m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 10:18
30
Соёлын тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж байнгын хорооны дарга Д.Батцогт үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлаар Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд дээрх хуулийн төсөлд Олон нийтийн радио, телевиз болон Монгол Улсад бүртгэлтэй бусад телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулах уран сайхны нэвтрүүлэгт үндэсний нэвтрүүлэг, үндэсний киноны эзлэх хувийг тодорхой зааж, хязгаарлалт тогтоохоор тусгасан. “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-д “Телевизэд тусгай зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүйг нь үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монголд бүтээсэн бүтээл байх зохицуулалтыг гэрээнд тусгаж байх”-ыг заасан байдаг ч өнөөдөр хэрэгжихгүй байна.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд үндэсний соёл, хэл, зан заншлаа дээдлэх, үндэсний уран бүтээлчдийн бүтээлийн эрэлт хэрэгцээ сайжирна гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлэл судалгааны албанаас гаргасан “Монголын хэвлэл- Өнөөдөр” мониторингийн судалгаанд 1999 онд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 197 байсан бол 2013 онд 506 болж өссөн, жилд дунджаар 50 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл шинээр үйл ажиллагаагаа эхлүүлдэг гэж дурьдсан байгааг танилцуулаад сүүлийн жилүүдэд мэдээллийн хэрэгслүүд төрөлжиж байгаа нь уншигчдад мэдээлэл авахад хялбар болж байгаа, мөн сэтгүүл зүйн өрсөлдөөнд цахим мэдээллийн хэрэгсэл хүч түрэн орж ирж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна гэдгийг дурдлаа.

Дараа нь хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл хуульд орж байгаа өөрчлөлтийн талаар танилцуулсан юм. Тухайлбал хуулийн 19-р зүйлийн 5 дахь хэсэгт олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь , хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна гэж заажээ. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа Франц, Бельги зэрэг улс орнуудын туршлагыг судалсан тухай хууль санаачлагч танилцуулав.  Хэлэлцүүлэгт ороцлогчид хуулийн төслийн талаар  саналаа хэлж, хуулийн төсөлд өөрчлөлт оруулан батлах хэрэгтэй гэдгийг оролцогчдийн олонх нь хэлж байлаа.

Хэлэлцүүлэгт хэвлэл, мэдээллийн байгууллага, кино урлагийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож санал бодлоо солилцсон юм.