбоотой бөгөөд бусад улс гүрнүүдээс ялгарах арвин номын барилдлагатай. Нэн ялангуяа III Далай лам Содномжамцын (1543-1588) үед Монголын их хаад тэргүүлэн багш шавийн барилдлага тогтоосон байдаг юм. Мөн миний урд дүрийн XIII Далай лам Түвдэнжамц (1895-1933) Английн цэрэг Түвдэд цөмрөн орсон холбоотой дүрвэн гарахдаа монголчуудаа л зорьсон байдаг. Тэрбээр Ар Монголд ажран саатах үедээ таалал нь машид их хангалуун, дотно сайхан байсан бололтой байдаг. Яг хэдий хэр хугацаагаар танайд байсныг сайн мэдэхгүй юм. Юутай ч монголчуудад ээнэгшин дасч монгол хэлийг ойлгодог, ойр зуур ярьдаг болсон байсан гэдэг. Эргээд Түвдийн нийслэл Лхаст ирчихсэн хойноо хүртэл монгол, дээл хувцсанд илүү таалалтай байсан гэдэг. Уг нь хувраг гэлэн хүний хувьд байнга номын хувцас өмсөх учиртай ч орд өргөөндөө ажран суухдаа монгол дээлнээс салахаа больсон гэдэг (инээв). Ингээд бодохоор Дээрхийн гэгээнтний удаа дараагийн дүрүүд Монголын ард түмэнтэй салшгүй холбоотой, онцгой барилдлагатай байсан харагддаг. Энэ дүр нь болох миний хувьд ч гэсэн Их Монголын орон, нийт ард түмэн хийгээд бурхны шашны төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийхийг эрмэлзэж, бага атугай тус хүргэж чадвал түүндээ чин сэтгэлээсээ баясан бахархаж явдаг юм шүү.

Би Монголд хоёр дахиа бил үү, гурав дахиа айлчлах үеэрээ Дүйнхорын ван тавьсан. Тэгэхдээ зориуд гүйцээлгүй дутуу тавьсан юм. Учир нь танай халх Богдоор түүнийг гүйцээж айлдуулах сонирхолтой байсан

Мөн нийт бурхны шашинтан та бүхэнд хандаж үргэлж хэлдэг зүйл бол өнөөгийн бурхны шашинтан байна гэдэг XXI зууны буддист байх явдал юм. XXI зууны буддист гэдгийг зөвхөн уншлага хийчихдэг, маань мэгзэм тоолж, эргэл мөргөл үйлдэж, элдэв засал гүрэм хийлгэдэг төдийгөөр дүгнэхгүй ээ. Яахав ингэх нь зөв зүйтэй, буянтай хэрэгтэй ч ингэснээрээ буддист болчихож байгаа юм биш. Өнөөгийн буддист хүн бурхны номлолын суурь, мөр, үрийг үзэл баримтлал, замнал мөр, үүгээр эцэст нь хүрэх үр дүнг сайтар судалж мэдсэний үндсэн дээр утга учиртай, чин сүжгээр шүтэж, амьдралдаа хэрэгжүүлэгч байх нь чухал. Монголчуудын хувьд бурхны номоо сонирхдог болсон байна. Миний зүгээс ч аль чадахаараа дээдийн номыг дамжуулахыг хичээнэ. Авшиг, ван лүнгийн адис жанлав байлгүй л яахав. Гэхдээ би аливаа номын гүн утгын зангилааг тайлж өгөхөд түлхүү анхаардаг. Тиймээс “Их бодь мөрийн зэрэг”-ийн хөтөлбөрөө гүйцээчихээд цаг зав, гол нь та бүхний хүсэл зорилго байх аваас “Илт онохуйн чимэг”, “Жонжүг бодьсадвын явдал” зэрэг өөр номыг хөтлөн тайлбарлах санаа бий.

“Монголын хутагт хувилгаад” сан: Ямар хүнийг хутагт хувилгаан гэдэг вэ. Хутагт хувилгааныг хүндэтгэх дэг жаягийг Монголын ард түмэнд тайлбарлаж өгнө үү. Манай хутагт хувилгаадад юу захих вэ. Тэд Монголын ард түмний төлөө юу хийх ёстой вэ?

-Энэтхэг хутагтын энэ орноо Бурхан багшаас хойш шашныг нь залгамлан хүлээж авсан архдуудын хувьд хойд дүрийн тухай яриа, түүх байдаггүй. Шашныг тодруулагч ертөнцийн хоёр дээд хэмээн алдаршсан хутагт Нагаржунай тэргүүтний хувилгаан хойд дүр ч гэж сонсогддоггүй. Харин хойд дүрийг олж тодруулж, хувилгаан хэмээх нэр томъёог оноож хүндлэн залах уламжлал Түвдэд л анх үүсчээ. Азийн бусад бурхны шашинт орнуудад ийм уламжлал байсан нь юу л бол. Лав л Энэтхэгээс сонсогдоогүй юм даг. Яахав түүхэнд тэр хутагт дараа нь тэнд төрсөн гэх мэт дарааллыг дурддаг ч түүнийг яг тэр гэгээнтний тэд дэх дүр гэж тодруулан залж байгаагүй юм билээ. Харин Түвдэд энэ ёс гарсан шалтгаан нь олон янз. Жишээ нь анх Гармаава гэгээний анхдугаар дүр жанч халахынхаа өмнө эргэж дахин төрөх тухай гэрээс лүндэн үлдээж, түүндээ төрөх нутаг, мэндлэх айл, бүр эцэг эхийнхээ нэрийг хүртэл тодорхой айлдсан бөгөөд тэр ёсоор хоёрдугаар дүрийг нь олж, сэнтийд залсан гэдэг. Мөн Далай лам анхдугаар дүр хамгийг айлдагч хэмээх Гэндүндүв гэгээнийг таалал хураасны хойно нэгэн балчир хүүхэд олдож, тэр нь биш гэхийн аргагүй нарийн нууц явдал, ёс бүхнийг нь мэдэж байснаар танигдаж, II Далай лам Гэндэнжамц (1475-1541) хэмээн тодорсон байдаг. Ингээд харахад том хутагт хувилгаад дараа төрөлдөө дахин тодорч, урд дүрийнхээ намтрыг үргэлжлүүлэн дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж чаддаг байсан байх юм. Энэ маягаар хутагт хувилгаан хэмээх нэгэн том сэдэв цаст Түвдийн орноо урган цэцэглэж улам олширчээ (инээв).

Харин урд дүрийн гэгээн нь эрдэм төгс арвин дээдэс байлаа ч хойд дүр гэгдэн тодорсон хувилгаан нь түүний нэрийг баасдаж орхисон явдал нэг бус гарсан нь харамсалтай. Тэр нөхдүүдийн тухай ууланд даянчлан суудаг Чусан хутагт шүүмжлэн нэгэн сургаальдаа “Хойд дүр нь залрав хэмээн хосгүй ихээр баярлав. Урд дүрийн үйлсийг гутаахад нь уйлах шахам гомдов” хэмээн шулуухан айлдсан байдаг (инээв).

Энэ тун үнэн үг шүү. Манайхны зарим нь уламжлал болгон хойд дүрийг нь тодруулах гэж хөөцөлдсөөр нэг хүүхэд олж аваад өндөр сэнтийд залчихаад өнөөхөө буруу эрхлүүлсээр эвдэж орхидог гэмтэй. Эрхээр бус эрдмээр л хангах хэрэгтэй. Намайг аваад үзье л дээ. Далай ламын XIV дүрээр тодорч өргөн олноо хүндлэгдлээ ч өргөөндөө өдөр тутмын номоо үзэх үедээ ёнзон багшийнхаа хайраа нуусан хатуу мутар, ташуурын өмнө айсхийн суудаг байж билээ (инээв). Ингэж л би бурхны номыг үзсэн.

Хутагт хувилгаадыг багаас нь буруу эрхлүүлж, айлгах аргадах хоёрыг нь буруу зохицуулснаас болж эвддэг. Харин үлэмжийн ялгамжит хувилгаан гэдэг өөр асуудал. Дээр дурдсан II Далай лам Гэндэнжамц гэхэд л гуравхан нас сүүдэртэйдээ хэнээр ч заалгаагүй хэрнээ урдын эрдэм чадал нь өөрөө тодорч, ном зохиол туурвих тэргүүтэн нь гайхашруулж байсан гэдэг. Гэхдээ энэ бол онцгой тохиолдол.

Намайг аваад үзье л дээ. Далай ламын XIV дүрээр тодорч өргөн олноо хүндлэгдлээ ч өргөөндөө өдөр тутмын номоо үзэх үедээ ёнзон багшийнхаа хайраа нуусан хатуу мутар, ташуурын өмнө айсхийн суудаг байж билээ (инээв). Ингэж л би бурхны номыг үзсэн

Би дээдэс, хувилгаан хоёрыг дөрвөн янзаар ялган үздэг. Дээдэс хэрнээ хувилгаанаар тодроогүй гэвэл Нагаржунай, Богд Зонхова тэргүүтнүүд байна. Хэн ч тэднийг хутагт хувилгаанд өргөмжлөөгүй, адилхан аавын хүүхдүүдтэй ном үзээд өөрсдөө эрдэм чадлаараа тодорсон. Түүнчлэн хувилгаанаар тодорсон хэрнээ дээдэс болж чадаагүй нь ч бас байна. Өнөөх нэр баасдсан хувилгаан нэртүүдийг энэ ангилалд багтааж болох юм. Тэдэнд өндөр сэнтий, өмөг түшиг нь хувилгаан нэрийг авчирсан. Харин эрдэм ном олигтой сураагүй болохоор дээдэс гэж нэрлэх зохимжгүй, ёстой л хувилгаан төдий юм даа. Харин хувилгаан болон дээдсийн аль аль нь бүрдсэн хутагт гэвэл хамгийг айлдагч Гэндэнжамцыг дурдаж болно. Мөн III Далай лам Содномжамц байна. Харин энэ хоёрын алинд ч хамаарахгүйг дөрөвдүгээр ангилалд оруулж болох юм.

Өнөө цагт Түвд болон Монголд олон хутагт хувилгаад эргэн тодорч байна. Эдгээр хутагт хувилгаад бусдадаа үлгэр болж, хамаг амьтны тус хийгээд нийт ард түмэндээ их нэмэр болохын үндэс шалтгаан болж чадвал түүнийг өөд нь өргөн залж хүндэлсний хэрэг сая гарна. Иймээс хутагт хувилгаад олон цөөндөө бус, эрдэм номтой, эв эетэй байх нь хамгаас чухал.  

-“Лавайн эгшиг” радио: Монгол, Энэтхэг, Түвд гурвыг хөлгөн шашинтай буюу номт гурван улс гэдэг. Манай Монголд Гоман, Сэра, Жүмэ, Жүд, Намжил дацангууд шиг лам хуврагуудыг олон жил суралцах боломж нөхцлөөр хангасан хийд дацангууд байгуулах боломж бий юу?

-Энэ тухай олон жилийн өмнө урд Гандантэгчинлэн хийдийн хамба тэргүүтэн өвгөн лам нарт ярьж байсан. “Наландар” гэдэг том дацан сургууль ч юм уу, эртний Наландарийн адил шүн номлол үзэж, хэлэлцдэг сургууль нээх саналыг би тавьж, тэд ч дуртай хүлээж авсан. Тэд маань үүнийгээ мартаагүй ээ. Эдүгээ Энэтхэгт суралцаж байгаа хутагт хувилгаад тэргүүтэй Монголын хувраг шавь нар маань тасралтгүй 15-20 жил суралцан төгсөөд ирээдүйд шашин номын болон амьтны тусыг ихээр бүтээж чадахад тус болох нь дамжиггүй гэж би итгэдэг. Энэ асуудалд та бүхэн ч нийтээр хичээж, анхаарал тавих шаардлагатай. Учир нь сүсэгтнүүдээс лам нарын хичээл зүтгэл ихээхэн шалтгаалдаг. Сүсэгтнүүд нүдээ анин, чихээ бөглөөд байвал лам нар цалгайрах нэг үндэс болно шүү дээ. Миний бодлоор та бүхэн одоо оршин байгаа хийд дацангуудаа сэргээн, сахил санваараа жилээс жилд ахиулан чанаржуулах арга ухааныг бодоцгоож, боломж бололцоо гарвал байр саваа бага багаар нэмэх нь зүйтэй байх.

МҮОНТВ: III Далай лам Содномжамц тухайн үедээ монголчуудад зориулж ном айлдсан байдаг. Тэрхүү номыг сэргээн монголчуудад дахин айлдах боломж байгаа юу?

-Дэлхий дээр олон янзын шашин номлол оршин тогтнож, номлол нь олон янзын шалтгааны үүднээс тайлбарлагддаг. Тэрхүү учир шалтгааныг нь өнөөгийн шинжлэх ухааны эрдэмтэд хүртэл сонирхон судалдаг номлол гэвэл Наландараас үүсэлтэй Түвдийн буддын сургааль сургамж. Бурны ном нь гүнзгийрүүлэн судлах боломж нээлттэй шинжлэх ухаан мэт санагддаг юм. Иймээс монголчууд маань эртнээс дээдэс мэргэдээр уламжлагдан ирсэн бурхны арвин номлолыг тайлбар үндэстэй нь эргэн үзэж судлах хэрэгтэй. Бусад шашныг ч гэсэн судла. Тэгээд номлол нь шинжлэх ухаантай нийцэхгүй, ялангуяа сэтгэлийг амгаланд оршоож чадахуйц баримтлал үгүй байх аваас түүнийг шүтэх шаардлагагүй, зүгээр л сайхан хүндлээд явахад болно шүү дээ.

МҮОНТВ: Сүүлийн үед Монголд бөө мөргөл их дэлгэрч байгаа. Энэ талаарх таны бодлыг сонсъё?

-Жайны номлогч Жалваба болон Бурхан багшийг ертөнцөд мэндлэхээс урдхан үед хинду ёсны цусан тахилга хэт дэлгэрсний улмаас мал адгуусыг түм бумаар нь алж хядан, өргөл өргөхөд зориулж байсан гэдэг. Үүнээс болоод Энэтхэгийн мал аж ахуй, эдийн засагт ихээхэн хор уршиг учирч байж. Үүнийг зогсоохоор гэгээн Жалваба бээр жайны урсгалыг номлон хөнөөлгүйн номоор тэрхүү цусан тахилгыг чандлан хорьж, цэвэр цагаан тахилга үйлддэг болгожээ. Түүнээс хойш 30-аадхан жилийн дараа Бурхан багш мэндэлснээр хүний нэгэн насыг утга төгөлдөр болгох, өөрөөсөө бусдыг хайрлах, ялангуяа амьтны амь таслахыг тэвчиж, тэр дундаа өөртөө зориулан алуулахыг чандлан хорьсон нигүүлсэнгүй, хөнөөлгүйн сургаалиа айлдан соёрхсон. Ерөөсөө бурхны ном шүтэгч хэний ч хувьд бусдын амиар тахил өргөнө гэдэг байж болшгүй асуудал. Шашныг шүтэхдээ алийг нь сонгох нь тухайн хүний сонголт шүү дээ. Гэхдээ тухайн улс гүрний уламжлан шүтэж ирсэн ерөнхий нийтлэг шашин гэж бий. Жишээ нь Түвдэд бөө мөргөлтнүүд, лалын шашинтнууд, огт шүтлэггүй хүмүүс ч бий. Гэхдээ л нийтээрээ бурхны шашинт улс гэгддэг. Үүний нэгэн адил лал, христ, бөө шүтлэгтнүүдтэй Монгол орныг ч гэсэн бурхны шашинт улс гэж нэрлэдэг. Эцэг өвгөдийн үеэс л энэ л шашныг сонгосон учраас урлаг соёл, зан заншил, үзэл бодол бүхий л зүйлд нь буддизм нэвт шингэснийг харж болно. Гэхдээ би “Энэ шашин хамгийн сайн нь. Дэлхий нийтээрээ үүнийг л шүтэх хэрэгтэй” гэж хэзээ ч хэлж байгаагүй. Хэдий тэгж хэлдэггүй ч гэсэн бодит амьдралд яв цав нийцэж, шинжлэх ухааны эрдэмтдийн сонирхлыг татсан, судлагдахуун болсон номлолтой шашин гэвэл буддизм л байна. Үнэхээр өөр шашныхан сонсогдохгүй л байна шүү дээ.

Монголын хувьд ч гэсэн ялгаагүй гадаадаас ирэх судлагчдыг цогт Наландраас эх авсан сургаалиараа л татаж чадна. Манай Түвдэд одоо ч бөө мөргөлийн ёс уламжлал бий. Бид түүнийг хүндэтгэн, хадгалж үлдэх бодлого баримталдаг. Хүндэлдэг болохоос бус үлэмж ялгарах гайхамшиг түүнд үгүй болохоор нийтээрээ хүлээж авч, шүтэхгүй л байна. Түүний нэгэн адил Монголд ч бөө мөргөлийн ёс байсан, одоо ч оршсоор байгаа. Гэхдээ номлол сургаалийг нь судалж мэдэхгүйгээр, мухраар тэнгэр, лус гэх мэт юунд ч хамаагүй сүжиглэх явдал ихэссэн харагдах юм. Хэрвээ Наландраас гарвалтай дээдийн номыг гадарладаг хүнийг ч юм уу эсвэл шинжлэх ухааны эрдэмтэн хүнийг “Энэ тэнгэр, лус буудаг хүнийг шүт” гэвэл аль аль нь хүлээж авахгүй биз ээ. Харин тэгэхийн оронд түүнтэй юмс бүхэн үнэнээсээ бүрдээгүй гэдэг буддын гүн ухааны сэдвээр ярилцвал өөрөөр хүлээж авах жишээтэй. Өрнийн шинжлэх ухаанд нэгэн сэдэв байдаг. Энэ нь аливаа юмыг нарийсган задалсаар эцэст нь хумхын нарийн тоос хүргээд юу ч олохгүй алдчихдаг тухай ойлголт юм. Энэ үзэл нь хутагт Нагаржунайн юмс бүхэн өөрийн мөн чанараас бүтээгүй гэдэг төв үзлийн сургаалтай яв цав тохирдог. Шинжлэх ухааны сэтгэл судлалын салбарын эрдэмтэд Наландрын сургуулийн оюун судлахуйн талын номлолуудыг үзээд дуу алдан биширч байна шүү дээ. Гайхамшгийг биширч, амтлаад тэд нааш дөхөж байгаа биш үү. Дэлхийн том эрдэмтэд бусад номлолд сэтгэл татагдаж, бөөгөөс ном судлан суралцахаар ирсэн тухай сонсогдож байсан гэж үү. Иймээс бид аливаа сургаал, номлолын мөн чанарыг судлах нь маш чухал. Энд би буддизм хамгийн дээд нь мөн, биш эсэх тухай огт яриагүй. Ямартай ч үнэн худлыг болон утга шалтгаантай эсэхийг шударга ухаанаар тунгааж байх хэрэгтэй.

ETV HD: Та үргэлж хоосон чанарыг номлодог. Гэтэл хүмүүс их шуналын сэтгэлтэй болоод байна. Энгийн иргэд нь материаллаг зүйлийг шүтэж байхад хөрөнгө чинээтэй хэсэг нь эрх мэдлийн төлөө улайран зүтгэх боллоо. Яаж энэ шуналын сэтгэлийг дарах вэ?

-Өнөөдөр дэлхий дахинд барууны хэт задгай, эрээ цээргүй үзэл суртал мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй дамжин тархсанаас болж хүний шунал тачаалыг оргилуулах самуун явдал хаа сайгүй дэлгэрч байна гэхэд болно. Үүнээс болж хүн төрөлхтөн аяндаа гоё сайхан өнгө, дүрс, дуу, үнэр, амт буюу хүрэлцэхүйн таван мэдрэмжээрээ гаднах зүйлсээс таашаал авахыг илүүтэй эрмэлзэх болсон. Сэтгэл судлалыг төдийлэн ойшоохгүй, гаднах хөгжил цэцэглэлтийг чухалчилж, хүслийн таван эрдмээр голлон хөөцөлдөж байна. Энэхүү хүслээс болж садар самуунд дурлан, цэнгэх нь гаарч байгаа юм. Сэтгэлийг хутган үймүүлэгч гол зүйл бол уур, шунал хоёр юм. Гаднах эд юмсыг хөгжүүлэхэд зорин хөөцөлдөөд шунал, хүсэл хэзээ ч бүрэн дүүрэн ханахгүй ээ, гол нь дотоод бодол санаагаа судалж, сэтгэлийг өөрийг нь хөгжүүлснээр л сая л зорьсон аз жаргалдаа хүрч чадна гэж би үргэлж сануулдаг.       

Өрнийн шинжлэх ухаанд нэгэн сэдэв байдаг. Энэ нь аливаа юмыг нарийсган задалсаар эцэст нь хумхын нарийн тоос хүргээд юу ч олохгүй алдчихдаг тухай ойлголт юм. Энэ үзэл нь хутагт Нагаржунайн юмс бүхэн өөрийн мөн чанараас бүтээгүй гэдэг төв үзлийн сургаалтай яв цав тохирдог.

MASS.mn сайт: Та эрт босдог уу. Ердийн нэг өдрийн ажлын хуваарийг тань сонирхож болох уу?

-Би багадаа унтах дуртай, нэлээд оройтож босдог хүүхэд байсан. Харин одоо бол тогтмол үүрээр 3.00 цагт босч, орой 18.00-18.30 цагийн хооронд унтдаг хуваарьт орсон. Дэлхийн хаана ч явж байсан энэ цагтаа л босч, унтдаг даа. Өөрөөр хэлбэл та бүхэнтэй адил хоногт 8-9 цаг унтаж амардаг гэсэн үг. Үүрээр босчихоод уншлага залбирлаа үйлдэн, бясалгал хийдэг. Надад уншиж, бясалгах юм олон байдаг юм. Тэд бүгдийн амин мод болгож бодь сэтгэл, хоосон чанар хоёрын тухай бясалган бодохыг хичээдэг юм. Энэ нь ч үр өгөөжөө өгдөг. Бодь сэтгэл, хоосон чанарыг судалж бодсоор бараг 60 жилийг ардаа орхиж дээ. Аажмаар оюун ухаанд хувьсал өөрчлөлт гарч, аливаа хүнд хэцүү асуудалд үл хямран, ямар ч үед сэтгэл санаа тайван байж чадахад дээрх бясалгал нөлөөлдөг юм.

Ердийн үед бол 3.00-8.00 цаг хүртэлх үеийг уншлага, бясалгалдаа зориулдаг. Харин гэлэн хувраг хүний хувиар оройн гүнцгийг тэвчдэг юм. Үүрээр сэрээд жаахан өлсмөр болдог учраас өглөөнийхөө цайг 5.30 цагийн үед уудаг. Өглөөний ажлаа ийнхүү дуусгаад, дараа нь уулзаж учрах хүмүүсийг хүлээж авдаг.  

Миний хувьд 2011 онд төрийн алба үүргээ хүлээлгэн өгсөн. Ингэснээр V Далай ламаас эхлэн дараа дараагийн дүрүүдэд нь уламжилсаар ирсэн Түвдийн шашин, төрийн их удирдагч хэмээх үүрэг төгсгөл болсон юм. Хэн нэгний дарамт шахалтаар ингэсэн юм биш шүү, ирээдүйгээ бодож, ихийг тунгааж зориуд гаргасан миний өөрийн шийдвэр юм. Тиймээс төрийн албан ажлаар хүнтэй уулзах хэрэгцээгүй болсон гэсэн үг. Гадна дотно, хол ойроос ирсэн хүмүүстэй уулзчихаад, номоо үзэж л цагийг өнгөрөөж байна. Ингэхдээ урьд үзэж байсан номноосоо сэргээн, дахин дахин үзэх дуртай. Ингээд өдрийн хоолоо идчихээд энэ тэрийг амжуулан, орой 18.00 цагийн орчим хажуулна даа. Миний амьдралын хэв маяг нэг иймэрхүү.

Энэ дашрамд дурдахад би өөрийгөө цогт Наландрын сургуулийн нэгэн шавилхан банди хэмээн төсөөлж, хутагт Нагаржунай гэгээний бяцхан шавь нь гэж ярих дуртай. Хэдий нас сүүдэр 80 гарсан ч өөрийгөө нэг шавь бандиар төсөөлж ном үзэх, шинийг сурч мэдэх хүсэл эрмэлзэл дүүрэн явна. Мөнхүү тэр сониуч жаалын нүдээр өнөөгийн өрнийн шинжлэх ухааны ололт амжилтыг сонирхон судалж, бас үзэл, онол өөр өөр орны мэргэдтэй уулзан, цаг зав уужуу аваас удаан харилцан ярилцах дуртай.

Монгол хүн бүр аз жаргалыг цогцлооход хүчин зүтгэж шашин ном, уламжлал, хэл бичиг, соёлоо хадгалан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хичээх хэрэгтэй

Эцэст нь өнөөдөр алс холоос зорин ирсэн Монголын хэвлэл мэдээллийнхэн та бүхэнтэй уулзах завшаан тохиосонд болон илэн далангүй ярилцсан явдалд туйлын их баярлаж байгаагаа хэлэхийг хүсч байна. Эрин үе маань шинжлэх ухаан, техникийн ололт амжилтууд цэцэглэн буй цаг бөгөөд мэдээ мэдээлэл чөлөөтэй авах, цахилгаан, үйлдвэрлэл... гээд олон талаар та бүхэнд ашиг тусаа өгч байгаа. Бид ч өнөө цагийн мэдлэг боловсролыг олж авах зайлшгүй шаардлагатай болж байна. Гэхдээ өнөөгийн мэдлэг боловсрол юмсын зөвхөн гадаад төрх, хөгжил дэвшил рүү ханддаг болохоос бус дотоод сэтгэл рүү чиглэсэн, түүнийг яаж хөгжүүлэх, сэтгэлийн амар амгаланг хэрхэн бүтээж болдгийг заадаг сургалт гэж бараг байхгүй. Ийм ч учраас даян дэлхийд сайн үйл хэрэг, зөв амьжиргаа, зөв хүмүүжил гэдэг ойлголт аажим аажмаар доройтсоор байна. Эд хөрөнгө, өнгө мөнгө, эрх дархыг л ярьж, боддог болсон гэлтэй. Үүнээс улбаалж энэхэн замбуу тивд маань ил далд завших, шударга бус явдал, хүчирхийлэл, худал хуурмаг явдал газар авч байна. Хятадаар жишээ авъя л даа. Эдийн засаг нь тогтворжиж, хөгжихийн хэрээр тус улсад эрх тушаалаар эгэл ардаа нухчин дарлах нь гаарсан. Хүчээр бүхнийг шийдэж байна. Монголын тухайд гэвэл эдийн засгаа дээшлүүлэх хэрээр дотоод сэтгэл судлалыг хөгжүүлж, сэтгэлийн амар амгалангаар амьдралаа зөв сайхан авч явах хэрэгтэй. Уур, мунхаг, шунал тачаалаар нийгэм эзлэгдвэл адгууснаас ялгарах зүйлгүй амьдралаа дуусгадаг юм. Хүн гэдэг билэг оюунтай амьтан учраас наад цаадын ялгааг тунгаадаг байх хэрэгтэй. Ард түмний сэтгэл оюуныг дээшлүүлэх, сайн сайхан явдал, ёсыг дадуулах тал дээр зөвхөн шашны хэдэн сүм хийд, хэсэг бүлэг лам нарын хийчих ажил биш. Тэрхүү хийд дацангийн лам нарын бурхны сургаалийг судалж байгаа нь ч хангалттай бус. Үүнд хэвлэл мэдээллийнхэн та бүхэн маш чухал үүрэг гүйцэтгэнэ шүү. Хүн бүр, тэр ч байтугай амьтан бүхэн аз жаргалыг хүсдэг. Үнэндээ тэр зөв зүйтэй зүйл нь сэтгэлийн аз жаргал байдаг. Тэрхүү аз жаргалын цэцгийг тэтгэн услах үүрэг хэвлэл мэдээлийнхэн та бүхэнд оногддог гэдгийг бүү мартаарай. Мөн шашин хоорондын эв түнжингийн асуудалд ч та бүхэн чухал байр суурь эзэлдэг юм шүү гэдгийг би үргэлж захидаг билээ. Энэ дэлхийн дүнчүүр дүнчүүр хүмүүс нэг нэгэндээ асрал энэрлээр ханддаг тогтолцоотой болгохыг үнэнээсээ хүсч, үүний төлөө шантралгүй хичээдгээрээ би та нартай адилхан үүрэг хүлээсэн хүн.

Монгол хүн бүр аз жаргалыг цогцлооход хүчин зүтгэж шашин ном, уламжлал, хэл бичиг, соёлоо хадгалан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хичээх хэрэгтэй. Эдийн засгаа, сэтгэл санаагаа зөв хөгжүүлснээр тайван амгаланд бат орших болно. Гагцхүү энэ зөв хоёрыг хослуулснаар бие эрүүл энх, сэтгэл амгалан жаргалаар дүүрэн амьдрах нь дамжиггүй. Монголчууд та бүхэнд эдийн засгаа дээшлүүлэх асар их нөөц бололцооноос гадна дотор сэтгэлээ ариутгах бүрэн боломж байна. Үүнийгээ зөв үнэлж, цаашид тэтгэн хөгжүүлэх нь хамгаас чухал шүү гэж хичээнгүйлэн захимаар байна.