m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 07:56
73
Оюутнууд үнэ төлбөргүй үзүүлэх эрүүл мэндийн төвтэй боллоо

"Оюутны Эрүүл мэндийн төв"-ийн нээлт өнөөдөр боллоо. Нийслэлийн их дээд сургуулиудад хөдөө орон нутгаас суралцаж буй оюутнуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүрэлцээ хангалтгүй байдаг гэгддэг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын оюутны холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллаж “Оюутны эрүүл мэндийн төв”-ийг Оюутны өргөө II  хотхонд байгуулахаар болж, ийнхүү нээлтээ хийж байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тоног төхөөрөмжийн тал дээр дэмжлэг үзүүлсэн бөгөөд  нийт 16 мянга орчим ам.долларын санхүүжилт гаргасан байна.

Тус эрүүл мэндийн төвийг Анагаах ухааны сургуулийн Ерөнхий мэргэжил, суурь ур чадварын тэнхимийн багш нар хариуцан ажиллуулах бөгөөд тэд сургууль харгалзахгүйгээр бүх оюутныг үнэ төлбөргүй үзэж, эмчилгээ хийх юм байна.

 “Оюутны эрүүл мэндийн төв” байгуулагдсанаар хөдөө орон нутгийн оюутнуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдээд зогсохгүй Анагаах ухааны сургуулийн эмнэлзүйн бааз нэмэгдэх, төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын орчин бүрдэж байгаагаараа ач холбогдолтой гэдгийг нээлтийн үеэр тус сургуулийнхан онцолж байлаа.