m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 10:58
185
Зураач, уран бүтээлчдээ сонгон шалгаруулалтад урьж байна

ХБНГУ-ын Шлезвиг-Гольштейн мужид зохион байгуулагддаг “NordArt-International Art Exhibition” үзэсгэлэн ирэх 2015 оны зургадугаар сарын 6-нaac аравдугаар сарын 5-ны хооронд үргэлжлэх юм. Уг үзэсгэлэнгийн хүрээнд Монголын уран бүтээлчдэд зориулан тусгай павильон гаргаж байгаа бөгөөд уг үзэсгэлэнд оролцож бүтээлээ дэлгэх зураач, уран бүтээлчдийг сонгон шалгаруулахаар болсон байна. Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох уран бүтээлч нь уран зураг, баримал, инстоляц, видео болон фото арт төрлөөр орчин үеийн урлагийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд туурвиж ирсэн туршлагатай байх шаардлагатай гэнэ.

Уран бүтээлчийн санал болгож буй бүтээл нь утга агуулга, зохиомж, ашигласан материал, гүйцэтгэлийн хувьд өөрийн гэсэн хэллэг, онцлох төрхтэй, давтагдашгүй шинэлэг байхаас гадна үзэл санааны хувьд монгол хүн, Монгол орон, дэлхий нийтэд тавигдаж буй чухал асуудлуудыг хөндсөн байх нь давуу тал болох юм байна.

“NordArt” нь 16 жилийн түүхтэй, Европын томоохон дүрслэх урлагийн үзэсгэлэнд тооцогддог бөгөөд 2014 онд 101 орны 3000 орчим уран бүтээлч oролцох хүсэлт гаргаснаас нийт 55 орны 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг зургадугаар сарын 14-ний өдрөөс аравдугаар сарын 12-ны хооронд үзэсгэлэнгийн талбай болон цэцэрлэгт хүрээлэнд дэлгэж 70 мянга орчим үзэгчдэд толилуулжээ.

Mөн „NordArt“ үзэсгэлэнгийн үеэр Европын орнууд ялангуяа Испани, Дани, Голланд, Герман, Скандинавын орнуудaac кураторууд болон галеристууд нь шинэ залуу, авъяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, цаашид тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор хүрэлцэн ирдэг байна.