m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 15:57
76
Рублийн ханш түүхэн доод түвшиндээ хүрэв

Ам.доллартай тэнцэх рублийн ханш түүхэн хамгийн доод түвшиндээ хүрчээ. Тухайлбал, газрын тосны үнийн уналт, ОХУ-ын импортын хориг болон Украины хямралтай холбоотойгоор АНУ болон барууны орнуудын ОХУ-ын эсрэг авсан хэд хэдэн удаагийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор тус улсын ам.долларын урсгал багасч, хөрөнгө оруулалт зогсонги байдалд ороод байгаа юм.

Мөн энэ сарын 16-ны өдрийн Москвагийн хөрөнгийн бирж дээр 100 рубль нэг евро, 80 рубль нэг ам.доллартай тэнцэж 20 орчим хувиар буурсан байна. Харин ОХУ-ын Төв банкнаас интервенц хийж зээлийн хүүгээ 7.0 хувиар нэмэгдүүлж 17 хувьд хүргэсэн боловч төдийлөн ахиц гараагүй гэдгийг шинжээчид хэлж байгаа юм.

Түүнчлэн тогтмол суларч буй рублийн ханшийг тогтоохын тулд интервенцийг үргэлжлүүлнэ гэж тус улсын Төв банкнаас мэдэгдэж байгаа боловч валютын нөөцөөс 85 тэрбум ам.долларыг гаргах шаардлагатай гэж Ерөнхийлөгч В.Путины зөвлөх мэдэгдсэн аж. Гэтэл энэ сар ОХУ 8.0 тэрбум ам.долларыг зарцуулаад байгаа бөгөөд хэрэв ирэх онд газрын тосны ханш 60 ам.долларт хүрвэл Төв банк 85 тэрбум ам.долларын интервенц хийх хэрэгтэй болох аж. ОХУ-ын Эдийн Засгийн Хөгжлийн яам ирэх онд эдийн засаг нь 0.8 хувиар агшина гэж тооцоолсон талаар Bloomberg мэдэгдсэн. Харин газрын тосны үнэ 60 ам.доллараас унавал 4.7 хүртэлх хувиар агшина гэж ОХУ-ын Төв банк үзсэн байна.

Рублийн ханш суларснаас өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж байна

Ам.доллартай харьцах рублийн ханш ийнхүү суларснаас болж өргөн хэрэглээний барааны үнэ төдийгүй, тавилга, машины үнийг ч өсгөж байгаад ард иргэд нь Засгаа газраа буруутгаж байгаа аж. Мөн ОХУ-ын эдийн засгийн 70 хувийг газрын тос, байгалийн хийн орлого бүрдүүлдэг бөгөөд газрын тосны үнэ нэг ам.доллараар буурах бүрт ОХУ хоёр тэрбум ам.долларын алдагдалтай байгаа гэж шинжээчид үзэж байгаа аж. Хэрэв ирэх онд дэлхийн газрын тосны үнэ энэ хэвээр буурсаар байвал ОХУ-ын эдийн засгийн өсөлт 0.7 хувиар буурахыг Дэлхийн банк анхааруулжээ.

Түүнчлэн манай улсад ч рублийн ханш сүүлийн дөрвөн сарын турш тогтмол буурсан бөгөөд Монголбанкны албан ханшаар 28.43 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Харин "Найман шарга" болон валютын бусад зах дээр 31.00 төгрөгөөр арилжигдаж байгаа аж.