m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 05:46
286
Монголын эсрэг солонгосчуудын чимээгүй түрэмгийлэл

Муу нь муудаа дээрэлхүү, муна гадсандаа жанжин. Чухамдаа энэ үг өнөөдөр монголчуудад гаргаж буй солонгосчуудын хандлагыг хэлсэн мэт.

Өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ын Инчон хотноо болсон Азийн XVII наадмын үеэр яалаа даа. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн багийн тэмцээний хагас шигшээд учраа таарсан БНСУ-Монголын багийн барилдааны өмнөх завсарлагаар манай жүдочдын хоолонд хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийж, тамирчдыг маань төдийгүй бүхэл бүтэн улсаар минь доромжилсон. Тухайн үед Монголын багийн удирдлага эсэргүүцлээ илэрхийлж, хэргийн эзнийг олж өгөхийг шаардсан албан бичиг өргөн барьсан ч зохион байгуулагчид тэгсгээд аргалаад өнгөрсөн. Бид лав сүүлд буруутан этгээдийг олж, тэгж гэсгээлээ ингэж арга хэмжээ авлаа гэж сонсоогүй. Тэдний дээрэнгүй хандлага үүгээр зогссонгүй. Азийн наадмын албан ёсны блогт сагсчдыг маань Хятадын гэж “андуурч” бичин, боксын найдваруудын нэг Н.Төгсцогтод маань илэрхий “зодуулсан” эзэн орны тамирчин ялалтыг нь улаан цайм луйвардах нь тэр. Харин сар гаруйн дараа мөнөөх түрэмгий солонгосчууд төрөл арилжсан мэт наалинхайтаж, Инчоны наадмаас олсон орлого хэмээн Монголын үндэсний олимпийн хороонд 30 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэв. Монголчуудад ийм хэмжээний мөнгө өгөхөд хангалттай, луйвраа цайруулчихна гэж бодсон юм байлгүй. Манайхан яахав, арван ембүү хараад алгаа тосоод л аваа биз. Гэтэл бусад улсууд яаж байна. Боксын тэмцээний хуудуутай шүүлтэд эгдүүцсэн Энэтхэгийн тамирчин медалиа хангүг бүсгүйн хүзүүнд зүүж өгчихөөд шулуухан рингийг орхиж байх жишээтэй. Энэ бол спорттой холбоотой зөвхөн нэг жишээ.

Түүнчлэн Инчоны нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэг дээр шар толгойтой бүхэнд бөхөлзөн нахилзан тун ч түргэн шуурхай үйлчлэх солонгос байцаагчид хөөрхий муу монголчуудыг маань хонь хурга ялгаж буй мэт нэг өрөөнд хорьж байгаад тухтай гэгч нь байцаан, хар тамхи хайж байгаа шиг аашлан хамаг ачаа барааг нь шалаар нэг дэлгэн таахалздагийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз дарж өгчихөөд байхад хил дээр очсон хүнийг дотогшоо нэвтрүүлэхгүй, хорьж цагдаж байгаад буцаасан жишээ цөөнгүй бий. Хамаатны маань нэгэн залууд саяхан ийм явдал тохиолдсон. Ирж, буцах онгоцны зардал болох сая гаруй төгрөгөөр шатаад ирсэн тэрбээр эргэж ирээд элчингээс лавлатал “Иймэрхүү явдал зууд 1-2 тохиолддог. Чи азгүй байна даа” гэх ухааны юм хэлээд л өнгөрсөн гэж байгаа. Хэдэн жилийн өмнө жүдоч Х.Цагаанбаатарыг шалган нэвтрүүлэхийн нэгэн байцаагч яг ингэж хясан бооход угаас сэргэлэн гавьяат маань интернэтээс БНСУ-ын жүдоч, дэлхийн аварга Чой Мин Хо-той барилдаж буй, олимпийн медаль авсан зургаа үзүүлэн байж нэг юм аргалсан гэдэг. Улсаа төлөөлөн суух элчин сайдаас илүү эрх мэдэлтэй байцаагч чухам тэнд л байдаг буюу.

Эсрэгээр өмнөд солонгосчуудын хувьд манай улсад жуулчлах, бизнес хийх эрх бүрэн нээлттэй. Гэхдээ тэд зөвхөн “Korean Air”-ийнхээ онгоцоор ирж буцан, солонгос эзэнтэй зочид буудалд бууж, солонгос саунд суун, солонгос хоолны газраар үйлчлүүлэх. Өөрөөр хэлбэл манай эдийн засагт сохор зоосны ч хөрөнгө оруулалт хийхгүй. Харин монгол охидоор зугаагаа гаргачихаад буцахаа захын солонгос ч андахгүй, угаасаа ирсэн гол зорилго нь юм чинь.  

За тэгээд, Өмнөд Солонгосын түүхэн сэдэвтэй сериалыг хальт харахад л түүхийг илэрхий мушгин гуйвуулсан нь анзаарагдана. Хэзээнээсээ л нохойн махан идэштэй, дэрсээр шаахай хийж өмсдөг, хэд хэдэн удаагийн их өлсгөлөнд нэрвэгдэж байсан, ядуувтар үндэстэн гэгддэг байсан Гуулин улсыг Зүүн Азийн томоохон гүрний нэг байсан мэтээр дүрсэлнэ. “Тэ Жу Ён” кинонд хүчирхэг Хан улс хүртэл айж цэрвээтдэг байсан Түрэгийн морин цэргүүдийг Гюгүрёо (одоогийн Солонгос)-гийн жанжин бараг хүний гарзгүйгээр ялж ч байх шиг. Уг нь Евроазийг дамнасан Их Монгол улсад солонгосчууд олон зуун жилийн турш татвар төлсөөр ирсэн, Монголын хаад тал нутагт нь их хүйтрэхэд Солонгосын хойгт очиж, өвөлжөө төдийхнээр ашигладаг байсан гэдэг. Түүхэндээ ч нэг улсыг эзлэн авч байгаагүй, дандаа л дарлагдан зовсоор ирсэн солонгосчуудын энэ мэтээр түүхийг гуйвуулсан киног манай телевизүүд ч цацсаар, ирээдүй үеийнхээ тархийг угаасаар л. Оюуны өмчтэй холбоотойгоор зурагтаар үзчихмээр олигтой кино ч гарахаа больсон энэ үед манай телевизүүд эфирийн цагаа дээрх хямдхан сериалуудаар л нөхөж байна гэхэд буруудахгүй байх. Үүний үр дүнд солонгос хоолны газрууд борооны дараах мөөг мэт олширч, өсвөр насны хөвгүүдийн өмд улам нарийсч, үг үйлдэл бүрээрээ хангүг жүжигчдийг даган дуурайх болов.

Хэдэн жилийн өмнө монголчууд эр, эмгүй Төв цэнгэлдэхийн өмнө хонон өнжин дугаарлаж, мал шиг шүдлүүлэх нь холгүй шилэгдэн сонгогдож, БНСУ-ын үйлдвэрүүдэд ажиллахаар явдаг байсан нь нэг үеэ бодвол гайгүй болж. Энэ нь хэд хэдэн салбарт монгол албан хаагчид Солонгосынхоос дутахааргүй цалин авдаг болсонтой холбоотой. Гэхдээ л Улаанбаатарт солонгос эзэнтэй жижиг, дунд үйлдвэр, компани цөөнгүй. Тэд монгол ажилчдыг манай хуулиар тогтоогдсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна. Ажилчид нь эсэргүүцээд ирэхийн цагт халж, ажилгүйчүүдийн эгнээнээс дараагийн хэн нэгнийг олж аван ахиад хэдэн сар хөдөлмөрийг нь мөлжинө.

Америкийг шүтэж, япончуудыг дагайн дуурайн, европчуудад зусардах солонгосчууд Монголыг энэ мэтээр дээрэлхсээр...