m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 06:15
1000
М.Наранчимэг: Ээжийнхээ нэрийн брэнд бүтээгдэхүүнтэй болохыг зорьж явна

Хурим найр, төрсөн өдрийн ширээний гол амттан нь бялуу. Бялууг анх МЭӨ VI зууны үед эртний Ромд үүссэн бөгөөд баярын үеэр бялуу зүсэх ёслол Ромын эзэнт гүрнээс үүдэлтэй юм байна. Тэр үед хуримын ёслолын ажиллагааг бялуу хувааж эхлүүлдэг байж. XIX зуун гэхэд бялуугүйгээр өрнөдийнхний төрсөн өдрийн баярыг төсөөлөхөөргүй болжээ Арвин түүхтэй бялууг гэдэг амттанг урлагийн бүтээл болгон бусдын нүдийг хужирлаж буй гайхалтай эмэгтэйг танилцуулж байна.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа, намайг Мөнх- Эрдэнийн Наранчимэг гэдэг. Би Дархан хотод төрж өссөн. Эндээ дунд болон дээд боловсролыг эзэмшээд одоо төрөлх хотдоо ажиллаж амьдарч байна.

-Хэдийнээс энэ сайхан амттан болох  бялууг хийх болов. Бялуу гэхээсээ илүүгээр урлагийн бүтээл шиг санагдлаа?

-Бялуу гэдэг жирийн нэг амттан биш бүгдэд баяр баясгалан бэлгэлдэг шүү дээ. Аливаа баярт уригдан ирсэн зочид хүндэтгэлийн бялуугаа харахыг тэсэн ядан хүлээдэг. Тэр хүлээлт баяр баясгаланг унтраахгүй, тэдний баяр хөөрийг улам бадраахсан гэсэн хүсэл тэмүүлэлээр бүтээлдээ ханддаг даа. Миний ээж нарийн боов хийдэг хүн байлаа. Ширээ сайхан засдаг, гэрийн сайн эзэгтэй байсан. Ээж маань хушган боов, напелон торт хийчихээд найз охидыг маань дайлахад тэд бөөн баяр болдог байлаа. Тэр үед би ээжээрээ их бахархдаг байсан. Хожим нь нөхөрт гарснаас хойш гэрийнхэндээ зориулж ширээ зассан маань бусад хүмүүст ч их таалагдлаа гэдэг байсан. 2008 онд Америкт явж байхдаа фондант тортыг сонирхон харж, түүнээс хойш сонирхлоороо гэр бүлийнхээ баярт зориулж хийж байгаад 2012 оноос захиалга аван цөөн тоогоор хийдэг болсон.

-Анхны бүхэн мартагдагдашгүй шүү  дээ. Анхны захиалга ямар бялуу байв?

-Тийм шүү. Анхны бүтээл маань Порора гэдэг хүүхэлдэйн киноны баатрыг хийж дүүгийнхээ төрсөн өдөрт бэлэглэж байлаа. Анхны захиалгыг найз маань хуримын ойн баяртаа зориулан зүрхэн хэлбэртэйг захиалан хийлгэж байлаа.

-Ер нь таны бүтээлээс хараад байхад хүүхэлдэйн киноны сэдэвтэй их харагдлаа. Бүтээлийнхээ санааг хаанаас олдог вэ?

-Тийм ээ, Хүүхдүүдээ бага байхад нь хүүхэлдэйн кино хамт их үздэг байлаа. Одоо ч үздэг. Хүүхдүүдийг хамгийн их баярлуулдаг сэдэв бол үлгэрийн ертөнц шүү дээ. Ер нь бялууныхаа сэдвийг олохдоо захиалга өгсөн хүнийхээ хүсэл сонирхлыг бодно. Захиалга өгсөн өдрөөс нь эхлээд л хийх бялууныхаа сэдэв, өнгө, хээ чимэглэл гээд л зураас бүхнийг нь санаандаа төсөөлөн бодож явсаар л эхэлнэ дээ. Фондант бялуу нь их чимхлүүр гар ажиллагаа ихтэй. Бялууг дан ганцаар нь хийснээс нэг сэдэв сонгож бүтэн ширээний чимэглэлтэй хийх нь их сайхан санагддаг. Ширээний чимэглэлд нь жигнэмэгэн чимэглэл хийж өгдөг. Жигнэмэгэнд дээр хийдэг чимэглэл бүрийг нэг бүрчлэн гараараа зурдаг. Нэг зураас буруу зурахад засах боломжгүй болдог.

 

Түүний бүтээл бүх насныханд зориулсан байдаг бөгөөд амттан гэж идэхээс илүү хүндэтгэн хадгалах хүсэлтэй хүмүүс олон байдаг аж.

-“Өрмөн- Уул” группийн Ерөнхийлөгч Д. Оюунбилэг эгч маань гэр бүлийн шинэ жилийн баяртаа зориулж бялуу захиалсан. Яг ямар бялуу хийх вэ гэж асуутал өөрөө мэдээд хийчихээ гэсэн. Оюунбилэг эгч ах дүү аравуулаа. Тэдэндээ зориулан “Атгасан шагай” гэдэг дууны үгийг зохиогоод “Хурд” хамтлагын ахлагч Отгонбаяр аяыг нь зохиож дуучин Одноотой хамтран дуулсан сайхан уран бүтээл байдаг юмаа. Энэ дуунд нь зориулсан шинэ жилийн уур амьсгал бүхий бялуу хийе гэж шийдсэн. Бялуу Оюунбилэг эгчид болон тэдний гэр бүлийнхэнд маш их таалагдсан. Ах дүү арвыг Өрмөн уулынхаа бэлд, гэрийнхээ гадна асгасан шагайгаа тараан тоглож байгаа байдлаар нь хүн тус бүрийн онцлогийг нь дүрслэн хийсэн л дээ. Энэ бялуу сэтгэлд тод санагдаж байна. Ер нь хамгийн цаг хугацаа зарж хийгддэг бүтээл бол хуримын бялууны захиалга байдаг.

-Нэгэнт хүнсний бүтээгдэхүүн учраас чанар, стандарт, хадгалалт гээд олон шалгуур тавигддаг байх. Энэ сайхан бүтээлийг урлуулчихаад иднэ гэхээр харамсалтай санагдаад байх юм?

-Тиймээ,  Саяхан Монголд анх удаа “Сүрчигэнд дурлагчдын өдөр” зохион байгуулсан. Клубын гишүүдийн захиалгаар Channel, Dior, Gucci үнэртэнг дуурайлгаж бялуу хийсэн юм. Гэтэл яг зүсээд бялуугаа идэх болоход хэн ч гар хүрч чадахгүй чи, би зүс гээд бөөн юм болсон. Тэгээд бас “Атгасан арван шагай” бүтээлийг маань идэж чадахгүй нь ээ гээд шилэн хоргонд хийгээд музейдээ тавина гэсэн.

- Бүтээгдэхүүүний материалыг хаанаас авдаг вэ?

-Фондант бялууны материал Монголд бараг олддоггүй л дээ. Хятадаас оруулж ирсэн материал чанарын шаардлага хангадаггүй. Материалуудаа америкаас авчирдаг. Энэ нь нилээн үнэтэй тусдаг боловч хийе гэсэн бүтээлээ санаандаа хүртэл хийх боломжтой байдаг юм.

-Таны ажил, уран бүтээлийн хамгийн анхны үзэгч, бас таны үнэнч фэн гэр бүлийнхнийхээ тухай танилцуулаач?

 -Нөхөр маань миний үнэнч фэн. Завтай үедээ туслана. Тэгээд төгс болжээ гэж үнэлдэг, намайг үргэлж дэмжиж байдаг нөхөртөө баярлаж явдаг. Охин хүү хоёр маань ч бас бүтээл дуусах тэр агшинг тэсэн ядан хүлээж хамгийн сайхан урмын үгсийг хэлдэг. Хүү маань Сингапурт сурч байгаа, охин маань Дархан хотын дунд сургуулийн сурагч. Нөхөр маань хувиараа бизнес хийдэг.Манайх Дархан хотдооариун цэврийн цаас үйлдвэрлэгдэг үйлдвэртэй.

-Бага байхдаа ямар хүүхэд байсан бэ?

-Бага байхдаа зураг зурах их дуртай байсан. Дунд сургуулиа төгсөөд хувцас загварын дизайнер болох хүсэлтэй байлаа. Тэр жил харамсалтайн нь хувцас загварын чиглэлээр хуваарь ирээгүй юм л даа. Тэгээд нягтлан болж банкинд ажилладаг байлаа. Дараа нь сонирхолдоо хөтлөгдөөд бялуу хийх, ширээ чимэглэх хоббигоороо дагнах болсон доо. Би бас юм оёх их дуртай. Захиалагчийнхаа бялуугаа хүлээн аваад баярлан догдолж байгааг нь харах хамгийн сайхан мөч. Тэр болтол санаа амрахгүй шүү дээ. Энэ үед л би хийх ёстой ажлаа олсон юм шиг санагддаг.

- Та энэ чиглэлээрээ уралдаан тэмцээнд оролцож байв уу?

-Нэг их тэмцээн уралдаанд ордоггүй ээ. Facebook- дэх “Sweetkitchen” группийн ширээ засалтын тэмцээнд оролцоод тэргүүн байранд орж байсан.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Би өөрийгөө эмээ, ээж хоёрынхоо үргэлжлэл гэж боддог. Ээжээсээ өвлөн авсан жор, технологи, авьяас маань намайг ийм сайхан ертөнцтэй холбосон. Цаашдаа ээжийнхээ нэрийн брэндийг би болгоно гэж бодож байгаа. Ажил маань ч хийгдээд эхэлчихсэн байгаа.

-Баярлалаа, mаны цаашдын амьдрал уран бүтээлд тань амжилт хүсье.

Н.Сугарханд