m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 07:22
84
Х.Дуламсүрэн: "Титэм" кино зохиол /9-р хэсэг/

/Дөлгөөн гэртээ ширээний ард их л бухимдсан янзтай сууна. Өмнө нь янз бүрийн сонинууд дэлгээстэй харагдана. Нэгдүгээр нүүрэнд Гэрэлжингийн тухай бичсэн материалууд харагдана/. 
Гэрэлжин түүнд кофе дөхүүлж өгөнгөө: 
-Миний хань юундаа уурлаад байгаа юм бэ, бидний тухай шар сонингууд янз бүрээр л бичдэг. Тэр болгонд асуудал өгөөд байдаггүй биз дээ. Бид бие биендээ итгэж л байвал бусад хүмүүс юу гэж ярих нь хэнд хамаатай юм. Тэгээд ч “цагаан хэл амнаас хар хэл ам нь дээр” гэдэг. Муусайн бичих юмаа олж ядсан юмнууд биднийг муулж хоолоо олж идэхээр шийдсэн бол дураараа л болно биз,
Дөлгөөн: Арай хэтэрч байна. Би чиний өмнөөс санаа зовож байна, бид хэдий болтол дугуй явах юм. Энэ сонинуудыг бүгдийг нь шүүхэд өгч нэр төрөө цэвэрлэж авна гэж бодож байна. Чи сайхан бүсгүйн титэмийг зүүгээд хичнээхэн жил болж байгаа билээ. Алдар нэр хүнд тийм амар олддоггүй. Нэгэнт олж авсан бол тэр нэр хүндээ иймхэн “шалдар булдар” зүйлээр алдах учиргүй. Дуугүй яваад байхлаар юу ч гэж бичсэн тэд ямар тоодог биш гээд бүр даварч байна. Айл гэрийн “ор хөнжил” рүү ч дандаа өнгийнө. Зарим үед сонин дээр гарсан зүйлийг уншаад гэм хийчихсэн хүн шиг хүний “нүүр” харахаас ч ичих юм гэж уурсан хэлэхэд
Гэрэлжин: Чи дандаа л нэр төр ярьж байх юм. Юундаа тэгтлээ уурлаад байгаа юм бэ, шүүх энэ тэр гэж төвөг удаад яах гэсэн юм. Зарим сэтгүүлчид чинь өшрөхөөд бүр ч элдвээр бичээд унадаг юм билээ. Тэгж доошоо орж байхаар зүгээр л асуудал өгөхгүй хаячих нь биз.
Дөлгөөн бүр уур нь хүрсэн бололтой, босож цонх руу явангаа, ер нь энэ бүхэн үнэн болоод л чи шүүхэд өгнө энэ тэр гэхээр дургүйцээд байгаа биз, яаж яваад хаа хамаагүй гадны хүнтэй "баар" саванд орж зураг хөргөө татуулчихсан байдаг байна аа, олны нүдэн дээр аятайхан явж бай гэж би чамд хэлдэг дээ, тэр нийлээд байгаа Ариука, Намуун хоёр ч дээ нөхөр сүүдэргүй, яаж чиний хэд гурван төгрөгийг сэгсэрье дээ гэж бодож явдаг олигтой ч “амьтад” биш байхаа даа. Чи тэр хоёрыг бодвол бусдын хүндэтгэлийг хүлээж явах үүрэг хариуцлагатай хүн баймаарсан. 
Ер нь хүмүүс, найзууд маань ч “чи эхнэрээ хэтэрхий дураар нь байлгах юм” гэж зэмлэдэг болоод байгаа.
Гэрэлжин: за яршигдаа, өөрөө болохоор найзууд, найзууд гэж гүйчихээд намайг болохоор найз нөхдөөсөө хөндийр, гээд байдаг ямар учиртай юм бэ, тэгээд ч би чиний мөнгөөр биш өөрийнхөө олсон хэдээр уулзах ёстой хүмүүстэйгээ уулзаж, очно гэсэн газраа очиж явна. Чамайг байнга бэлтгэл сургуулилт энэ тэр гээд гэрийн бараа харахгүй байхад, би гэрийн “буг” болоод хэдий болтол чамайг хүлээж суух юм. Хайран залуу нас минь, энэ янзаараа бол гандаж дуусах нь байна. Сүүлийн үед ганц орой охин бид хоёртой хамт хөгжилтэй байж, үзвэр үйлчилгээ үзэж явсаныг санахгүй байна шүү.
Дөлгөөн: Би чиний тухай зөвхөн сонингоос ч биш, гадны хүнтэй янз бүр болоод явааг чинь таньж мэддэг хүмүүсээс ч бас мэр сэр дуулсан. Битгий хүн доромжлод байгаарай. Чи зөвхөн сая яваад ийм зураг хөрөг даруулчихсан ч юм биш. Өнгөрсөн зун Синга явж амраад ирлээ л гэсэн. Макаод очиж өчнөөн сая төгрөг үрчихээд ирэхэд чинь би тэгтлээ юм хэлээгүй байх шүү. Тэр дүүгийн чинь сургалтын төлбөрийг хүртэл би өгч байгаа. Ээж чинь хүртэл байнга мөнгө төгрөг нэхэж байдаг. Би мөнгө урсгаж байдаг “саалийн үнээ“ биш, аятайхан л байж үзээрэй. Сонин болгон дээр л чиний тухай элдвээр бичиж байна. Энэ бүхэнд чи намайг ямар байдалд ордгийг бодож үзсэн үү,”хүн нэрээ, тогос өдөө “ гэдэг дээ гэхэд,
Гэрэлжин уураа барьж ядан – Чи дандаа л нэр, нэр гэх юм. Ер нь би чамтай нэр төргүй хэн ч биш байхдаа суучихаа юу. Ингэхэд чи миний нэр төрөнд, сайхан бүсгүйн титэмийг өөрийнх болгоод, олны нүдэн дээр гайхуулаад явья гэсэн битүүхэн шуналдаа хөтлөгдөн надтай суусан байх л даа. Харин би надад хайртай учраас бид гэрлэсэн гэж бодож байсан юм. Хэрвээ би “Мисс” ийн тэмцээнд түрүүлээгүй байсан бол чи намайг тоож ч харахгүй байсан биз. Аргагүй л дээ чи чинь том хүн юм чинь. Дургүй чинь хүрээд байгаа бол салчихаж болно шүү дээ.Чамайг заавал надтай хамт бай гэж бай шаардахгүй.
Дөлгөөн энэ үед хэрэг арай бишдэж байгааг ухааран, Гэрэлжинг уурлуулсандаа гэмшин дотроо байгаа бодож бухимдаж байсан зүйлүүдээ гаргасандаа сэтгэл нь жаахан тайвширч 
За за болъё, юун салах энэ тэр гээд хачин юм яриад байгаа юм. Хэрвээ хоёулаа салчихвал бидний хөөрхөн охин яах болж байна. Ханийгаа уучлаарай, өнөө орой хамтдаа театр явах уу шинэ жүжиг тавигдсан гэсэн. Маргааш хоёулаа салхинд гарангаа аавынхаас охиноо авчирнаа. Бүр саначихлаа. Нэлээд хэд хоночихлоо шүү дээ. Би хэд хоног амарч байгаа дээрээ та хоёртойгоо сайхан байнаа гээд ширээн дээр байсан сонингуудыг авч цааш нь чулуудаад Гэрэлжинг аргадан үнснэ.