m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 05:47
234
“Christmas night”-д шинэ жилийн шилдэг бүтээлүүд эгшиглэнэ

Хүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярт мөчийг тэсэн ядан хүлээж буй энэ цаг мөчид Улсын филармонийн уран бүтээлчид шилдэг хөгжмийн тоглолт хийхээр болжээ.

Улсын филармоноос шинэ жилийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулж буй “Christmas night” концерт энэ сарын 20-нд 18:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Тус тоглолтод филармонийн симфони найрал хөгжим, “Баян Монгол” чуулга, жазз дуучин Н.Наагий, Ц.Хулан, П.Өнөржаргал, Т.Амина, Б.Солонго нар оролцох юм байна

Улсын филармон 2015 оноос бүх нийтийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан тус тоглолтыг үзэгчдэдээ толилуулахаас гадна Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдэд “Юнивишн”-ий IPTV-ийн 88-р сувгаар дуу, дүрсний өндөр чанартайгаар орчинд нь байгаа мэт шууд хүлээн авч үзэх боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ тоглолт онцлогтой юм байна. Тоглолтын хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анар ажиллаж байгаа юм байна.

Эхний хэсэгт “Ирония судьбы или c легкимпаром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Щелкунчик” зэрэг шилдэг бүтээл эгшиглэнэ.

Тэрбээр “Энэхүү тоглолт нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт та бидний танил болсон “The polar express suite”, “Ирония судьбы или c легкимпаром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Carol of the bells”, “Щелкунчик”, “Jingle bells”, “Potter waltz” зэрэг шилдэг бүтээл эгшиглэнэ. Харин хоёр дахь хэсэгт дан джаз хөгжмийн тоглолтуудаар бэлэг барина. Шинэ жилийн хамгийн шилдэг, гайхалтай энэ тоглолтод томоохон бүтээлүүдийг анх удаа албан ёсны эрхтэйгээр тоглох гэж буй юм. Мэдээж тоглолт тайз засал талаасаа ч шинэ жилийн уур амьсгалыг танд бүрэн мэдрүүлэх болно. Манай тоглолтод саатаж шинэ жилийн сэтгэлд хоногшсон дуунуудыг зүрх сэтгэлээрээ мэдэрч үзэж, сонсохыг урьж байна” хэмээсэн юм.