m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 08:27
181
Атомын эрин үеийг эхлүүлсэн хүн Энрико Ферми

Энрико Ферми 1901 онд Италийн Ром хотод чинээлэг айлын гэрт мэндэлжээ. Түүний эцэг Альберто Ферми төмөр замын байгууллагад ажиллаж байгаад сүүлд төрийн чухал албан тушаалд томилогдсон байв. Тэрээр хүүгийнхээ боловсролд бага балчир байхаас нь эхлэн анхаарч ирсэн бөгөөд нарийн мэргэжлийн шинжлэх ухаанд дурлахад нь түлхэц болсон юм.

Тиймдээ ч хүү үеийнхнээсээ оюун ухаан болоод юмны учрыг олох гэсэн ажигч, хичээнгүй, хурдан сэтгэдэг чанараараа ялгардаг байлаа. 1918 онд Италийн суутнуудын тусгай сургуульд суралцаж эхэлсэн тэрээр 1924 онд докторын зэрэг хамгаалжээ. Удалгүй 25 настай Энрико Ромын их сургуульд физикийн хичээл заах болов. Тэнд ажиллахынхаа хажуугаар 1938 он хүртэл онолын физикийн институтэд хичээл зааж байсан бөгөөд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэнийхээ дараагаар улс төрийн шалтгаанаар АНУ-д суурьшсан юм.

Тэрээр Нью Йорк хотын Колумбын их сургуульд ажиллаж байгаад 1941-1946 оны хооронд Чикаго хотын их сургуульд багшилсан аж. Цөмийн физик, тэр дундаа цөмийн цахилгаан станц Энрико Фермийн сонирхлыг маш их татдаг байв. Тэрээр 1942 оноос ерөнхийлөгч Ф.Д Рузвельтын тушаалаар эхэлсэн атомын бөмбөг хийх Манхэттен төсөлд оролцож эхэлжээ. Энрико Фермийн удирдлаган доор Чикаго хотын их сургуульд анхны цөмийн реактор СP-1 (англи хэлний Chicago Pile) бүтээгдсэн юм. 1942 оны арав хоёрдугаар сарын 2-ны өдөр 14 цаг 30 минутанд анхны удирдлагат гинжин урвалыг эхлүүлсэн ажээ. Ийнхүү хүн төрөлхтөн атомын эрин үед эргэлт буцалтгүй шилжсэн байна. Үүнээс хэдхэн хормын дараа Артур Комптон төслийн дээд удирдагчид руу утасдан “Итали завьчин шинэ ертөнцдөө амжилттай буусан. Түүнийг хүмүүс найрсагаар хүлээн авав” гэсэн нууц үгсийн тусламжтайгаар тэдний ажил амжилттай болсныг илтгэсэн гэдэг.

Ферми Манхэтген төсөл дээр дуустал нь ажилласан бөгөөд 1945 оны долдугаар сарын 16-ны өдөр анхын атомын бөмбөг дэлбэрэх үед Шинэ Мексик мужийн цэргийн сургуулилатын газар байрлаж байв. Атомын дэлбэрэлт болсон тухай мэдээг анх сонсоод тэрээр гартаа байсан цаасны хэлтэрхийг газар унагаж, улмаар түүний эзэлж буй хэмжээн дээр үндэслэн атомын бөмбөгийн хүч 10 тонн дэлбэрэх бодисын хэмжээтэй байсныг тооцож гаргасан юм. Энрико Ферми амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Польш гаралтай эрдэмтэн Станислав Уламын хамтаар комьютерийн туршилтууд хийж байлаа.

Тэрээр 53 насандаа хорт хавдрын улмаас нас барьсан ч Уламын дурсаж хэлснээр насан эцэслэтлээ ухаан санаа нь сэргэг байсан гэдэг.