m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 02:04
734
Б.Болормаа: Нас ахих тусам хүн ээжийгээ л боддог юм байна

Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг энэ эмэгтэйг үзэгчид “Шинэ үсгийн багш”, ”Алтан шонхор”, ”Нүцгэн уулын бэлд”, ”Газар  шороо”, ”Хүслээр болдоггүй хорвоо”, ”Зүрхэнд шивнэсэн үг”, “Тамгагүй төр”, ”Галуу эргэж ирсэн нь” зэрэг олон сайхан кино, жүжгийн дүрүүдээр нь сайн мэднэ. Москвагийн театр урлагийн их сургуулийг төгссөн цөөхөн жүжигчдийн нэг тэрээр эх орноосоо алс хол олон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн. Төрөлх театртаа эргэн ирж уран бүтээлдээ шамдан  орсон СТА  жүжигчин Батсүхийн Болормаатай  “Алтан тайзны эзэд” театрын ахмадуудыг хүндэтгэх ёслолын үеэр уулзаж, ярилцсан юм.

-УДЭТ-ын хамт олон ахмадуудаа хүндэтгэн “Бид мартахгүй” хэмээх дурсамж арга хэмжээг зохион байгууллаа. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Бид бүхэн театрын музей дээр хамт олноороо хүрэлцэн ирж, үзлээ. Яг одоо би Зоригоо багшийнхаа зурагны өмнө зогсч байна. Москвагийн урлагийн их сургуульд байхад биднийг анх дагуулж яваад ахалж, багшилж байсан хүн байгаа юм. Театрын даргаар ажиллаж байсан Зоригоо багшийн маань 70 насны ой энэ жил тохиож байна. Хэрвээ багш минь амьд сэрүүн байсан бол МГИК төгсөгч биднийгээ түшиж, дэмжиж л явах байсан болов уу. Энэ дашрамд Зоригоо багшийнхаа гэр бүл, үр хүүхдүүдэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Би гадаадад ажиллаж амьдраад урлагаасаа нэлээд хөндийрсөн байсан. Монголдоо ирээд УДЭТ-таа ажиллаж байна. Нэлээд хэдэн жүжигт тоглолоо. “Тамгагүй төр” жүжгийн их хатан Цэцэрийн дүрд тоглож байгаад гадагшаа явж байсан юм. Эргэж ирээд яг энэ дүр дээрээ тоглоход цоо шинэ жүжигт тоглож байгаа юм шиг л бүхнийг эхнээс нь хийж, суралцах шаардлага гарлаа. Бараг 10 жилийн дараа эргээд тоглож байгаа юм байна. Кихот ноёны хатан, япон жүжгийн хатан ч гэдэг юм уу нас яваад ер нь л ээж, их хатны дүрүүдэд л их тоглох боллоо. Мэндбаяр эгчийнхээ тоглодог “Тэмүүжин” хүүхдийн жүжгийн Бөртэ хатны аягачин хөгшний дүрийг ч бүтээж үзлээ. Ерөнхийдөө нас явж байгаа юм байна шүү гэдгээ мэдэрч байна.

-Та Америкт амьдарч байгаад ирсэн байх аа. Театр ороод хэр хугацаа өнгөрчихөв өө?

-Би 1987 онд хойно сургууль төгсөж ирээд 2002 он хүртэл театртаа 15 жил ажиллаад Америк явсан. Бусдын адил хүүхдээ багаас нь хэл сургах гээд Америк руу дунд сургуульд явуулсан юм. Хүүг маань  дунд сургуулиа төгсөхөд нь амьдарч байсан  айл нь бидэнд урилга явуулж гэр бүлээрээ тэнд очсон. Нутагтаа ирээд бараг гурван жил болчихлоо. Цаг хугацаа ч үнэхээр хурдан өнгөрөх юм даа.

-Театртаа эргэж ирээд анхны жүжигтээ тоглох үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Бас л хэцүү юм билээ. Яг эхлэн суралцаж байгаа дадлагын жүжигчин шиг л мэдрэмж төрсөн. Нэг л дасч өгөхгүй байлаа. Гэхдээ Америкт байхдаа урлагаа орхиогүй байсан минь их нэмэр боллоо. Би тэнд байхдаа өөрөө жүжиг бичээд, мэргэжил нэгт уран бүтээлчидтэйгээ хамтраад жүжигт тоглодог байсан. Ажлынхаа цаг заваар шүлэг, зохиол бичнэ. Нутаг орноо санагалзаж цөөнгүй шүлэг бичсэн.  Тэнд байхдаа “Би хэн бэ? гэдэг жүжгийн зохиол бичсэн. Найруулагчаар нь Алтанбагана маань ажилласан. Энэ жүжигт маань ерөнхийдөө гадаадад амьдарч байгаа монголчууддаа эх орон чинь үүдээ дэлгээд та бүхнийг эргээд ирэхийг хүлээж байгаа шүү гэдгийг сануулсан, уриалсан сэдэвтэй юм. Бид жүжгээ хэд хэдэн хотоор явж монголчууддаа тоглосон. Тухайн үед найруулагч Машбат ах, УГЖ Батцэцэг эгч хоёр үзээд их урам өгсөн.

Эх орон чинь үүдээ дэлгээд та бүхнийг эргээд ирэхийг хүлээж байгаа шүү гэдгийг сануулсан, уриалсан сэдэвтэй

Яг одоогоор бол би кино зохиол, роман бичиж байна. Монголдоо ирээд тайзны бүтээлүүдээс гадна дэлгэцийн бүтээлд тоглолоо. “Огцом эргэлт” киноны өмгөөлөгч бүсгүйн дүр дээр ажилласан. Жижиг сажиг уран бүтээлүүд бол нэлээд их байлаа.

-Кино зохиол бичиж байгаа гэлээ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу. Ямар төрлийн кино байх бол?

-Түүхэн сэдэвтэй. Аравдугаар зууны үеийг дүрсэлсэн түүхэн зохиол бичих гэж оролдож байна. Судалгаа их хийж байна. Түүхийн холбогдолтой ном унших, судалгааны бүтээлүүдтэй танилцах гээд ажил ихтэй юм. Миний зохиол түүхэн сэдэвтэй ч гэлээ уран сайхны гэдэг утгаараа заавал нэг хэв маягт бол баригдахгүй. Өөрөө жүжигчин хүн болоод ч тэр үү зохиолынхоо дүрүүдийг нэлээд сайн гаргаж өгөх юмсан гэж их хичээж байна. Дүр бүрээ бодож, дотроо төсөөлдөг. Гоё болох байх л гэж найдаж байна даа.

-Нэг ангит кино юу?

-Үгүй. Бүтэн роман гэхээр нэг ангитай кино хийхэд арай тохиромжгүй байх гэж би хувьдаа бодож байгаа юм. Гэхдээ найруулагч маань миний зохиолыг уншиж үзээд, базаад нэг анги болгох уу эсвэл 2-3 ангитай кино хийх үү гэдгээ өөрөө шийдэх байх. Ямар ч байсан хонь жилдээ багтаагаад олон түмний хүртээл болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Таныг “Шинэ үсгийн багш” киноны Дүнжидмаа бүсгүйн дүрээр тань хүмүүс их сайн мэддэг. Энэ киноныхоо талаар?

-Харин тийм ээ. Энэ киногоор илүү мэддэг юм билээ. Гудамжинд явж байхад, таксинд суусан ч тэр дүрээр минь хүмүүс таньдаг юм. Би чинь уг нь 20 гаруй киноны гол болон туслах дүрд тоглож байсан хүн шүү дээ. Тэгтэл Бадар-Ууган гуайн “Шинэ үсгийн багш” киноны дүр үзэгчдэд илүү их хүрсэн. Яахав энэ кино маань их цаг үеэ олсон, хөөрхөн бүтээл л дээ. Ямар ч байсан Сэлэнгээ эгч, Баатархүү ах, Тунгаа эгчтэйгээ гээд олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа одоо ч баяртай явдаг юм. Эргээд дурсахад киноны зохиолч Жамбалдорж гуай, найруулагч Бадар-Ууган гуай өнөөдөр бидний дунд байхгүй байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг.

Бадар-Ууган гуайн “Шинэ үсгийн багш” киноны дүр үзэгчдэд илүү их хүрсэн.

Киноны зураг авалт Завханд хийгдсэн. Тухайн үед Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, онгон дагшин байдлаар бахархаж, баярлах сэтгэл маш их төрсөн. Тэгээд энэ сайхан нутгийн тухай шүлэг хүртэл бичсэн.

Залаандаа мөнгөн титэм зүүсэн уулстай

Замбуулингийн бурхад заларч чуулах дуртай

Зон олноо ундаалж ирсэн рашаантай

Завхан нутаг үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй... гэж шүлэг минь эхэлдэг.

-Таны хамгийн анхны дүр?

-Жигжидсүрэн гуайн найруулсан “Алтан шонхор” гэдэг кино бий. Манай энэ “Хасар” Жагаа бид хоёр хамтарч тоглож байлаа.

-Анх жүжигчин гэдэг мэргэжлийг хэрхэн сонгож байв?

-Би зургадугаар арван жилд сурч байсан юм. Аравдугаар анги төгсөх жил театраас мундаг том жүжигчид ирээд л жүжигчний сургуульд явуулах хүүхдүүдийг шалгаруулж авч байлаа. Манай ангиас үзэгчдийн сайн таних “Харц” нэвтрүүлгийн хөтлөгч Ургамал бид хоёр сонгогдсон юм. Тэгээд драмын театр дээр очиж шалгалт өгөөд тэнцээд  15-уулаа Эрхүүгийн бэлтгэлд тэгээд Москвагийн театр урлагийн дээд сургуульд явсан. ЗХУ-ын ардын жүжигчин А.Д.Папанов гэдэг хүний удирдлага дор бид таван жил суралцаж төгссөн. Одоо театрт ажиллаж байгаа нь Жагаа, Урнаа бид гурав. Энэ хоёр минь театртаа олон жил, чин үнэнчээр ажиллаж, театр, уран бүтээлийнхээ л төлөө гэж явдагт нь дотроо бахархаж, баярлаж явдаг юм.

Миний хувьд багаасаа л дуу бүжгийн дугуйланд явдаг ангийнхаа урлагийн үзлэгийг авч явдаг тийм л хүүхэд байсан. Ер нь багаасаа л урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан юм. ЗХУ руу сургуульд явуулах хүүхэд шалгаруулж байна гэхэд нь хүртэл бөөн баяр, бараг хамгийн түрүүнд л очоод шалгуулсан.

-Гэр бүлд тань танаас өөр урлагийн хүн байдаг уу?

-Байхгүй. Аав минь намайг эмч болгоно гээд ээж минь харин өөрийнхөө хүслээр л мэргэжлээ сонго гэдэг байсан. Манай аавын төрсөн дүү нь Батсүмбэрт клубийн эрхлэгч хийдэг байсан юм. Тэр ах маань намайг их хөглөж өгсөн. Ах маань өөрөө хөгжим тоглоно, дуулна, бүжиглэнэ. Жаахан байхдаа ахынхаа клубт очиж их харна, тэгээд “Ишиг” бүжиг гэж хийдэг байсан. Бүжгийн хувцсыг хүртэл ах маань хийж өгдөг байсан. Тэр бүжгээрээ би алтан медаль авч байлаа. Сургуульд орохоосоо өмнө л урлагаар амьсгалчихсан байсан даа.

-Москвад сурч байхдаа их туулайчилж жүжиг үздэг байсан гэж Жагаа ах хуучилж байсан юм байна?

-Тэгэлгүй яахав. Жүжиг үз гээд ганц хоёрхон билет өгнө. Тэр нь 15 хүүхдэд яаж хүрэх вэ дээ. Тэгээд туулайчлах, билетээ дамжуулах гээд янз бүрийн арга сүвэгчилдэг байлаа. Шатан дээр суугаад эсвэл хамгийн арын эгнээнд зогсож байгаад л жүжиг үзнэ.

-Таныг би яах аргагүй Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэж бодож байна. Тэгэхээр гоо сайхны талаар ярихгүй өнгөрч болохгүй байх?

-Баярлалаа. Эмэгтэй хүн мэдээж сайхан харагдах хэрэгтэй. Гэхдээ дотроосоо ч бас гэрэлтэж байх ёстой гэж би боддог. Ер нь миний хувьд урлагийн хүн болохоороо ч тэр юм уу эсвэл өөрийгөө хүндлэх үүднээсээ ч юм уу ямар ч үед муухай харагдахыг хүсдэггүй. Аль болохоор л гоё харагдахыг хичээдэг. Цаанаасаа л гэрэлтсэн, сэтгэл сайтай хүмүүсийн гоо сайхан бусдад илүү тод харагддаг байх.

Магадгүй гудамжинд яваа хүмүүс зөрж өнгөрөх эсрэг хүйсийн хүмүүсээ тогтож хардаг байж магадгүй. Миний хувьд дандаа бүсгүйчүүдийгээ хардаг. Юу өмссөн байна, үсээ яаж засуулсан, нүүрээ хэрхэн будсан, яаж биеэ авч явж байна вэ гэж шинжих дуртай.

Өөрийгөө хүндлэх үүднээсээ ч юм уу ямар ч үед муухай харагдахыг хүсдэггүй. Аль болохоор л гоё харагдахыг хичээдэг.

-Таны хувьд үлгэр дууриал болсон сайхан эмэгтэй гэвэл?

-Нас ахих тусам ээжийгээ л хүн боддог юм байна. Сая хүртэл ээжтэйгээ хамт ажиллаж байсан хүнтэй санамсаргүй тааралдсан чинь “Ээжтэйгээ ямар адилхан харагддаг юм бэ” гээд уулга алдсан. Ээж минь их залуугаараа 39 настайдаа бурхан болсон юм. Эргээд бодоход ээж минь биеэндээ их арчаатай эмэгтэй байж. Өглөө унтаж байхад л тас няс гээл юм дуугараад байдаг байсан. Гэтэл ээж угаалгын өрөөндөө хүйтэн усанд норгосон алчуураар бие, хэвлийгээ үрж, цохидог байсан нь тэр л дээ. Бас шүдэнз газар тарааж хаяад л нэг нэгээр нь түүнэ. Гэтэл бид нар бол одоо аймаар залхуу байна. Сүүлийн үед хүмүүс их хөдөлгөөний дутагдалд орох болж.

Миний ээж гоо зүйн хувьд үлгэр дууриал болохоос гадна хөдөлмөрч зан чанарт сургасан. “Байхгүй гэдэг үгийг битгий хэлж бай” гэж ээж минь сургадаг байсан.

Нэг удаа ээжийг ажлаас ирэхэд нь би “Манайд мах, ногоо юу ч алга” гээд хоосон сууж байсан юм. Гэтэл ээж хамаг шүүгээ саваа ухаж байгаад жаахан будаа, молоконы үлдэгдэл олоод маш гоё сүүтэй будаа хийсэн. “Ингээд л манай оройн хоол шүү дээ. Миний охин дахиж битгий байхгүй гэж хэлж байгаарай” гэж хэлсэн. Тэр үеэс хойш би ямар ч хүнс байсан нийлүүлж, зохиож байгаад л хоол хийчихдэг болсон.

Ер нь эмэгтэй хүнийг гал тогоогоор нь шинж гэдэг шүү дээ. “Чиний гал тогоо гоё бас цэвэрхэн байх ёстой. Плитка чинь ямар ч үед толбогүй, ариун цэврийн өрөө, жорлонгийн суултуур чинь цэвэрхэн өнгөлөг байх ёстой. Үүгээр л айлын эзэгтэй хүний шинж тодорч харагддаг юм шүү” гэж ээж минь захидаг байлаа. Тийм болохоор би хоол хийх, гэр цэвэрлэхдээ хэзээ ч түүртдэггүй.

Яг энэ цаг мөчид харж, шүтэж явдаг хүн гэвэл Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд гуайг хэлнэ дээ.

-Сүүлийн үед залуус гадагшаа их тэмүүлэх болж. Таны хувьд гадаадад олон жил амьдарч байгаад эх нутгаа гээд эргээд ирлээ?

-Хүний нутагт амьдрах чинь тийм ч амар биш шүү дээ. Эх нутгаа санана. Ялангуяа нас ахих тусам эх нутгаа улам бүр санаад байдаг юм билээ. Би чинь Америкт есөн жил амьдарсан. Тэгээд сүүлдээ “Монголдоо очвол хамгийн түрүүнд нэг майхан аваад л хөдөө явж, голын эрэг дээр нам гүмхэн долоо хонож үзэх юмсан” гэж мөрөөддөг байлаа. Өнөөдөр ч тэр мөрөөдлөө биелүүлж чадаагүй л явна.

Хүний нутагт амьдрах чинь тийм ч амар биш шүү дээ

Би чинь хүү, охин хоёртой. Тэр хоёр минь хоорондоо багахан хурал хийгээд намайг Монгол руу буцаахаар болсон юм. “Ээж ээ, та бид хоёрын төлөө есөн жилийг хүний нутагт өнгөрүүлж, ид хийж бүтээх насаа үрлээ. Тийм болохоор одоо нутаг буцаж, найз нөхөдтэйгээ уулзаж, дуртай ажлаа хийж, аз жаргалтай амьдар, сэтгэлээ сэргээ” гэж хэлсэн. Яг тухайн үед хүүхдүүддээ хөөгдөж байгаа юм шиг, миний хэрэг тэдэнд минь байхгүй ч болчихсон юм шиг санагдаад жаахан гомдож бүр уйлсан. Тэгээд бодоод байсан чинь нээрээ л нутаг буцах хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон. Эргээд бодоход миний хоёр хүүхэд ямар ухаантай юм бэ. Одоо хүүхдүүддээ маш их баярлаж байна. Өнөөдөр би хамт олонтойгоо байж, дуртай ажлаа хийгээд ямар ч стрессгүй амьдарч байгаа нь надад нас нэмсэн аз жаргал юм уу даа.

-Хүүхдүүд чинь Америкт үлдсэн үү?

-Тийм ээ. Хүү маань компьютер, охин маань шүдний эмч мэргэжлээр  сурсан. Одоо тэндээ хоёулаа ажиллаж байгаа. Цаашаа гүнзгийрүүлж сурах зорилготой үлдсэн. Хүний нутагт өсөж торнисон хүүхдүүд их хэрсүү болдог юм байна лээ. Одоо том нь 29 бага нь 25 хүрч байна.

-Мундаг юмаа. Та хүүхдүүдээ их сайн хүмүүжүүлсэн бололтой?

-Миний хүүхдүүд гайхалтай. Би хоёр хүүхдээсээ юу ч нуудаггүй. Энэ сэтгэл дотроо байгаа бүх зүйлийг уудалж, хуваалцдаг. Эргээд тэр хоёр минь ч ээжтэйгээ маш илэн далангүй харьцдаг. Ер нь хүүхдийн хүмүүжлийн гол онцлог нь тэр юм болов уу. Илэн далангуй байх л хэрэгтэй. Бас үйлдлээрээ л хүн хүүхдүүддээ үлгэрлэх хэрэгтэй. Одоо охин минь миний хийж чаддаг бүхнийг л хийдэг.

-Тун удахгүй шинэ он гарах гэж байна. Шинэ жилийн баярыг та ер нь хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Хүүхэд байхаас минь л сэтгэлд шингэсэн хамгийн сайхан баяр бол шинэ жил. Удмын ч гэмээр юм уу миний хувьд энэ баяраар бусдыг баярлуулах их дуртай. Америкт байхдаа ч гэсэн шинэ жилийн баяраар хүн болгонд зориулж бэлэг бэлтгэдэг байлаа. Энд ирсэн цагаасаа хойш ч гэсэн тэр уламжлалаа алдаагүй. Аавдаа л гэхэд би дандаа хонины өвчүү шарж аваачиж өгдөг юм. Поднусан дээр тавиад ногоогоор гоё чимэглэж, мөнгөлөг цаасаар боож бэлтгэдэг. Ийм жаахан зүйлээр ч гэлээ хүнийг баярлуулах сайхан шүү дээ. Саатай, өргөн, улаан өнгийн бантик ашиглаад ханан дээрээ гацуур модны дүрс гаргаад тогтоочихдог юм. Энэ жил ч бас тэр маягаараа л гэрээ чимэглэх байх.

Ер нь шинэ жилийн баяр болгон л сайхан өнгөрдөг. Ялангуяа театрын жүжигчид бид чинь өөрсдөө их хөөрүү, эмоци ихтэй хүмүүс болохоор баярыг маш гоё тэмдэглэж чаддаг. Шинэ жил, төрсөн өдөр, цагаан сар гээд ер нь ямар ч баярыг хүн сэтгэлээсээ л тэмдэглэж чадвал тэр чинь л жинхэнэ баяр шүү дээ.

-Сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа?

-Баярлалаа.