m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 05:14
65
Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр О.Орхон сонгогджээ

Монголын банкны холбоо энэ сарын 16-ны өдөр IX их хурлаа зохион байгуулсан байна. Тус чуулганаар Холбооны Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдсанаараа онцлог байсан бөгөөд Холбооны ерөнхийлөгчийн ажлын тайланг дүгнэн, Монгол Улсын банкны салбарын өрсөлдөх чадварын үзүүлэлт, цаашид авч хэрэгжүүлэх стратегийн чухал асуудлуудыг хэлэлцсэн аж. Тодруулбал, Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд нь 2012-2014 онд Монголын Банкны Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд энэ жил бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаатай холбогдуулан ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж, олонхийн саналаар Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Монголын банкны холбоо IX их хурал болж өнгөрлөө

Харин дэд ерөнхийлөгчийн хувьд Монголын банкны холбоо нь гурван дэд ерөнхийлөгчтэй байдаг бөгөөд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, Голомт банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүн нар ажиллаж байсан юм. Мөн олонхийн саналаар Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, Холбооны дэмжих гишүүн болох Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нар сонгогдсон байна.

Дашрамд дурдахад, холбооны дүрэм, Ерөнхийлөгчийн сонгуулийн журамд зааснаар ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байдаг бөгөөд дахин нэг жилийн хугацаагаар сунгаж болдог аж.