m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 01:42
117
Монгол Улсын бүх шүүх шилэн кабелиар холбогдсон

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд бас нэг хийж хэрэгжүүлсэн чухал ажил нь цахим шүүх юм байна. Смарт буюу ухаалаг шүүх, хэр зэрэг ухаалаг байгааг нь хэр цахимжиж вэ гэдгээс харах бололцоотой гэж Н.Лүндэндорж дарга онцлоод "Монголын шүүх цахимжиж чадлаа” гэлээ. 

Нэгдүгээрт бүртгэл, хяналтын програмуудтай болсон. Шүүхэд нэхэмжлэл ирэнгүүт программаар дамжин шүүхийн цахим санд хадгалагдах бөгөөд ямар шатанд явж байна,  хуулийн хугацаандаа шийдвэрлэгдэж байна уу гэдгийг энэхүү програмаас бүрэн үзэх боломжтой болжээ.

Цахимжсан шүүх болсны бас нэгэн давуу тал нь шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой. Тухайлбал өмнө нь хэн гэдэг нэр дэвшигчээс хэн шалгалт авч байгаа нь тодорхой байдаг байсан бол цахим систем нэвтрүүлснээр хэн гэдэг нэр дэвшигчийн материалыг хэн засч байгааг мэдэх боломжгүй болжээ. 

Монгол Улсын 41 шүүх бүгд шилэн кабелиар холбогдсон

Цахим шүүхийн бас нэгэн давуу тал нь Монгол Улсын 41 шүүхийг бүгдийг нь шилэн кабелиар холбож чадсан явдал. Шүүхийн дата баазыг байгуулснаар бүх шүүхийн шүүн таслах үйл ажиллагаа болон захиргааны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл ШЕЗ-ийн дата баазад хадгалагдаж байна. 

Цаашид хорих ангиас шүүх хуралдаанд зайнаас оролцох боломжтой.

Эцэст нь цахим шүүхийн бас нэг хэлбэр нь онлайн тогтолцоо. Шүүх хуралдаанд зайнаас оролцох нөхцөл бололцоо бүрджээ. Тухайлбал Ховд аймагт байгаа хүнийг Төв аймагт болсон шүүх хуралдаанд зайнаас оролцуулж, гэрчийн мэдүүлэг авчээ. Цаашлаад 461 дүгээр ангид хоригдож байгаа хүмүүсийг шүүх рүү зөөдөг ажлыг бүрэн зогсоох юм байна. Өөрөөр хэлбэл 461 дүгээр хорих ангиас бүхий л шүүх хуралдаанд зайнаас оролцуулах техникийн бололцоотой болжээ. Мөн Монголын бүх шүүхүүдтэй холбогдож, зайн сургалт явуулах боломжтой болсон байна. Шуурхай хурал, зөвлөгөөнд хөдөө орон нутгийн шүүгчдийг дуудаад байх шаардлагагүй, цахим хэлбэрээр явуулах нөхцөл бүрдсэн.