m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 08:10
245
Агуу Александр Хүчирхэг байлдан дагуулагч

Александр Македоны удирдагч II Филипп, Эпирийн хааны охин Олимпиада нарын хүү болон мэндэлжээ. Түүний ээж Македонд хаадууд Гераклаас гаралтай байдаг харин Александр Ахиллаас гаралтай гэж итгүүлдэг байв. Хаан ширээ залгамжлагч энэ хүүг Аристотель хүмүүжүүлсэн ажээ. 15 настай байхдаа тэрээр Трацын нэгэн овог хойд талаас дайрсан дайралтаас өөрийн хаант улсаа хамгаалж байсан бөгөөд гурван жилийн дараа Хероны дэргэдэх тулаанд дайсны армийг тарааснаар Македончууд ялж чадсан юм.

Александр эцгээ нас барсны дараа хүчирхэг Македоныг өндөр зохион байгуулалттай цэргийн хамтаар өвлөж авсан байна. Түүнийг хаан ширээнд суугаад удаагүй байхад Теби хотынхон бослого гаргасан бөгөөд залуу хаан бослого гаргагчдыг газартай тэгшлэхийн зэрэгцээ бослого хийхийг завдаж байсан Грекийн бусад хотынхныг ч бас дарж чадсан юм. Тэрээр МЭӨ 334 оны хавар Персийг эзлэн авахаар гарсан ажээ. Александр жижиг боловч чадварлаг армийг удирдан Анатолийг нэг жилийн дотор хяналтандаа бүрэн оруулсан юм. Тэрээр Гордион хотод очихдоо “Азийг захирах хүн утгыг нь тайлна” хэмээх домогт гардаг олсыг илдээрээ тас цавчсан байна.Улмаар цэргүүдийн хамтаар Финникийг дайлаар мордохоор явжээ. Александр III Дария хаанаар удирдуулсан Персийн армитай хоёр дахь удаагаа Иссосд тулалдсан юм. Энэ тулаанд Александр ялж, Дария дайны талбараас зугтсан гэдэг. Уг дайны дараа Александр Финикийн цэргийн хамтаар Тирийг эзэлж, Газыг буулгаж аваад хоёр зууны турш Персуудын мэдэлд байсан Египетийн зүг хөдөлсөн байна.

Ингэж явахдаа тэрээр Нил мөрний баруун эрэгт нэрээр нь нэрлэгдсэн хамгийн алдартай хот болох Александрыг байгуулсан юм. Египетийг орхин гарахдаа өмнөх хоёр хааны мэдэлд засаг захиргааг нь үлдээгээд харин цэргийн хүчийг Македончуудад нэгтгэв. Энэ нь түүхэнд иргэн болон цэргийн удирдлагыг салгасан анхны тохиолдол болсон юм. Түүний дараа Тигрис мөрний зүг хөдөлж МЭӨ 331 онд гурав дахь том дайнаа Персүүдтэй хийсэн ажээ. Энэхүү дайнд Македоны 47 мянган цэрэг, Персийн 250 мянган цэрэг оролцсон бөгөөд Персийн хаан III Дария зугтсанаар Александр Персийн эзэнт гүүрний зүүн талын газар нутгийг эзэлж, улмаар түүний цэргүүд Энэтхэгт хүрсэн юм. МЭӨ 326 онд Пенджабын удирдсан армийг буулгаж авсан ч Александрын цэргүүд цааш явахыг хүссэнгүй. Ингээд тэд эх нутаг руугаа жолоогоо эргүүлсэн ажээ.

 

Александр эзэлсэн нутгийнхаа уугуул иргэдийн хууль, сүсэг бишрэлийг хүндэлдэг байлаа. Персид тэрээр үндэсний хувцас, ёс заншлыг нь хүлээн зөвшөөрсөн ч албан ёсны хэлийг нь грек хэлээр сольсон юм. Александр хаант улсын нэгдмэл байдлыг бэхжүүлэхийн тулд өөрийгөө Бурханд өргөмжлөн, бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн бөгөөд МЭӨ 324 онд Сузь хотод өрнө, дорнодын их хуримыг зохион байгуулжээ. Ийнхүү Александр ойролцоогоор 9000 залуусыг өөрийнхөө нэгэн адил эзлэгдсэн газар нутгийн иргэдээс эхнэр авахыг ятгаж чадсан байна. Тэрээр Персуудыг цэргийн өндөр албанд томилсноороо Македончуудын болгоомжлолыг төрүүлэх болжээ. Александр төлөвлөж байсан тулаанууддаа орж амжилгүйгээр арван өдрийн турш өвчинд шаналсны эцэст 33 насандаа Вавилонд таалал төгссөн байна.