m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 03:34
74
Б.Лхагважав: Компаниудын захирлыг би "ээж"-тэй зүйрлэдэг

Манай улсын ДНБ-ий 70 гаруй хувийг бүрдүүлдэг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг төлөөлөгч гол байгууллага болох МҮХАҮТ-ын ээлжит XIX хурлаар удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгчөөр "Урбаник" ХК-ийн захирал Б.Лхагважав сонгогдсон. Тус албан тушаал нь танхимын үйл ажиллагааг бодлогын хувьд удирдан чиглүүлэх, удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх удирдлагад удирдамжаар зааварлах, зөвлөмж өгөх, танхимаас төр засаг, олон улсын болон төрийн бус байгууллагуудтай бизнесийнхний эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар харилцах үндсэн чиг үүрэгтэй юм байна. Тиймээс танхимын цаашдын үйл ажиллагааны талаар ярилцлаа.

1802 онд Худалдаа аж үйлдвэрийн танхим Америк, Европт анх байгуулагдаж байх үед бий болсон капиталистуудын хөрөнгийг төрөөс хамгаалах зорилготой л байгуулагдсан

-Та МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон. Өнгөрсөн жилийн хугацаанд МҮХАҮТ-ын хийсэн ажлуудыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-МҮХАҮТ бол 55 жилийн настай байгууллага. 1990 оноос өмнө төвлөрсөн системийн үед ажиллаж байсан танхим бол арай өөр үзэл баримтлалтай явж байсан. Нэг ёсондоо төрийн өмч байсан. Харин 1990 оноос хойш бид эдийн засгийн өөр системд орсон. Иргэд маань өмчтэй болж, аж ахуй нэгжийг бий болгосон. Тэгснээр танхим гэдэг нь жинхэнэ утгаараа үүсч, бий болсон баялгийг хамгаалах зорилготойгоор өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Танхимын 19 дүгээр хурлын дараа би үргэлж хэлж байсан. Өмнөх 30-40 жилийн настай философийн үлдэгдэл байгаад байна. Яг үндсээрээ өөрчлөгдөж чадахгүй байна.

1802 онд Худалдаа аж үйлдвэрийн танхим Америк, Европт анх байгуулагдаж байх үед бий болсон капиталистуудын хөрөнгийг төрөөс хамгаалах зорилготой л байгуулагдсан. Тийм ч учраас 200 гаран жил амжилттай явж ирсэн. Өнөөдөр бид тэр үзэл баримтлал руугаа л орьё гэсэн бодолтой байна.

Ер нь Худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг байгууллага маань гэнэт үүсэн бий болчихоогүй. Энэ бол өмнөх удирдлагууд болон хамт олны бага багаар өрж бий болгосон тоосго юм. Ямар ч байсан төрийн аливаа буруу үйл ажиллагаа, хууль дүрмийн эсрэг явж чадах тамир тэнхээтэй байгууллага, хамт олныг надад хүлээлгэж өгсөн. Энийг шинэ үзэл баримтлалаар цааш нь үргэлжлүүлж авч явах нь чухал болоод байна.

Энэ бол өмнөх удирдлагууд болон хамт олны бага багаар өрж бий болгосон тоосго юм

-Танхимын 19 дүгээр хурлын үеэр хувийн хэвшлүүд улс орны эдийн засгийг хямралаас гаргана гэж хэлж байсан. Гэтэл жижиг үйлдвэрүүд эсвэл дөнгөж хөлөө олж буй хувийн хэвшлүүдэд эргэлтийн хөрөнгөөс эхлээд тулгамдаж буй асуудлууд их байдаг. Үүнд төрөөс маш их дарамт шахалт үзүүлдэг гэж байсан?

-Би өөрөө тэгээсээ эхлээд хууль ёсны дагуу зээлээ авч 25 жил бизнесээ явуулж ирсэн. Энэ бүх хугацаанд ажиглаад үзэхэд манайхан төрөөс хараат болоод ирэхээрээ л буцаад 1990-ээд оны өмнөх байдал руугаа орчихоод байна. Өөрөөр хэлбэл, зээлээс авахуулаад бүх зүйлээ төрөөр хийлгүүлэх гээд, бараг л төрөөр удирдуулах гээд байдаг.

Бид 1990 оны хүнд үед 360 хувийн инфляцитай байсан. Энэ нь сарын 25 хувийн инфляцитай байсан гэсэн үг. Тэр үед бүгд эр зоригоороо хувь хүн өмчтэй болно гэсэн тэр хүсэл тэмүүллээр энийг бий болгож байсан. 1997 оны Азийн хямралын үед ам.долларын ханш 600-гаас 1200 төгрөг болтлоо өсөж байсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан М.Энхсайхан үнийг чөлөөлөхөд бас л аж ахуй нэгжүүд өөрсдөө л хөл дээрээ тогтож ирсэн. 2009 оныг хүн бүр сайн мэдэж байгаа байх.

1997 оны Азийн хямралын үед ам.долларын ханш 600-гаас 1200 төгрөг болтлоо өсөж байсан

Эцсийн эцэст Монголын баялаг бол хүний өөрийн тэмцлийн үр дүнд л бий болдог баялаг. Тиймээс бий болсон баялгийг нь хамгаалах л өнөөгийн нийгэмд хамгийн том асуудал болоод байна. Энийг хэнээс хамгаалах вэ гэвэл хууль бус этгээдүүд, хууль бус төрийн дүрэм журам, хууль бус авлигачид, зах зээлийн өрсөлдөөнийг хааж байгаа, өрсөлдөөнийг зогсоож байгаа тэр механизмаас хамгаалах ёстой. Түүнээс биш зүгээр нэг тамга тэмдэг, тусгай зөвшөөрөл биш шүү дээ. Аж ахуй эрхлэх гээд хэдийгээр тамга тэмдэг аваад явах сайхан боловч үүний цаана асар их үүрэг хариуцлаг байдаг гэдгийг сайтар ухамсарлах ёстой. Дор хаяж 300-400 хүнийг тэжээж явна. Өнөөдөр би компани болгоны захирлуудыг ээжтэй зүйрлэдэг. Ээж ямар байдаг билээ, яг л тийм үүрэг хариуцлага бүх захирлуудад ногддог. Эдийн засгийн хямралын энэ хэцүү үед захирал бүр ядаж нэг ажилтнаа халахгүй юмсан, орлогоо багасгахгүй юмсан л гэсэн хүсэлтэй байдаг. Гэхдээ аль ч компанид энэ бол микро түвшний асуудал юм. Харин макро түвшин буюу том бодлого барьж буй хүмүүс хэрвээ ганц л алдаа гаргавал жижиг, том гээд бүгдийг живүүлдэг аюултай. Тиймээс бид живэхгүйн төлөө л тэмцдэг.

Өнөөдөр би компани болгоны захирлуудыг ээжтэй зүйрлэдэг. Ээж ямар байдаг билээ, яг л тийм үүрэг хариуцлага бүх захирлуудад ногддог

-Үүн дээр нэмээд тусгай зөвшөөрөл, лицензийн асуудал сөхөгддөг?

-Тусгай зөвшөөрөл гэдэг бол нэг талаараа дэмжиж байгаа боловч нөгөө талаар эдийн засгийн хөгжлийг үгүй хийдэг тал бий. Ер нь аливаа тусгай зөвшөөрөл, лиценз, татаасыг төр өгч байгаа бол тэр салбарын зах зээл дээр өрсөлдөөнийг тухайн зөвшөөрөл хааж байна уу гэдгийг зургаан сар тутамд судалж байх ёстой. Хэрвээ өгсөн лиценз, татаас нь тэр салбарын зах зээлийг хумиад, өрсөлдөөнийг үгүй хийгээд, монополь үүсгээд эхэлвэл шууд зогсоох ёстой байдаг. Хэрэв зогсоохгүй бол үндсэн эдийн засгийн гол хөдөлгүүр болох өрсөлдөөн нь өөрөө байхгүй болчихдог юм. Манайд ийм асуудлууд маш их гарч ирсэн. Мөн өмчөө дагаад өрсөлдөөнийг төрийн монополиор бий болгочихсон юм.

Нэг хэсэг тендер, авлига зэргээр амьдардаг байсан хүмүүс Монголд олширсон байсан. Эдний хамгийн хэцүү зүйл нь өөрсдөө баялаг бүтээж бий болгоогүй хэрнээ гэнэт бий болсон хөрөнгөөрөө буцаагаад 10-20 жил мөрөөрөө тэр салбарт ажиллаж амьдарч ирсэн хүмүүсийг устгаж алга болгох гээд байдаг тал бий. Тэгэхээр бид төрөөс гадна хууль бус өрсөлдөөнөөс аж ахуйн нэгжүүдээ хамгаалах хэрэгтэй байгаа юм. Тэрнээс биш авлига авч гэдсээ илж суучихаад хэдэн тэрбумаар нь идээд сууж байж таарахгүй. Тухайн салбартаа  1990 оноос хойш бизнесээ эхлүүлээд мөрөөрөө явж байгаа хүн өнөөдөр л сая ам.долларын хөрөнгийн эргэлттэй болж магадгүй. Замдаа ихэнх нь дампуураад, шантраад, хаалгаа бариад явсан байх.

Тусгай зөвшөөрөл гэдэг бол нэг талаараа дэмжиж байгаа боловч нөгөө талаар эдийн засгийн хөгжлийг үгүй хийдэг тал бий

Бизнес гэдэг бол хүнтэй яг адилхан. Хүний идэвхтэй 10-15 жилийн насанд хийж чаддаг эрч хүч л байдаг. Түүний дараа хүссэн хүсээгүй дараагийн үе гарч ирдэг жамтай. Хямрал нүүрлэж байна гээд яриад л байна. Харин тэр хямралын үед чинь эдийн засаг ердөө хэлбэрээ л өөрчилдөг. Тэгээд шинэ нөхцөлд тохирсон хүмүүс гараад ирдэг. Ам.долларын ханш 1900 төгрөг болж байхад ажлынхаа гарааг эхэлж байгаа хүмүүс бол урьдны нөхцөл байдлыг мэдэхгүй шүү дээ. Тиймээс шинээр менежмент, технологийг гаргаж аваад цааш явдаг. Эдийн засгийн өөрчлөлтийг урьд хуучин юмаа санаад тийм болох юмсан гээд хараад гайхаад сууж байгаа бол тэр хүнд өрсөлдөөн байхгүй л гэсэн үг. Тийм болохоор нөхцөл байдалтайгаа зохицохоос өөр арга байхгүй.

-Та сая авлигын асуудлыг сөхлөө. Жил бүр танхимын хурлаар авлигын асуудал сөхөгддөг. Энэ асуудлыг төрийн хүнд сурталтай холбох хүмүүс их байдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Худлаа, худлаа. Манайхан авлигын асуудлыг сөхөж тавихаар их дургүйцдэг. 2008 онд татварын өршөөлийн хууль гарахад төрийн авлигачдыг нэг бүрчлэн илрүүлэх бололцоо байсан. Харин миний бие түргэдээд юу болохыг урьдчилаад мэдэгдчихсэн юм. Би энэ хуулийг ашиглаад аж ахуй нэгжүүд хоёр янзын татварын өршөөлийн хуульд хамрагдаарай гэж анхааруулсан. Харин дараа нь тэр үед байсан эрүүгийн хуулийн дагуу авлига өгсөн этгээд сайн дураараа очоод хэргээ хүлээн зөвшөөрвөл эрүүгийн хуулиар хүчингүй болгох боломж байсан. Гэтэл тэрхүү заалтыг 2008 оны нэгдүгээр сарын 21-нд тухайн үеийн УИХ-аар хүчингүй болгосон. Үүний цаана их “Но” явж байгаа юм.

2008 онд татварын өршөөлийн хууль гарахад төрийн авлигачдыг нэг бүрчлэн илрүүлэх бололцоо байсан

Тухайн үед 2800 компани 4.0 тэрбум ам.доллартай тэнцэхүйц буюу 5.6 их наяд төгрөгийн орлогыг нийтэд ил гаргасан. Тэр үед манай улсын төсөв 1.0 их наяд төгрөг байсан гэж бодохоор 5.6 их наяд гэдэг бол асар их тоо байгаа биз. Тэр их орлогыг нуухад хэн тусалсан юм, тэр компанийн эзэн ганцаараа хийхгүй шүү дээ. Энд төр, Сангийн яам, татварын бодлого, татварын систем тусалсан. Мөн тухайн үеийн цагдаагийн эдийн засгийн алба тусалсан. Яаж тусалсан бэ гэхээр авлига авч л тусалсан байхгүй юу. Тэгээд энийг буцааж илрүүлээд яг тэр үед нь “вакцин” хийх гэтэл өөрсдөө эрх зүйн эрх мэдлээ ашиглаад хүчингүй болгож чадсан.

Тиймээс төр засаг авлигын эсрэг тэмцэнэ гэдэг шиг худлаа зүйл байхгүй гэж бодож байна. Зүгээр шоу үзүүлээд явж байгаа хэрэг. Тиймээс буцаагаад авлига өгөхгүй ганц систем бол татварын систем байдаг юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтыг ашигласнаар компаниуд төсвөөсөө тайлангаа өгдөг байдалд оруулах юм. Үүнийг бас хийхгүй таван жил явлаа шүү дээ. Механизмыг олж байж бид үүнийгээ эдгээж чадах уу гэхээс биш зүгээр шударгаар яриад сайхан тэмүүлэл хэлээд цаашаа явж чадахгүй.

Тухайн үед 2800 компани 4.0 тэрбум ам.доллартай тэнцэхүйц буюу 5.6 их наяд төгрөгийн орлогыг нийтэд ил гаргасан

-МҮХАҮТ-ын 19 дүгээр их хуралд тантай хамт нэр дэвшсэн UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин танхимын үйл ажиллагаа зогсонги байдалд явж ирсэн гэж хэлж байсан. Механизмыг өөрчлөхгүй л бол цаашдаа хэдэн жил ийм зогсонги байдалтайгаар хэвээрээ байна гэсэн. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Би дөрвөн жилийн өмнө бас танхимын даргын сонгуульд нэр дэвшиж байсан. Тэр үед дүрэм журам нь огт хөдлөөгүй болохыг анзаарч л байсан. Гэхдээ аливаа байгууллагын дүрэм дотор л гол механизм явж байдаг. Тэгээд дүрмийг солих гэж би шүүхээр хоёр жил явж байсан. Ер нь төрийн бус байгууллагын дүрэм журам үндсэн хуулиндаа нийцэх ёстой. Харин Монгол Улсын төрийн бус байгууллагын дүрэм үндсэн хуулиндаа нийцэхгүй, хэдэн заалтуудыг зөрчсөн байна гээд би шүүхээр явсан. Үүний үр дүнд сая дүрмээ өөрчилж чадлаа.

Шинэ дүрэм бол шинэ арга ухаан л гэсэн үг. О.Амартүвшингийн хэлсэн үнэний ортой байж магадгүй. Гэхдээ гол механизмд бид дүрмийн өөрчлөлтийг гаргаж ирсэн. Дээр нь удирдлагын менежментийг шинээр гаргаж ирлээ шүү дээ. Шинэ дүрмээр бол би даргын хувьд танхимын өдөр тутмын амьдралд оролцох эрх байхгүй болсон. Түүнчлэн танхимын бодлого барьж байгаа хүн гэлтгүй бүх хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд төрд дуу хоолойгоо хүргэх боломжтой болсон. Зөвхөн дуу хоолойгоо төрд хүргээд олон мянган хувийн хэвшил, ажилчдыг хамгаалж чадна гэсэн үг биш шүү дээ. Тэд баялаг бүтээгч нартай хамтран ажиллана гэсэн үг. Тэрийг бодлогод тусгахын тулд амьдрал зовлонг нь мэдэж байж гаргах хэрэгтэй. Тэд л бодит үнэнийг хэлж чадна. Иймэрхүү процессууд шинээр гарч ирэх болов уу гэж бодож байна. Тиймээс ч О.Амартүвшин залуу хүний хувьд энийг харж шинэчилье гэсэн тэмүүлэл нь зөв. Бид адилхан өрсөлдөөд надад энэ удаад арай илүү аз тохиолоо доо.