m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 02:52
52
МАН, ИЗНН засгаас гарах уу

МАН-ын бүлэг өчигдөр Төрийн ордны А танхимд хуралдсан. Чуулганы хуралдааныг хойшлуулан байж хуралдах болсон шалтгаан нь АН засагт хамтрахад хийсэн тохирооноосоо буцах болсонтой холбоотой аж. Тодруулбал, АН хоёр яаманд тус бүр хоёр дэд сайтай байх асуудлыг хэлэлцэн тохиролцолгүй шууд оруулж ирсэн. Мөн Төрийн нарийн бичгийн даргыг томилох асуудалд ч хэлсэн ярьснаасаа буцаж, өөрийн дөрвөн Төрийн нарийнаа улираан томилж, үлдснийг нь сонгон шалгаруулалт явуулж томилно хэмээн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэчихсэн. Харин энэ үеэр дөрвөн Төрийн нарийн бичгийн даргын томилгоо хууль зөрчсөн хэмээн салбарын сайд нар нь хуралдаанаа орхин гарсан сурагтай. Ингээд эхнээсээ зөрчилдөж, анхнаасаа хийсэн тохирооноосоо буцаж буй нь МАН-ын эгдүүг хүргэсэн бололтой. Тэд бүлгийн ээлжит бус хурал зарлан, Ерөнхий сайдыг урьж оролцуулсан байна. Харин тэд ямар тохиролцоонд хүрч, хэрхэн ойлголцсон талаарх мэдээлэл одоогоор байхгүй ч эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ынхан "Ярьсан тохиролцсондоо байж чадахгүй бол засгаас гарна шүү" хэмээн сануулжээ.

Тэгвэл ИЗНН-ынхан энэ удаад дуугай суусангүй. Тэд мөн засгаас гарна гэдгээ мэдэгджээ. ИЗНН бол Н.Алтанхуягын Засгийн газраас эхлэн АН-ыг түшин хамтарч байсан. Мөн засаг унасаны дараа АН тэдэнтэй 2012 онд хийсэн гэрээгээ үргэлжлүүлэн ажиллахаар болсон билээ. Гэтэл тэднийг парламентэд хоёр суудалтай гэх шалтгаанаар сайдын суудал хүртээгээгүй. Үүнд ИЗНН хэл ам хийлгүй, дуугай байж, хүлээцтэй хандан, нэг сайдын суудлаа найр тавьсан. Харин үүнийх нь оронд нэг дэд сайд, нэг Төрийн нарийн бичгийн даргын квот олгоно хэмээн Ерөнхий сайд амалсан байдаг.  Гэтэл Засгийн газраас гаргасан дээрх шийдврээс улбаалан тэдэнд нэг Төрийн нарийн бичгийн даргынх нь суудлыг өгөхгүй болсонд дургүйцэн мөн засгаас гарна гэдгээ АН-ынханд сануулжээ.