m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 03:15
163
Бага ангийн сурагчдын амралт маргаашнаас эхэлнэ

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт эхэлж байна. Тухайлбал, нийслэлийн I-V ангийн сурагчид ирэх даваа гаригаас ирэх оны нэгдүгээр сарын 26-ныг дуустал таван долоо хоног амарна.

Харин VI-IX ангийн сурагчид 2015 оны нэгдүгээр сарын 4-26-ныг дуустал гурван долоо хоног, X-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 11-26-ныг дуустал хоёр долоо хоног амарна.

Харин хөдөө орон нутгийн бага ангийн сурагчид 2015 оны нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 9-нийг дуустал дөрвөн долоо хоног амарна. Дунд ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 9-нийг дуустал хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид хоёрдугаар сарын 1-9-нийг дуустал нэг долоо хоног тус тус амрах аж.

Хэдийгээр сурагчдын амралтын хугацааг хот, хөдөөгөөр ялгаатай тогтоосон ч хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа бүсчлэлээс хамаарахгүй адилхан байх юм.

Бага ангийн сурагчдыг өвлийн улиралд даарч, хөрч, ханиад томуу хүрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү урт хугацаагаар амраах болсон нь нэг талдаа сайн ч нөгөө талдаа хүүхдүүд хичээлээ мартах ялангуяа нэгдүгээр ангийн овоо зүгширч байсан хүүхдүүдэд өмнө үзсэн хичээлийг дахин эргэн сануулах шаардлага гардаг байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн V сургуулийн бага ангийн багш Ч.Сарантуяа хэлэхдээ:

-Нэгдүгээр ангийн хүүхдүүд олон хоног амрахаар үзсэн хичээлээ мартах, зарим хүүхдүүд бичиж, уншиж чадахаа болиод, хичээлдээ зүгширч сууж сурч байсан сурагчдын хэмнэл алдагдах сөрөг талууд байдаг. Гэрийн даалгавар бас хэт их өгөхөөр хүүхдүүд залхдаг учраас нэг их өгөхгүй. Тэгсэн ч хүүхдүүд амрах ёстой. Ялангуяа сүүлийн жилүүдэд гарч байгаа олныг хамарсан ханиад томуу ихээр гарч байгаа үед амраах нь зөв. Энэ үед харин эцэг эхчүүд хүүдүүдээ даалгаврыг нь хийхэд сайн анхаарч, тусалж, аль болох өмнө үзсэн хичээлийг мартуулахгүй байх, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх л шаардлагатай байна.