m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 08:32
62
Эрчим хүчний салбарт ил тод байдлыг дээшлүүлнэ

Эрчим хүчний сайд Д.Зоригт энэ сарын 17-ны өдөр "ДЦС-III", "ДЦС IV" төрийн өмчит хувьцаат компаниудын ажил байдалтай нь танилцлаа. Тус станцууд аль алинд нь өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд эрчим хүчний үнэ тарифыг бодит түвшинд, салбарын хэмжээнд дагаж мөрдөж байгаа дүрэм журмыг цаг үеийн нөхцөл байдалтай холбгдуулан шинэчилж өөрчлөх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэх, банк, санхүүгийн байгууллагын урт богино хугацаатай өр авлагыг шийдвэрлэх гэх мэт тодорхой асуудлуудаар санал хүсэлтээ илэрхийлсэн аж.

"ДЦС-III" ТӨХК нь энэ оны зургадугаар сард 50 МВт-турбогенераторын өргөтгөлөө хүлээж авсан бөгөөд үүний үр дүнд нэгж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өөрийн өртөг хямдарч энэ онд 1.0 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн байна. Өвөлжилтийн бэлтгэлийг 96-100 хувь хангаж, өр авлагыг бүрэн барагдуулан ажиллаж байгаа тухайгаа "ДЦС-III" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чимиддорж танилцууллаа.

Банк, санхүүгийн байгууллагын урт богино хугацаатай өр авлагыг шийдвэрлэх хүсэлт тавьжээ

Мөн "ДЦС- IV" ТӨХК нь 123 МВт-ын турбогенераторыг суурилуулж байгаа. Удахгүй энэ сарын 22-ны өдөр хүлээж авах бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн бүтээжийг сайжруулах талаар дотоод нөөц боломжид тулгуурлан хийж байгаа ажлаа "ДЦС- IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар дэлгэрэнгүй танилцууллаа.  

Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ "Эрчим хүчний салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үргэлжлүүлэхийн зэрэгцээ марктенг, менежментийг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулна" гэсэн юм. Мөн тэрээр эрчим хүчний салбарт ил тод байдлыг дээшлүүлэх, компаний засаглалыг сайжруулах талаар хийхээр төлөвлөсөн ажил байгаа бөгөөд ялангуяа төрийн өмч давамгайлсан хувьцаат компаниудын хувьцааны тодорхой хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулж худалдан борлуулж, тухайн компанид хөрөнгө оруулахын зэрэгцээ компанийн ажилчдад нь 5.0 хүртэлх хувийг давуу эрхээр хувьчилж ч болно. Энэ талаар удахгүй Засгийн газрын түвшинд шийдвэр гаргана" гэсэн юм.