m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 09:14
56
“Найрсаг Улаанбаатар” хэрэгжиж эхэлнэ

 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр Улаанбаатар хотыг найрсаг уур амьсгалтай, нийслэлчүүдээ хотын соёлтой байлгах, аялал жуулчлалыг хөгжүүлэн жуулчдыг татах зорилготой. Аялал жуулчлал хөгжүүлэх, хотын соёлыг бий болгох гол багана нь соёл урлаг юм гэдгийг энэ хөтөлбөрт багтаажээ. Нийслэлийн жил бүрийн төсвийн 5,0 хувийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт зориулна гэсэн чиглэл гарсан юм байна. Энэ таван хувийн хоёр нь соёл урлагт зарцуулагдах бөгөөд нийслэлийн төсвөөс анх удаа соёл урлагт төсөв тавиж байгаа аж.

Өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уг хөтөлбөр батлагдсан.

Хэрвээ төсвийн тодотголоор хөтөлбөрөө батлуулж чадвал бүс нутгийн, монгол туургатны олон улсын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Жишээлбэл, Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Гандангийн даншиг” гэж наадам зохион байгуулахаар төлөвлөсөн. Өндөр гэгээн Занабазар “Гандангийн даншиг” наадмыг анх санаачлан хийсээр ирсэн ч социализмын үеэс тасарсан гэх. Энэ наадам шашин соёлын эртний зан заншлыг сэргээх зорилготой. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг хөшүүрэг болох юм байна.