m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 09:32
79
Оросын эдийн засагт хямрал нүүрлэж болзошгүй

ОХУ-ын санхүүгийн зах зээлийг хямралд хүргэхүйц хар мягмар гариг өчигдөр боллоо. Учир нь Оросын үнэт цаасны хамгийн том зах зээл болох Москвагийн хөрөнгийн бирж дээр 100 рубль нэг евро, 80 рубль нэг ам.доллартай тэнцэж рубль, үнэт цаас, бондын ханшууд огцом уналаа.  Урьд өмнө нь ийм явдал тохиолдож байгаагүй бөгөөд нэг өдрийн өмнө нэг ам.доллар 60 рублийн ханштай байсан байна. Өөрөөр хэлбэл ганц өдрийн дотор ханш 6.5 хувиар унасан хэрэг.

Оны эхний байдлаар рубль ам.долларын харьцах ханш 32.8 рубль, евротой харьцах  ханш 45.3 рубль байсан билээ.  Зарим эдийн засагчид Оросод санхүүгийн хямрал нүүрлэж болзошгүй талаар гурван долоо хоногийн өмнөөс анхааруулж байсан.  Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев  шуурхай хуралдаан зарлав.

Оросын эдийн засаг цаашид хэрхэх талаар болон энэ асар том эдийн засаг унаснаар ямар улсад ашигтай бас хохиролтой болох талаар эдийн засагчид өөр өөрийн таамаглал дэвшүүлж байдлыг ажиглаж байна. Ханш уналтаас үүссэн хэт их мөнгөний урсгалаас үүдэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сөрөг үр дагавар гарч болзошгүй юм. Эдийн засагчдийн дэвшүүлж байгаа урьдчилсан таамгаар Оросын ДНБ ирэх онд 4.5-5 хувиар буурах тооцоо гарчээ.

Москвагийн хөрөнгийн бирж дээр 100 рубль нэг евро, 80 рубль нэг ам.доллартай тэнцэж рубль, үнэт цаас, бондын ханшууд огцом уналаа

Оросын  санхүүгийн зах зээл дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг ерөнхийд нь авч үзвэл өнгөрсөн даваа гаригт Оросын төв банк рублийн ханшны уналтыг зогсоох зорилгоор хүүгийн хэмжээгээ 10.5 хувь байсныг 17 хувь болгож өсгөсөн нь хөрөнгө оруулагчдыг түгшээж мягмар гаригийн өглөө хувьцаагаа үнэ хямдруулж зарахад хүргэжээ. Өөрөөр хэлбэл ханш өсгөснөөр хямралыг зогсоож чадаагүйгээр үл барам улам сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна. Оросын төв банк рублийн ханшийг тогтвортой болгохоор энэ онд 80 тэрбум  ам.доллар зарцуулсан байна.

Оросын ДНБ ирэх онд 4.5-5 хувиар буурах тооцоо гарчээ

Өөр нэгэн шалгаан нь түүхий нефтийн үнийн уналт яах аргагүй болж байгаа юм. Зургаан сарын өмнө  нэг баррел нь 115 ам.доллар байсан “Брент” маркын түүхий нефть өчигдөр 60 ам.доллар болж буурчээ. Хэдийгээр эдийн засагчид  дэлхий даяар эдийн засгийн идэвхижил сул байгаа байдал,  томоохон газрын тос үйлдвэрлэгч улсууд болох Ирак, Лив дэх эмх замбараагүй байдал, АНУ нь хамгийн том үйлдвэрлэгч орон болсон хэдий ч  түүхий тос төдийлөн экспортлохгүй байгаа явдал, түүнчлэн Саудын Араб нь өөрийн зах зээл дээрх тосны үнийг алдагдалгүй байлгах шийдвэр нь ийнхүү газрын тосны үнэ буурахад нөлөөлж байна гэж үзэж байгаа ч Оросын эдийн засгийг хямралд оруулах гэсэн зарим нэгэн улсуудын оролдлого байх талтай. Катарын Доха хотноо болсон байгалийн хий экспортлогч улсуудын XVI дахь удаагийн чуулга уулзалтанд оролцох үеэрээ ОХУ нефть болон байгалийн хийн үнийн талаар хэлэлцэхээр ихээхэн найдлага тавьж байсан нь үр дүнд хүрээгүй юм.

Оросын төв банк рублийн ханшийг тогтвортой болгохоор энэ онд 80 тэрбум  ам.доллар зарцуулсан байна

       

Өнгөрсөн сарын байдлаар Оросын инфляци 9.5 хувьд хүрсэн билээ. Инфляци, рублийн ханшны сулрал, Украины хямралаас үүдэлтэй барууны орнуудын авч байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг нь Оросын эдийн засгийг ийнхүү тогтворгүй байдалд хүрэхэд ихээхэн нөлөөлсөн нь тодорхой юм.

Хэрвээ Оросод эдийн засаг, санхүүгийн хямрал даамжирвал дэлхийн эдийн засагт муугаар тусах нь дамжиггүй юм. Одоогийн байдлаар Турк, Герман зэрэг хэд хэдэн орны зах зээлд нөлөөлөл нь мэдрэгдэж эхлээд байгаа ажээ. Герман улс нь Оросод нээлттэй Европын хамгийн том эдийн засаг бөгөөд өнгөрсөн онд хоёр улсын хооронд  76 тэрбум евро буюу 95.4 тэрбум ам.долларын худалдаа хийж байсан билээ. Тэгвэл Украины хямралтай холбоотойгоор барууны орнуудын авч байгаа хориг арга хэмжээний улмаас эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн хэмжээгээр хумигдаад байна. Энэ байдлыг Герман улс “Геополитикийн хямрал” хэмээн нэрлээд байгаа юм. Дэлхийн банкны саяхан хийсэн судалгаагаар ирэх онд Оросын төсвийн алдагдал 50-90 тэрбум рубль буюу 1-1.7 тэрбум ам.долларт хүрч макро эдийн засгийн байдал муудах төлөвтэй гэж үзжээ.

Оросод эдийн засаг, санхүүгийн хямрал даамжирвал дэлхийн эдийн засагт муугаар тусах нь дамжиггүй 

Манай улсын хувьд хөрш ОХУ-д эдийн засаг ийнхүү тогтворгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал мөн юм. Хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хөтөлбөрийг өнгөрсөн жилүүдэд амжилттай хэрэгжүүлснээр худалдааны эргэлт нэг тэрбум ам.долларт хүрээд байгаа билээ. Манай улс нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг ОХУ-аас импортлож, уул уурхайн болон малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортолдог. 1990- 2013 онд ОХУ нийтдээ  297 674.2 сая ам.долларын  хөрөнгө оруулалтыг хийж, хөдөө аж ахуй, батлан хамгаалахын салбарт хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож байжээ. Хоёр улсын хооронд өнөөгийн байдлаар 180 орчим худалдаа, эдийн засаг, техник технологийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийсэн худалдаа, эдийн засгийн том түнш билээ.