m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 07:17
53
Алслагдсан таван сумын төрөх тасаг бүрэн шинэчлэгдлээ

Улаанбаатар хотоос алслагдмал таван сумыг сонгон “Жаргалан” нэртэй эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилготой төслийг хэрэгжүүллээ. Тодруулбал, “Жаргалан” төслийн хүрээнд алслагдсан сумдын эмнэлгийн төрөх тасгийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сум орон нутагтаа түргэн шуурхай, чанартай хүлээн авах боломжийг бүрдүүлэн өгчээ. Төслийн хүрээнд Завхан аймгийн Сантмаргаз сум, Дорнод аймгийн Баяндун сум, Булган аймгийн Хялганат тосгон, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Өмнөговь аймгийн Ханбогд гэсэн сумдуудыг хамруулсан байна.

“Улаанбаатар Пийс авенью” Ротари клуб, Завхан нутгийн залуус хамтран өнгөрсөн 15-ны өдөр сүүлийн сум болох Завхан аймгийн Сантмаргаз суманд ажилласан бөгөөд Сантмаргаз сумын хүн эмнэлгийн төрөх тасагт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, сумын эмч нарт сургалт зохион байгуулж, ротаричуудын сэтгэлийн тусламжийг хүргэжээ.

Тус төслийн хүрээнд алслагдсан сумын иргэдэд ихээхэн шаардлагатай байгаа зөөврийн эхо аппарат, нярайн инкубатор, эх, нярайн үзлэгийн багаж, тоног төхөөрөмж, төрөх ор, эхийн болон ургийн зүрхний цохилт хэмжих монитор, хүүхдийн ор, хүүхдийн жин, эх нярайд шаардлагатай эд материалын дэмжлэгийг хүн эмнэлэг тус бүрт олгожээ. Хөдөөгийн сумдад эх нярайн эндэгдлийг бууруулах, малчин ардуудад эрүүл мэндийн үйлчилгээг ойрхон болгоход энэхүү ажил ихээхэн туслалцаа үзүүлэх бөгөөд ойролцоох сумын иргэдэд ч нээлттэй байх аж.

Энэ оныг Эрүүл мэндийн яамнаас Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан энэ үед сайн санаат Ротари клубийн залуус АНУ-ын ротари клубынхэнтэй хамтран энэхүү буянтай ажлыг зохион байгуулж нэг суманд 300 орчим сая төгрөгний тоног төхөөрөмжийг хандивласан бөгөөд нийт 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад нийгмийн салбаруудын хамтын ажиллагаа дутагдалтай, эх, нярай, хүүхдийн өвчлөл, эндэгдэлд алслагдсан, тусламж, үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал, ядуу, эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдүүд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тусламжаас хожимдох зэрэг нөлөөлж байдаг аж.