m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 05:11
58
Д.Атармаа: Эмнэлэг нэмж байгуулахаар ажлын хэсэг гарна

Эрүүл мэнд, спортын шинэхэн дэд сайд Д.Атармаагаас дараах тодруулгыг авлаа.

-Эрүүл мэнд, спортын дэд сайдад хичнээн хүн өрсөлдсөн бэ. Өрсөлдөөн ямар журмаар явагдав?

-Эрүүл мэндийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан н.Очирбат мөн нэр дэвшсэн. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй, улс төр, эрүүл мэндийн салбарт танигдсан хүн байгаа. Ингээд бид шударга өрсөлдөж, олонхийн саналаар би Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэнд хариуцсан дэд сайдаар томилогдсон.

-АН, МАН-ын дэд сайдууд хамтарч ажиллах нь. Үйл ажиллагааны хувьд хэрэхэн зохион байгуулах вэ?

-Нийгэм даяараа Эрүүл мэндийн салбарыг урвайсан, нурмайсан байдалтай байгаа гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ өнөөдөр Шийдлийн Засгийн газар мөн шийнээр томилогдож буй сайд нар тус салбарыг одоо байгаа түвшингөөс нь буулгахгүйгээр, аль болох өөдөө дээш нь татаж, үйл ажиллагааг нь сэргээх, сайжруулах, үзүүлж буй тусламж үйлчилгээнийх нь чанарыг дээшлүүлэхээр ажиллана. Нөгөө дэд сайд маань АН-аас томилогдсон. Тиймээс бид танай, манай нам гэхгүйгээр хамтарч ажиллана. Цаашид эмнэлэг эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг хамгаалах чиглэлд анхаарал хандуулан ажиллана.

-Эрүүл мэндийн салбар нэр хүнд нь унасан нэлээд хүнд байдалтай байгаа салбар. Та ажлаа аваад нэн тэргүүнд ямар хийж, ямар бодлого явуулах вэ?

-Эрүүл мэндийн салбарт бодлогын хувьд хийж хэрэгжүүлэх нэлээд ажиллууд байгаа. Гэхдээ миний хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндээ хариуцан ажиллаж байгаа сайдын хувьд эх хүүхдийн эрүүл мэндийн хамгаалах, сайжруулах асуудлыг бусад сайдуудтайгаа хамтран Төрийн бодлогын түвшинд авч хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Мөн эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, эмч ажилчдын хариуцлагын асуудал, эмнэлэгийн санхүүжилт, засаг захиргааны нэгжтэй холбоотой бүтэц зохион байгуулалтын асуудалд  өөрсдийнхөө хүрээнд зохицуулалт хийх, мөн эмнэлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.

-Санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтын асуудал, иргэн өөрөө эрүүл мэндийнхээ төлөө төлж буй төлбөрийн асуудал гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Манай яамны барьж буй бодлогоор иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийнхаа хүрээнд санхүүжилтийнхээ тогтлолцоог бодовсоронгуй болгох, эмнэлэгийн үйл ажиллагаанд доголдож буй асуудлыг иргэний эрүүл мэндийн даатгалын хуулиар зохицуулж, сайжруулах, боломж бололцоог нь нээж өгөх юм. Тухайлбал, Төрөх эмнэлэгт ирж буй эхийн даатгалын асуудал зөвхөн жирэмсний зардлаар орж ирдэг. Хавсарсан өвчтэй эхэд төрснийх нь дараах эмчилгээ, нярайн эмчилгээ, асаргааны зардал иргэний эрүүл мэндийн даатгалаас олгогддоггүй байх жишээтэй. Энэ бүхнийг зөв зохион байгуулалтад оруулж, тулгарч буй асуудлыг нэг мөр болгох хуулийн төслийг өргөн барина.

-Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор өчигдөр шийдвэрлэлээ. Харин дараа нь төрийн өмчийн аль байрыг ямар эмнэлэг болгох вэ?

-Эмнэлэг гэдэг бол тусгай объект. Гэхдээ өнөөгийн нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалан бид хэдхэн сарын дотор хоёр гурван эмнэлэг барих боломжгүй байна. Тиймээс байгаа нөхцөл боломжоо ашиглаад эмнэлэгтэй болох гарцыг хайж байгаа. Энэ талаар сайд, дэд сайдууд хамтрач санал солилцож, боломжтой бүх аргыг хэрэглэхээр ажиллаж эхэлсэн. Цаашид ажлын хэсэг гарган ажиллах болно.

-Танай салбарт хийж хэрэгжүүлэх ажил мундахгүй их бий. Харин бүрэн эрхийн хугацаа тань маш богино байна. Мөн дэд сайдын эрх мэдэл тун бага байдаг. Сайдаа эзгүйд ажлыг нь Төрийн нарийн бичгийн дарга нь орлон гүйцэтгэдэг шүү дээ. Энэ талаарх таны бодол?

-Дэд сайд бол улс төрийн албан тушаал. Гэхдээ үүнийг өөрийн эрх ашгаа хэрэгжүүлэх албан тушаал гэж ойлгож болохгүй. Би энэ салбарын шат шатанд ажиллаж явсныхаа хувьд хувь хүний эрх ашгаас илүү салбарынхаа эрх ашгийг тэргүүнд нь тавьж шийдэх болно.