m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 09:45
28
Үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын  чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Болор танилцуулсан юм.

Төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг харахад Ерөнхий сайд Хүний хөгжил сангийн хөрөнгийн зарцуулалтад чиг үүргийн дагуу оролцохоор ойлгогдож байгаа тул Хүний хөгжил сангийн хөрөнгийн ерөнхий удирдлагыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан хуулийн зохицуулалтын утга учир нь алдагдах магадлалтай учир хууль хоорондын уялдааг хангах асуудлыг цаашид анхаарах хэрэгтэй байна гэсэн саналтай байсан хэмээн Б.Болор гишүүн танилцуулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Болор Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2014, 2015 оны төсвийн жил дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр, төсөвт өртөг нь одоо хэлэлцэж байгаа 2014 оны тодотголын төсөлд Улсын Их Хурлаас сар гаруйн өмнө баталсан 2015 оны төсвийн хуульд тусгагдсанаас ялгаатай байгааг 2015 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа анхаарч, залруулах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хөдөөгийн ард иргэдийн амьжиргаанд ихээхэн тус нэмэр болж байгаа, мөн төвлөрлийг сааруулах, улмаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээг бууруулахад тодорхой хувь нэмэр болж байгаа "арьс, ширний урамшуулал"-ын хэмжээг 2015 онд багасгахгүй байхаар тооцох, мөн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний 2014 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн 2014 онд санхүүжих дүнгээс үлдсэн санхүүжилтийг нь 2015 онд шилжүүлэхээр тооцож 2015 оны тодотголын төслийг боловсруулах шаардлагатай гэсэн саналыг Байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан ажээ. Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Ганхуяг нар асуулт асууж, хариулт авав. Үүний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн дэмжсэн Мал хамгаалах сангийн 25.8 тэрбум төгрөг гэснийг 38.8 тэрбум төгрөг гэж өөрчлөх саналыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бөгөөд дээрх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэнгүй.

Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал олонхын дэмжлэг авлаа. Гишүүд ийнхүү хэлэлцээд төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Стратегийн ордуудыг ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа төлбөрийн зарим хэсгийг бэлэн мөнгөөр төлөх шаардлагын улмаас улсын төсвөөс авсан зээл 212,810.95 сая төгрөг /Оюутолгойн 115 сая ам.долларын бондын төлбөр/-ийг эргүүлэн төлөх болон Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт авсан 313,100.00 сая төгрөгийн Засгийн газрын бондын эргэн төлөлтөөс 2014 онд төлөгдөх дүн болох 102,000.00 сая төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт нийт 317,811.0 сая төгрөгийн бонд гаргах шаардлагатай байгаа аж.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.4-т “Сангийн тухайн жилийн төсвийн алдагдлыг Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл, үнэт цаас гарган санхүүжүүлж, үндсэн болон хүүгийн төлбөрийг сангаас төлж болно” гэж заасан ба Засгийн газрын бонд гаргах замаар санхүүжилтийн эх үүсвэр төвлөрүүлснээр Хүний хөгжил санд өмнөх онуудад авсан өр, төлбөрийг гэрээний хугацаанд нь барагдуулж, сангийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хангах боломж бүрдэнэ хэмээн Сангийн сайд тогтоолын төслийг танилцуулахдаа дурдсан.

Төсвийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн хэлэлцэхийг дэмжлээ