m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 03:27
41
Телевизүүдийн нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэнэ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон тус яамны газар хэлтсийн удирдлага, театр, кино урлагийн салбарын уран бүтээлч, судлаачид, Мэдээлэл харилцаа холбооны газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Оюуны өмчийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Соёлын өвийн төв, Соёл, урлагийн их сургууль зэрэг байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо солилцох юм.

Тус хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн шаардлага, зохицуулалт” сэдэвт илтгэл тавих бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид соёлын аюулгүй байдлыг хангахад телевизийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, нөлөөлөх байдал, соёлын зах зээл, уран сайхны нэвтрүүлэгт үндэсний уран бүтээлийн эзлэх хувь, хэмжээ тогтоох шаардлага, үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, эх оронч иргэн төлөвшүүлэхэд хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн агуулга, хэрэгцээ, гүйцэтгэх үүрэг, кинотеатруудаар түгээх үндэсний киноны нийлүүлэлт, гадаадын болон үндэсний киноны эзлэх хувь, одоогийн түвшин, телевизүүдийн үндэсний нэвтрүүлэг, үндэсний киног бүтээх, түгээх боломж, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарах хүндрэл, тулгамдсан асуудлыг хөндөж санал бодлоо илэрхийлэх юм байна.