m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 08:29
76
Төсвийн тодотголыг маргааш чуулганаар хэлэлцэнэ

Төсвийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэх асуудлын талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцуулсан юм. Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжлээ.

Үүний дараа Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэх хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх танилцууллаа.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дараах зорилтыг дэвшүүлсэн Зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл, лиценз авдаг олон шат, дамжлагыг энгийн хэлбэрт оруулах, Европын Холбоо, АНУ, ISO-ийн стандартыг хангасан бүтээгдэхүүнд шууд зөвшөөрөл олгодог болох, Мэдээллийн технологийг ашиглан цаасаар үйлддэг шат дамжлагыг 50 хувиар бууруулах, Авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэчлэл гаргах, тусгай зөвшөөрлийн арилжаанд ил тод байдлыг бүрдүүлэх, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийт 17 чиглэлээр 172 нэр төрлийн тусгай зөвшөөрөл олгохоор тогтоосон байна.

Гэвч өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий 54 байгууллага 914 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна. Үүнд зөвшөөрлийн ангилал байхгүйн улмаас зарим зөвшөөрлийн хувьд ялгамжтай, уян хатан, хялбаршуулсан нөхцөлийг ашиглах боломжгүй, зөвшөөрөл олгосны дараа түүнийг сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгохтой холбогдсон гомдол, маргааны тоо хэмжээ буурахгүй байна. Мөн зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл ил тод, нээлттэй байж чадахгүй, зөвшөөрөл олгож буй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт алга байгааг Шадар сайд хэллээ. 

Хуулийн төсөл нь 37 зүйл бүхий 10 бүлэгтэй. Зөвшөөрлийг хянах, олгох үйл ажиллагааны арга, дэглэмийг тогтоох зорилгоор “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн гурван бүлэгт ангилахаар тусгасан.

Ингээд Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг гишүүд дэмжлээ.

Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.