m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 06:20
33
Ж.Мөнхбат:Төрийн албыг мөнгөөр үнэлж байсан удаагүй

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 17 дэд сайдыг томилсон билээ. Ингэснээр Шийдлийн Засгийн газар АН-6, МАН7,  МАХН-аас хоёр, МҮАН, ИЗНН-аас тус бүр нэг дэд сайд томилогдсон юм. Тэгвэл өнөөдөр МАН-аас томилогдсон  долоон дэд сайдын талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл өгч, танилцууллаа.

Тодруулбал дэд сайдад томилогдсон долоон хүнийг ямар шалгуураар сонгож сайдаар томилсон талаар мэдээлсэн юм. Тус намын Удирдах зөвлөлд нийт 43 хүн дэд сайд болох хүсэлтээ ирүүлсэн байна. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь нээлттэй хүлээж авсан талаар онцоллоо.  Харин аймгийн намын хороо, дүүргийн намын хорооноос дөрвөн хүн нэрээ татсанаар 39 хүн үлджээ. Улмаар намын зүгээс дэд сайдад өрсөлдөж буй хүмүүст нийт 12 шаардлага, шалгуурыг тавьсан байна. Тухайлбал дэд сайдад өрсөлдөгч нь мэргэжлийн байх, хууль бус хэрэгт холбогдоогүй байх, хариуцсан салбараа цаашид авч явах чадвартай байх гэх мэт олон шалгуурыг тавьжээ.  Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН цөөнх байх үед  намынхаа ажилд хэрхэн яаж оролцож байснаар нь дүгнэсэн байна.   

Түүнчлэн дэд сайдад өрсөлдсөн хүмүүсийг МАН-ын удирдлагууд хүлээн авч уулзахдаа бас нэгэн гол шаардлагыг тавьсан байна. Энэ нь хэрэв дэд сайдад өрсөлдөөд ялагдал хүлээвэл дараа дараагийн албан тушаалуудад шилжих боломжгүй гэдгийг  мэдэгджээ. Өөрөөр хэлбэл төрийн нарийн бичгийн дарга болон агентлагын даргын албан тушаалд шилжин очих боломжгүй гэдгийг анхааруулсан байна. МАН энэ удаагийн дэд сайдуудын асуудал дээр нээлттэй ил тод, шударга, ардчилсан зарчмыг баримталж ажилласан гэдгийг Ерөнхий нариийн бичгийн дарга Ж.Мөнхбат онцоллоо. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр МАН-ынхан 500 сая төгрөг өгч байж дэд сайд болж байна гэсэн мэдээлэл цацагдах болсон. Харин энэ тэлээр тус намын генсек ”Ямар нэгэн мөнгөний шалгуур тавиагүй. Харин 39 хүнийг нээлттэйгээр өрсөлдүүлсэн гэдгийг албан ёсоор хэлье. Нэмж хэлэхэд энэ талаар ташаа мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг хуулийн дагуу МАН нэр төрөө сэргээлгэхээр зохих байгууллагад нь хандана” гэдгээ мэдэгдлээ.  

 Ташаа мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг хуулийн дагуу МАН нэр төрөө сэргээлгэхээр зохих байгууллагад нь хандана

              Энэ үеэр  Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшсэн гурван хүний санал  тэнцсэн.  Тэгвэл ямар шалгуураар эдгээр гурван хүнээс дэд сайдыг тодруулсан бэ?

Хүнс,хөдөө аж ахуйн сайдад гурван хүнийг нэр дэвшүүлсэн Намын Удирдах Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналыг авч байж дэд сайд болно гэсэн зарчмыг баримталсан. Ингээд эхний санал хураалтаар гурван хүн гурвуулаа саналаа хувааж, хэн нь ч олонхийн санал авч чадаагүй. Тиймээс дахин санал хураахад гурван нэр дэвшигчийн санал зургаа зургаа болж дахин тэнцсэн. Ийм нөхцөлд Удирдах зөвлөл хэлэлцээд намын дарга дэд сайдад хэнийг дэвшүүлэхээ сонгох хэрэгтэй гэж шийдвэрлэсэн.  

- Сайдууд ашиг сонирхлын хувьд зөрчилгүй гэж үзэж байна уу?

-МАН-аас дэд сайдад томилогдсон эдгээр долоон хүн ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй.

-  Дэд сайдад нэр дэвшигчдээс их мөнгөтэй нь дээшээ гарч мөнгөгүй нь тунаж үлдсэн гэсэн мэдээллийг танай намын зарим хүмүүс хэлж байсан. Энэ талаар?

- Миний хажууд сууж байгаа эдгээр хүмүүс мөнгө төлөөд байхаар баян хүмүүс биш. МАН хэзээ ч ямар нэгэн сайд, дэд сайд болон тэр тусмаа төрийн албан тушаалтнуудыг мөнгөөр үнэлж байсан удаа байхгүй. Энэ удаад ч мөнгөтэй холбоотой томилгоо хийгдээгүй гэдгийг албан ёсоор хэлье.

 

МАН-аас ГХЯ-ны дэд сайдад н.Оюундарь.Эрүүл мэнд, спортын дэд сайдад Д.Атармаа, БСШУ-ны дэд сайдад Я.Төмөрбаатар, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Уул уурхайн дэд сайдад Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын дэд сайдад  Б.Мөнхбаатар,  Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад Б.Батзориг нар томилогдсон юм.