m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 06:21
97
Х.Дуламсүрэн: "Титэм" кино зохиол /10-р хэсэг/

/Буудлын өрөөнд Черс Гэрэлжин хоёр их л жаргалтай цэнгэж хэвтэнэ/.
Черс: Танай нөхөр чинь чи бид хоёрыг ингэж явааг мэдвэл буудчих байх даа. Мэргэн бууддаг болоод л чамгүй амжилтанд хүрсэн байж таараа гэж инээх зуураа цонх руу очиж, арай өдийд энэ цонх руу хаа нэгтээгээс онилоод зогсож байгаа юм биш биз дээ гэж хэлэнгээ юмыг яаж мэдэх вэ гэсэн аястай ийш, тийшээ шагайж харснаа цонхны хөшгийг татна. Тэгээд Гэрэлжин рүү эргэнгээ
- Би хүний нутагт цагдаа энэ тэрээс үхтлээ айдаг юм. Хэл үггүй байж байгаад буцсан нь өлзийтэй байх, ажил ч гайгүй бүтэмжтэй байна гэхэд,
Гэрэлжин: За юундаа айгаад байгаа юм. Манай Дөлгөөн ч сайн хүн шүү. Чамайг тоож буудатлаа л өдий,
Черс: Чи тэгээд одоо надтай Америк явах хэвээрээ байгаа юу, аль эсвэл цаадахаасаа салж чадахгүй байна уу. Би гэр бүл үймүүлэх тийм ч дуртай биш, хэрвээ салж чадахгүй байгаа бол үлдсэн ч болно. Гэхдээ чи надад их л хэрэгтэй хүн шүү дээ гээд түүн рүү ирж гарыг нь үнсээд гоо үзэсгэлэнгийн өмнө ямар ч хүчтэй эр хүн сул дорой болчихдог юм байна, би ч чамайгаа алдмааргүй л байна шүү гээд түүнийг юу гэж хэлэх нь үү гэсэн шиг их л нухацтай харна.
Гэрэлжин: Яасан чи намайг явахгүй болчих вий гэхээс айж байна уу. Дөлгөөн Парисаас хэдхэн хоногийн дараа ирнэ. Би бодож л байна, түүнд юу гэж хэлэх ээ. Ямар ч байсан чамтай явна гэснээрээ явна гэж шийдсэн өнгөөр хэлнэ. Харин Дөлгөөнд бүр явлаа гэдгээ хэлэх үү, тэнд загварын агентлаг байгуулах гэрээ энэ тэр гээд жаахан ажил байна. Явчихаад ирье гэх үү, учраа сайн олохгүй байна. Охиноо л өрөвдөөд байх юм.
Черс: Тэгвэл очоод жаахан байж байгаад охиноо авч болно шүү дээ. Би чамайг юугаар ч дутаахгүй гэдгээ хэлсэн шүү дээ. 
Гэрэлжин: Дөлгөөн их сайн аав. Тийм болохоор одоохондоо охиноо орхиод явсан нь дээр л дээ. Жаахан том болохоор нь өөр дээрээ авсан нь дээр байх. Би Дөлгөөнд ер нь нарийн асуудлыг ярихгүй байя гэж бодож байгаа. Явуулахгүй гээд онгоцны буудал дээр тэгнээд хэвтчихэж мэдэх нөхөр. Тийм болохоор очиж байгаад утсаар хэлсэн нь дээр биз, хэдэн сар жил хүлээж байгаад амьдралаа бодно биз дээ гэхэд
Черс: За чи сайн бодоод шийднэ биз, гэхэдээ би чамайг надтай хамт явна гэдэгт итгэж байгаа шүү гэж хэлэнгээ усанд орохоор халуун усны өрөө рүү явна.
Гэрэлжин сайн тамирчин, сайхан залуутай суух бүсгүйчүүд хаа мундахав дээ одоо ч байгаа юм бил үү хэн мэдлээ гэж бодсоноо “ би ямар муухай хүн бэ, муу ханиа арай л муухайгаар бодож байх юм. Ер нь ингэхэд би хайртай гээд суусан нөхрөө орхиод гадны хүн дагаад явах гэж байдаг. Юу л болж байна даа. Дөлгөөнд би ер нь хайртай байсан юм болов уу. Одоо бодоход үгүй ч юм шиг сайн мэдэхгүй юм даа. Тухайн үед үнэхээр л дурлачихсан байсан. Одоо ингээд бодож байхад өмссөн хувцас нь хүртэл хүнийх, над шиг шалдан оюутан томоохон тэмцээнд түрүүлснээрээ шалтаглан тухайн үедээ хүүхнүүдийн харцыг булаагаад байсан өөрийн гэсэн байр суурьтай, мөнгө хөрөнгөтэй, царайлаг залуу эргүүлээд байхад яаж үгүй гэх билээ. Ар гэр, өөрийнхөө ирээдүйг бодсон ч гэсэн Дөлгөөнтэй суух нь зөв сонголт байсан. Яаран хүүхэдтэй л болох хэрэггүй байсан юм. Гэхэдээ хөөрхөн охинтой болсон нь бас миний аз шүү дээ. Хэрвээ Дөлгөөн надад халамжтай байсан бол би ийм замыг сонгохгүй ч байсан байж мэдэх юм. Тийм ч уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилалт гээд тэнэхээс өөрийг мэдэхгүй. Хамт байхаараа хардахын донтой. 
Харин Черс эмэгтэй хүнийг хүндлэх дээрээ хэнийг ч дагуулахгүй. Магадгүй европ эрчүүдийн зан ч байж болох юм. Тэгээд ч олон улс орныг сүлжсэн бизнесийнхээ хүчинд чамгүй хөрөнгөтэй. Надад л хэлэхгүй нуугаад байгаа болохоос охин бид хоёр байтугай, хэчнээн хүн хэдэн жилээр ч үрж барахааргүй хөрөнгө байгаа нь тодорхой. Тэр манайхны өмнө нь бөхөлзөж байгааг, жаахан мөнгөтэй хүн л харагдвал юугаа ч зарж өгөхөөс буцахгүй болж дээ. Бүх л хүмүүс тийм хандлагатай байхад би ийм хүнийг алдвал насаараа харамсаад ч барахгүй биз. Мөрөөдлөө биелүүлэх энэ боломжийг алдвал болохгүй, охиноо л их санах байх даа. Гэхдээ охиноо хэнээс ч дутахгүй тансаг амьдруулахад миний энэ шийдвэр ч алсдаа хэрэг болно байх” хэмээн элдвийг бодсоор хэвтэнэ.
Черс өрөөнд орж ирснээ –Санасныг бодвол ч ажил амархан бүтлээ шүү 
Гэрэлжин: - Болд сайд ч гайгүй “хөдөллөө” аргагүй дээ гурван тэр бумаас татгалзах хүн хэн байх билээ. Тэр ч хоттой ойрхон олон хөлийн ер нь байрлал нь боломжийн газар шүү гэхэд нь
Чэрс Гэрэлжинг тэврэн үнсээд, манай Гэрка ч үнэхээр сэргэлэн бүсгүй шүү, би ч азтай юм аа гэж дахин дахин хэлээд сэтгэл нь ханасан байдалтай түүнийг эрхлүүлнэ.