m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 06:25
487
Та шинэ жилийн гоёлоо сонгосон уу?

Шинэ жил наашлан айсуй. Сүлд мод, цасан өвгөн гудамж талбайг гоёсон, дүн өвлийн үдэшлэгт бүсгүй та харин хэрхэн гоёх гэж байна. Эмэгтэйчүүдийн хувьд жилд ганц л тохиох баярт мөч тул  аль болох мөнгө хайрлалгүй сайхан харагдах эрмэлзэлтэй байдаг. Ингээд mass.mn сайтаас дунджаар бүсгүйчүүд хэдэн төгрөгт өөрт тохирох шинэ жилийн гоёлоо бэлдэх боломжтой талаар сурвалжиллаа.

Шинэ жилийн баярын хамгийн гол гоёл бүсгүйчүүдийн хувьд даашинз. Даашинз хэзээд сонгодог хэв маягт хамаардаг. Тэр ч утгаараа энэ шинэ оны гангараа уламжлалт сонгодог хэв маягаа хадгалсаар байх нь мэдээж.

Томоохон худалдааны төвийн дэлгүүрүүдэд чамин хээнцэр шигтгээтэй, торон даашинзыг дунджаар 200-600 мянган төгрөгийн хооронд борлуулж байв. Ямар учраас ийм үнэтэй байгаа худалдагч бүсгүйгээс тодруулахад “Брэндийн даашинзнаас гадна бараг л Монголд ганцхан зарагдаж байгаа” хэмээн хариулсан юм.

III, IV хорооллын хэд хэдэн дэлгүүр ортол нээрээ л дээрхтэй адилхан даашинз бараг л харагдсангүй. Гэхдээ дээрх дэлгүүрүүдэд бүсгүйчүүдэд сонголтонд нийцэх төрөл бүрийн загвартай даашинз өргөн сонголттой байв. Ер нь бол дунджаар 100 мянган төгрөгт өөрт зохицох даашинзыг авах боломжтой байлаа. Нэг үеэ бодвол дэлгүүрүүд нэг л төрлийн ижил даашинз оруулж ирж, ямар ч сонголт бүсгүйчүүдэд үлдээлдэлгүй борлуулдаг байсан бол одоо бол лангуу болгон өөр өөр сонголттой байсан нь авууштай санагдав. 

Чамин хээнцэр шигтгээтэй, торон даашинзыг дунджаар 200-600 мянган төгрөгийн хооронд борлуулж байв

Харин энэ жилийн хувьд даашинз прокаталдаг газруудыг ханш нэмэгдсэн байв. Дунджаар нэг хоног нь 40-60 мянган төгрөгийн үнэтэй бол нэг даашинз өмсөж үзэхэд 300 төгрөг гэж байлаа.

Даашинзны дараа орох хамгийн чухал гоёл бол туфль. Ойрын жилүүдэд нарийнхан өсгий, бөөрөнхий хоншоортой туфлийг охид бүсгүйчүүд илүүд үзэх болсон. Энэ жил ч ялгаагүй. Гэхдээ заавал моод дагах албагүй шүү дээ, Өөрт таалагдсан, зохисон туфлээ л сонгосон нь дээр. Элдэв гархи, чимэглэлтэй, чимэглэлгүй гээд. Хамгийн гол нь сонгосон туфль чинь хэт өндөр биш өсгийтэй байвал зүгээр. Яагаад гэвэл, өндөр өсгийтэй гутал, туфль дээр явж чадахгүй, хөл нь өвдөгөөрөө нугараад байвал мэдээж гоё харагдахгүй. Тэгээд ч зохихгүй гоёл хүнийг гутаадаг шүү дээ. Ингээд та өөрт зохисон туфлийг хамгийн багадаа 60 мянган төгрөгнөөс дээш үнээр авах боломжтой.

 Дунджаар 100 мянган төгрөгт өөрт зохицох даашинзыг авах боломжтой

Энэ жилийн хувьд эмэгтэйчүүд гар хийцийн цор ганц зүүлтээр гангарах сонирхол их нэмэгдэх болсон байна. Ялангуяа сувдан шигтгээтэй ээмэг, зүүлт энэ жилийн гоёлын нэг юм. Гэхдээ зүгээр ч нэг сувдан зүүлт биш сувдыг төрөл бүрийн чимэглэлтэй хослуулсан зүүлт эрэлт ихтэй байгаа хэмээн “Сувдан хэлхээ” гоёлын дэлгүүрийн худалдагч хэлэв.

Нүүрний будалт, үс засалт, хумсаа хэрхэн засуулах талаар эмэгтэйчүүдийн толгойг өвтгөсөн нэгэн зүйл. Гоо сайхны газрууд гоёлын хумсны будалтыг 15 мянгаар хийж байгаа бол үс засалтыг дунджаар 20 мянган, нүүр будалтыг 15 мянган төгрөгт багтаан үйлчилж байв. Гэхдээ зарим газрууд дээрх гурван үйлчилгээг нэгтгэсэн багцын үнэ санал болгож байв. Үүний нэг нь “Magnolia” гоо сайхны газар 80 мянган төгрөгийн багцын үйлчилгээг эмэгтэйчүүддээ санал болгожээ.

Эмэгтэйчүүд гар хийцийн цор ганц зүүлтээр гангарах сонирхол их нэмэгдэх болсон 

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол ээмэг, зүүлт гэж чамирхдаггүй ч хэр хэмжээндээ гоёх хэрэгтэй болдог. Энэ жил костемгүй байсан ч гоё харагдах боломжтой. Учир нь гоёлын чимэглэлтэй цамц  таныг дэгжин харагдуулах болно. Ийм төрлийн цамц 20-40 мянган төгрөгөөр зарагдаж байв.

Ингээд бүсгүй та шинэ жилийн гоёлоо болон үс засалт, нүүр будалт, хумсаа засуулах зэрэг нийлээд 300 мянган төгрөгт багтаах боломжтой.