m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 06:42
104
С.Наранцогт: Хүндэт харуулын гутлыг ээтэнгээр сольсон нь миний бахархал

Энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа “Өвсний навч” хоршооны захирал С.Наранцогтыг урилаа.

-“Намайг бизнесээ эхэлж байх үеийг бодвол одоо бүх зүйл нээлттэй болжээ” гэж хэлэхийг тань сонсч байсан. Цаг хугацааны хувьд зөрүүтэй байж. Харин нөхцөл байдал тэр үеийнхээс хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Анх нэг оёдлын машин­тайгаар гутлын түрий оёж бизнесээ эхлүүлж байлаа. Манай гэр бүлийн хүн Чехэд таван жил сурч төгссөн. Гутлын үйлдвэрийн загварын тасагт оёдолчноор ажиллаж байсан юм. Тиймээс л эргэлт буцалтгүйгээр энэ салбарт орсон хэрэг. Мэдээж бэрхшээлгүй юм гэж үгүй. Тусалж, дэмждэг олон хүн байлаа.

Тухайлбал, цагдаагийн “Уран буурал” хоршооны дарга н.Чалхаасүрэн түрээсийн өрөө гаргаж өгч байсан. Ганц хоёр тоног төхөөрөмжтэй л гутал хийж эхэлсэн. Анх бизнесээ хийх гэж байхдаа “Сони”зурагтаа ломбардад тавьж анхныхаа эргэлтийн мөнгийг олж байлаа. Бидний бизнес ийнхүү өргөжсөн нь борлуулалтын цэгээ зөв сонгосонтой холбоотой. Хуучнаар Хүнсний 20 дугаар дэлгүүр, одоогийнхоор Мөнгөн завъяа дэлгүүрт  гутлын тасагтай. Тиймээс олонд танигдаж байнгын үйлчлүүлэгчтэй болсон.

2000 оны үед Монголчууд маань үндэснийхээ дээл хувцсыг өмсч эхэлсэн нь давалгаа болтлоо өргөжсөн. Энэ үед орос хромон гутлыг солиод өөр загварын гутал сонирхож эхлэсэн. Бид өөр загварын хром хийж байгаад ээтэн гутал хийсэн юм. Энэ нь ч олон хүний сонирхлыг татаж Монголын уламжлалт ээтэн гутлын моод дэлгэрсэн гэхэд хилсдэхгүй. Ингээд Болд гэдэг залуутай хамтраад 2004 оноос ээтэн гутлыг олон түмэнд танилцуулж явсан. Намайг бизнесээ эхэлж байх үед банкны зээл олдохгүй бас хүү өндөр байлаа. Харин одоо бол шал өөр шүү дээ. Хэрэв хүн төслөө бичээд, барьцаа хөрөнгө хангалттай, үйл ажиллагаа явуулах боломжоо бүрдүүлсэн бол бүх зүйл нээлттэй. Би ч хүнд цаг үеийг даван туулж өдийг хүрсэн юм шүү дээ.

-Олон хүнд таниулахын тулд чухам юуг, яаж хийсэн бэ?

-Энэ үед надад бас амьдралд ажиглагдсан зүйл гэвэл урлаг, спорт, улс төрийн хүрээний олонд нэр хүндтэй хүмүүс өмссөнөөр энэ гутлыг маань олонд таниулах боломж нээгдэж байсан юм. Жишээ нь, Америкт суудаг монголчууд худалдаж авах санал ирүүлдэг байлаа. Учир нь тэнд хошин шогийн жүжигчин Д.Хүрлээ өмссөн юм шиг байгаа юм. Эндээс л дээрх санаа төрж байлаа. Тэр үед хүмүүс надад захиалга өгөхдөө жүжигчин Хүрлээгийн өмссөн гутлыг явуулаач гэж захидаг байсан юм. Ер нь миний хийсэн гутлыг улстөрийн хүрээнийхэн нэлээд өмссөн дөө. Түүнчлэн телевизийн нэвтрүүлэг хийж олон түмэнд хүргэж байлаа.

-Монгол гутал шиг ээтэн гутлыг одоо гутлын жижиг, том үйлдвэрүүд бүгд л хийж байна. Олонд таниулах ажлыг нь та хийсэн гэчихээд бусад нь таны оюуны өмчийг зүгээр ашиглаж байна. Үүнийг асуусны учир нь манайх оюуны өмчийг дээдэлдэг болох тухай ярьж байгаа шүү дээ?

-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монгол Улсын хүндэт харуулын хувцсыг солих тендер Батлан хамгаалах яамнаас зарласан.Энэ үед ээтэн гутлаа сонгон шалгаруулатад оруулан тэнцэж байлаа. Ингээд хүндэт харуулын гутлыг ээтэн гутлаар сольж байсан юм шүү дээ. Энэ гутал уг нь патенттай. Патент нь арваад жилийн өмнө оюуны өмч гэж төдийлөн ярьдаггүй байх үед авсан юм. Энэ гутлыг маань олон гуталчин хийж өөрсдийнхөө бизнесийг залгуулж байг гэж боддог. Нэг маань ч гэсэн ашиг орлоготой сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ. Цаашилбал энэ гутлыг олон малчин өмсч байна. Ер нь энэ гутлыг өмсөөгүй хүн, ийм гуталгүй айл өрх гэж байхгүй болжээ.

-Энэ гутлыг хийх санаа анх хаанаас төрсөн бэ?

-Монгол гутал маань машин барихад эвгүй, гаднаас нь харахад пайрийсан, залуучууд өмсөхөд тохь, тухгүй шүү дээ. Үндэсний дээлээ загварыг нь янз бүрээр өөрчилж, үндсэн хэмжээсийг нь оруулснаар залуусын дээл өмсөх сонирхлыг төрүүлж байсан юм. Энэ нь нэг авууштай тал байлаа. Загварыг нь бага зэрэг өөрчлөөд хийсэн ээтэн гутал минь машин барихад их эвтэйхэн гээд хүмүүс ам сайтай байдаг юм.

-Бизнесийнхээ санааг зөвхөн өөртөө л хадгалж үлдэх нь бизнесийнхний гол зорилго биш юм уу?

-Энэ хугацаанд нэлээд юм үзсэн дээ.Хүмүүс ч миний хийсэн гутлыг дууриалгаж их хийсэн. Гэхдээ хамгийн гол нь раман улалгаатай улыг нь оёж хийдэг юм. Ийм учраас муу наалт гэж байхгүй, ул нь сална гэхгүй. Тиймээс л хөдөөгийн малчдад бөх бат гутал гэдгийг ойлгуулсан хэрэг. Энэ нь бусдаас ялгарах бидний онцлог юм шүү.

-Жижиг дунд үйлдвэрлэл нэг үеээ бодвол хөгжиж байна. Бас янз бүрийн төслүүд хэрэгжсээр байгаа. Гэвч эзнээ олдоггүй гэх гомдлыг ялангуяа жижиг үйлдвэрүүд их гаргадаг. Таны хувьд сүүлийн үед хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, сүүлийн үед өгч байгаа хөрөнгө санхүүжилтийн талаар юу гэж бодож байна?

-Төсөл хөтөлбөр хэрэгжээд, санхүүжилт өгч байгаа нь сайхан л хэрэг. Миний харж байгаагаар төрийн бодлого бага зэрэг дутагдаж байна. Учир нь манайх шиг зах зээл муутай улс үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд төрийн зөв бодлогоор дэмжих хэрэгтэй. Жижиг зах зээлд хэт олон нэг төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвжих боломжгүй. Тиймээс зохицуулалт хэрэгтэй. Бид гурван сая хүн амтай, 800 мянган айл өрх байдаг гэсэн статистик тоо байдаг юм билээ. Тэгэхээр хүн бүрт биш өрх бүрт хүрч үйлдвэрлэх хэрэгтэй юм. Гэхдээ гадаад дотоодын манайх шиг хүн ам багатай улс орны туршлагыг нэн тэргүүнд авч үзэх ёстой. Мөн уламжлал түүхээ сэргээх ёстой. Түүнээс гадна Л.Түдэв гуай өрх бүр үйлдвэрлэгч гэж хэлсэн байдаг. Одоо энэ мөнгө тарааж байгааг харахад Хятадад Маогийн үед айл болгон ган хайлуулна гэж хийрхэл явуулдагтай төстэй болоод байна.Хэдийгээр үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр мөнгө тарааж байгаа ч эзнээ олохгүй бол үр дүнгүй гэдгийг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд харуулж байна.

-Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь дан ганц төрийн оролцооноос хамаарна гэж хэлэх гээд байна уу?

-Хамгийн гол нь борлуулалт, худалдан авалт дутагдаж байна. Түүнийг төр дэмжих хэрэгтэй гэдэг санааг хэлж байгаа юм. Түүнээс амаа ангайгаад сууж байя, хоол халбагадаад хий гэж хэлэх хүн зах зээлийн нийгэмд байхгүй л дээ. Хэдийгээр бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлж байна гэх боловч харьцангуй хөдөлмөрлөх нь сайхан амьдрах эх үндэс гэдгийг залуус ойлгодог болжээ. Түүнээс гадна жижиг зах зээл дээрээс хөлөө олж босно гэдэг амаргүй даваа юм. Гэхдээ бид үндэснийхээ үйлдвэрийн гаргаж байгаа бүтээгдэхүүнийг худалдаж авах, хэрэглэх сэтгэлгээг суулгах хэрэгтэй. Жишээлбэл, хувь хүн өөрөө Монголд үйлдвэрлэсэн оймс, өмд, цамц, гутал өмсөж сурах хэрэгтэй.

Түүнээс гадна хийж чадах зүйлээ хийдэг байх нь илүү үр дүн авч ирнэ. Мэдээж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тиймээс өөрсдийнхөө хийж чадах зүйлийг л хийх ёстой. Тухайлбал, импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Хөнгөн болоод хөнгөн үйлдвэрийн төсөл хэрэгжиж байна. Энэ маш сайн зүйл шүү.

-Үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Үүний тулд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан аваач гээд байна. Гэвч зарим тохиолдолд дэлхийн брэндийг гүйцэхгүй, загвар хоцрогдсон, материал гологдох зэрэг олон шалтгаан бий шүү дээ?

-Брэнд сонирхдог нэг хэсэг улс бий гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ хүмүүс эх оронч байх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр тэгж дэлхийн брэнд өмсөхгүй, хэрэглэхгүй бол болдоггүй юм бол гадагшаа явахдаа хэрэглэх хэрэгтэй. Бусад үед үндэснийхээ хувцсыг өмсөх нь буруу зүйл огт биш. Би эх оронч, улсаа хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж байна гэж цээжээ дэмий дэлдэгсэд хэт олширсон нь энэ. Ийм дээрээ тулвал ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд иргэний зориг гаргах хэрэгтэй юм байна гэж боддог. Тэгвэл бусад нь бүгд л дагаад монгол хувцсаа өмсч, үндэснийхээ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болно. Манайхны муухай зан бас бий. Арай гайгүй яваа нэгийгээ татаад унагачих болохоос дэмжинэ гэж үгүй. Тиймээс л бид алдаж байгаа юм шүү дээ.

-Импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ярьж байна. Тэгвэл таны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тодорхой хэсгийг нь экспортод гаргах боломж бий юу?

-Импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн гаргахын тулд салбараа зөв, оновчтой сонгох хэрэгтэй. Яагаад гэвэл, би сүүлийн 10 гаруй жил гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаагаар явсан. Энэ туршлагаасаа харвал гутал одоогоор экспортод гаргах бүтээгдэхүүн биш. Учир нь надад экспортод гутлаа гаргах боломжийг санал болгож байсан удаа бий. Харамсалтай нь хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй гэдгийг тэр хүн хэлж байсан. Хатуу ч гэлээ гашуун үнэн гэдэг нь энэ юм шүү дээ. Одоогоор “Бэст шоес” гутлын үйлдвэр манай зах зээлд хамгийн том нь. Гэтэл тэднийх 1000 хүрэхгүй хос гутал үйлдвэрлэнэ гэж байна. Харин европын зах зээл дээр өдөрт 1000 гутал борлуулах бүрэн боломж бий. Эндээс л бүх зүйл харагдаж байгаа юм. Түүнээс гадна үйлдвэрлэх техник нь шийдэгдлээ гэхэд боловсон хүчний асуудал тулгамддаг зүйлийн нэг шүү дээ. Тэгэхээр хөнгөн үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлд хөл тавьж чадахгүй гэдгийг шалтгаан нь боловсон хүчинтэй шууд хамааралтай.

-Тэгвэл боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ. Уг нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг хүмүүс хэлдэг. Таны хувьд үүнийг хангалтгүй байна гэж үзэж байна уу?

-Нэг хэсэг дээд боловсрол эзэмшихгүй бол болохгүй нь хэмээн хошуурсан. Үүнийг бодвол энэ удаагийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр цаг үеэ олсон шийдэл байлаа. Гэвч төдийлөн хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээгээ илүү хөгжүүлсэн юм шиг санагддаг. Болж өгвөл гараа хумхиж суугаад тэнгэрээс мөнгөөр бороо орохыг харж суух юм. Энэ хэрээр ажилгүйдэл, ядуурал өснө. Ажилд орохоор ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь юуг, яаж хийх вэ гэхээсээ өмнө хэдэн төгрөг авах вэ гэдэг болжээ. Түүнээс гадна мөнгөний их, багыг ярихаас биш түүнийг яаж амьдралдаа зөв зарцуулж, хүргэж болох тухай огт бодохгүй байна. Ажил хийвэл ам тосдоно гэдэг шүү дээ. Зүгээр ч нэг хэлээд орхисон үг биш гэдгийг залуучууд маань  ойлгох ёстой.

-Ирэх жилийн улсын төсвийг батлахдаа бүсээ чангалах сануулгыг өгсөн. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Бид өмнө нь 300 тэрбум төгрөгийн төсвөөр амьдарч болдог байсан. Гэтэл одоо 7.1 их наяд төгрөгийн төсвөөр амьдарч чадахгүй бүсээ чангал гээд байгаа шүү дээ. Үүнийг бид оюун санааны хоосролоос гаргаж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ эдийн засаг хямарсан зүйл байхгүй. Төсөв жил ирэх бүр өсч байхад яагаад хямарсан гээд байгааг ойлгохгүй байна.