m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 03:03
253
Людвиг ван Бетховен Билэг танхай хөгжимчин, суут хөгжмийн зохиолч

Людвиг ван Бетховен Бонн хотод төржээ. Түүний өвөө найрал хөгжмийн удирдаач, харин аав нь хааны ордны найрал дууны тенор хоолойтон юм. Людвиг айлын гурван хүүгийн хамгийн том нь байсан бөгөөд ганцаараа хөгжмийн авъяастай байв. Бяцхан хүүгийн авъяас маш эрт илэрч эхэлжээ. Людвигийн аав хүүдээ их итгэл найдвар тавьдаг ч архи уудаг байсан болохоор түүнд хичээл удаан зааж чадаагүй юм. Хүүгээ 8 настай байхад анхны тоглолтонд нь бэлтгэж өгсөн ба дараа нь багш хөлсөлсөн байна.

Түүний нэг багш Кристиан Готлоб Нефе Бетховен хүүг Бахын хөгжмийн ертөнцтэй танилцуулсан гэдэг. 17 насандаа Людвиг Вена руу явж, тэнд Моцарттай танилцсан бөгөөд тэр Бетховенийг хөгжмийн агуу их ирээдүй хүлээж байгааг мэдэрчээ. Түүнийг Венад байхад ээж нь сүрьеэ өвчний улмаас нас барсан тул тэрээр гэртээ харихаас өөр аргагүй болсон юм. Людвигийн эцэг эхнэрээ нас барсаны дараа хүнд байдалд орж, уйтгарлан дахин архинд орсон учир том хүү нь гэр бүлээ халамжлах ёстой болов. 1792 онд Людвиг Вена руу буцаж явсан юм.

Тэнд тэрээр Гайдна, Щенка, Альбрехтебергер, Сальери нараар хөгжмийн зохиол бичих талаар заалгаж байсан бөгөөд европын дээд зиндааны язгууртнууд, бүсгүйчүүдийн дунд нэр нөөлтэй болон, шүтэн бишрэгчдээр хүрээлүүлж, амжилтын оргилд алхам алхмаар ойртох болжээ. Бетховены олонд танигдсан амраг нь Жульетта Гвиччарди байв. Хөгжмийн зохиолч чухам түүнд зориулан 27/2 “Сарны” сонат хэмээх алдарт төгөлдөр хуурын зохиолоо бүтээжээ. 1796-1798 онуудад Бетховены сонсгол бага багаар муудаж эхэлсэн бөгөөд энэ нь түүнийг цөхрөлд оруулж байв. Тэрээр дүү нартаа 1802 онд бичсэн захидалдаа Testamencie “heiligenstadz-kim” нэртэй гэрээслэлээ бичин, амиа хорлохыг хүртэл завдаж байсан гэдэг. Өвчин нь улам дамжирсан тул Людвиг олон нийтийн өмнө гарч тоглохоос татгалзах шаардлагатай болсон юм.

Энэ үед тэрээр санхүүгийн асуудалд орох болов. Мөн дүүгийнхээ хүү Карлыг өсгөхөд түүнд бэрхшээл тулгарч байлаа. Учир нь хэдийгээр Бетховен хүүд бүхнээ зориулан, хайрлан өсгөж байсан ч хүү түүний тэвчээрийг бардаг байж. Тэрээр 1819 оны орчим сонсголоо бүрэн алдсан юм. Тиймээс Бетховен ярилцлагын дэвтрийнхээ тусламжтайгаар бусадтай нэвтрэлцэж байсан нь хөгжим болон өдөр тутмын асуудлын талаарх хөгжмийн зохиолчийн үзэл бодол, сэтгэл хөдлөлийг тэмдэглэн үлджээ. Людвиг ван Бетховен 1827 оны гуравдугаар сарын 26-ны өдөр нас барсан билээ.