m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 03:24
66
Клубүүдийн ДАШТ-д “Интернасьонал”, “Барселона” багууд хоёронтаа түрүүлжээ

Марокко улсад “FIFA Club World Cup 2014” тэмцээн болж буйтай холбогдуулан өмнөх тэмцээнүүдийн тухай товчхон танилцуулъя.

2000 он - Анхны клубүүдийн ДАШТ-д зургаан тивийг төлөөлсөн найман баг оролцжээ. Хачирхалтай нь Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (CONMEBOL) тэр жилийн Либертадоресын цомын эзэн “Палмейрас”-ын оронд “Васко да Гама”-г оруулах шийдвэр гаргажээ. Анхны тэмцээний түрүүг Бразилийн “Коринтианс” хүртэж, Европын “Реал”, “Манчестер Юнайтед” багууд хол явсангүй.

2005 он - Хоёр дахь тэмцээн 2001 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-нд Испанид болох байлаа. Оролцогч 12 баг тус бүр 2.7 сая ам.доллар халаасалж, ялагч нь 8 саяыг хүртэх байв. Энэ нь Австралийн даруухан баг “Воллонгонг”-ийн хувьд асар их мөнгө юм. Гэвч FIFA-тай 20 орчим жил түншилсэн “International Sports and Leisure” корпораци санхүүгийн хямралд нэрвэгдсэний улмаас тэмцээн цуцлагджээ. Ингээд 2005 онд Японд хоёр дахь тэмцээнийг зохион байгуулахад Бразилийн “Сан-Паулу” Английн “Ливерпуль”-ийг 1:0-ээр хожин түрүүлжээ.

2006 он - Тэмцээн мөн л Бразилийн багийн ялалтаар өндөрлөлөө. Либертадоресийн цомын эзэн “Интернасьонал” ид хүчээ аваад байсан “Барселона”-г 1:0-ээр дөнгөх нь тэр.

2007 он -  Өмнөд америкчуудын ялгуусан амжилтыг Италийн “Милан” тасалж чадлаа. “Улаан-харууд” шигшээ тоглолтод Аргентиний “Бока Хуниорс”- ыг 4:2-оор буулгаж авсан юм. “Бока”-гийн гол тоглогчдын нэг Фабиан Варгас хагас шигшээд Тунисын “Этуаль дю Сахель”-ийн эсрэг тоглолтод улаан жавтий хүртэж, финалыг өнжсөн нь аргентинчуудад хүндээр туссан нь тодорхой.

2008 он - Криштиану Роналду, Уэйн Руни, Карлос Тевес, Эдвин ван дер Сар нарын супер оддыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг “Манчестер Юнайтед” аваргын төлөө Эквадорын “ЛДУ Кито” багтай тулав. Сэр Алекс Фергюсоны шавь нар тоглолтын дундуур хүн дутуу болсон ч зангараг зааж, төгсгөлд оруулсан оруулсан гоолынхоо ачаар 1:0-ээр хожлоо.

2009 он - Пеп Гвардьолагийн удирдлага дор нэгэн амьсгаагаар таван цом хүртсэн “Барселона” Алехандро Сабелья (өнгөрсөн зуны ДАШТ-д Аргентиний шигшээг дасгалжуулан мөнгөн медальд хүргэсэн)-гийн удирдсан “Эстудиантес”-д хожигдох дөхөв. Каталончууд 0:1-ээр ялагдаж явах үед Педро цаг дуусахаас хоёр минутын өмнө тоог тэнцүүлж, улмаар нэмэлт цагт Лео Месси элэг нэгтнүүдээ гомдоосон юм. Аргентин довтлогч хожлын бөмбөгийг цээжээрээ оруулжээ.

2010 он - Жозе Моуриногийн ачаар Аваргуудын лигт түрүүлсэн Италийн “Интер” испани мэргэжилтэн Рафа Бенитисийн удирдлага дор клубүүдийн дэлхийн аварга цолыг анх удаа хүртлээ. Сонирхолтой нь тэдэнтэй аваргын цомыг анх удаагаа Өмнөд Америкийн бус баг булаацалджээ. Конгогийн “Мазамбе” клуб хагас шигшээд Бразилийн “Интернасьонал”-ыг 2:0-ээр буулган авсан ч шувтаргын тоглолтод “Хар-хөхүүд”-д олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй 0:3-аар бутниргүүлжээ.

2011 он - Испанийн “Барселона” клубүүдийн ДАШТ-д хоёронтаа түрүүлсэн анхны баг боллоо. Мандан бадраж буй Месси Бразилийн шинэ од Неймарт хичээл зааж, “Барселона” Бразилийн “Сантос”-т багийн тоглолт гэж юу байдгийг мэдрүүлэн 4:0-ээр ялалт байгууллаа.

2012 он - Анхны тэмцээний аварга Бразилийн “Коринтианс” ДАШТ-ий түрүүгээрээ “Барселона”-тай зэрэгцлээ. Тэд Аваргуудын лигийн түрүү магнай Роман Абрамовичийн “Челси”-г перу довтлогч Паоло Геррерогийн оруулсан гоолын ачаар 1:0-ээр буулган авсан юм.

2013 он – Аваргуудын лигт дуншиж дуншиж түрүүлсэн Германы “Бавари” тэр эрчээрээ 2013 онд зохиогдсон бүх тэмцээнд түрүүлэв. Тэд клубүүдийн ДАШТ-ий финалд Мароккогийн “Рая Касабланка” багийг 2:0-ээр буулган авсан юм. Африкчууд тэмцээний финалд гарч ирэх замдаа хагас шигшээд Роналдиньо тэргүүтэй Бразилийн “Атлетико Минейро”-г 3:1-ээр хожсон юм.