m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 03:50
187
Иоханнэс Гутэнбэрг Хэвлэх машиныг нээгч

Иоханнэс Гутэнбэргийн тухай нарийн тодорхой бус таамаг  төдий зүйлүүд л байдаг. Түүний овгийг чухам хэн гэдэг байсан нь бас л тодорхойгүй бөгөөд төрсөн оныг нь 1400 гэж үздэг ч, зарим эх сурвалжууд дээр 1410 он гэж тэмдэглэгджээ. Эцэг эхийнх нь тухайд Испаниас Майнцад цагаачлан ирсэн, католик шашинтай хүмүүс байв. Страсбургээс гаралтай 1434 оны үеийн “Би залуу Иохани Генсфлэйш, Гутэнбэрг байна” гэсэн бичиг олджээ.

Гутэнбэрг 1420 он хүртэл чухам юу хийж, хаана байсан нь бас л тодорхойгүй юм. Ойролцоогоор 1429 онд тэндний гэр бүл Страсбург хотод нүүн ирж, тэндээ 1444 оныг хүртэл амьдарцгаасан байна. Тэнд байх хугацаандаа Гутэнбэрг алтны дархан болсон бөгөөд 1448 онд Майнцад эргэн ирээд хэвлэх машин зохион бүтээхийн тулд өөрийн үеэлээс мөнгө зээлсэн гэдэг. Металлыг хүссэнээрээ өөрчилж чаддаг байсан тэрээр үсэг тус бүрийг зэрэгцүүлэн өрж, тавиад нэг ижил хуудас цаасыг их хэмжээгээр хэвлэх төхөөрөмжийг бүтээсэн юм. Ийнхүү Гутэнбэрг ном төдийгүй, зураг, хуанли хэвлэн гаргаж эхлэв.

1450 онд банзны эзэн Иохани Фустаар өөрийн шинэ төслөө санхүүжүүлэхээр болсон байна. Фуст Гутэнбэргтэй гэрээ байгуулсан нь Гутэнбэргийн хувьд ашигтай зүйл биш байв. Учир нь Фуст Гутэнбэргт 800 гульденийг жилийн зургаан хувийн хүүтэйгээр зээлж, хэвлэх хэрэгслийг нь өөрийн болгосон юм. Хоёр хамтрагч ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд олон хувь зарагдаж болох ном хэвлэхээр шийдсэн нь латин хэл дээр орчуулагдсан Библи байсан бөгөөд уг Библийг хожим Гутэнбэргийн Библи хэмээн нэрийдэх болжээ. 1454 онд ном хэвлэх бэлтгэл ажил ид өрнөж байсан бөгөөд Фуст дахин 800 мөнгөөр хэвлэх үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулав.

Гэсэн ч харамсалтай нь тэдний хэвлэсэн Библи төсөөлж байсан шиг нь тийм их ашгийг авчраагүй юм. Иймээс Фуст гэрээ ёсоор хэвлэх хэрэгслийг авч, цаашид өөрийн нэр дээр ном хэвлэх болжээ. Зорьсон ажил нь бүтэлгүйтэж, хөрөнгө мөнгөгүй болсон ч Гутэнбэрг Германы хаан хоёрдугаар Адольф фон Нассаугийн ивээлд багтаж, 1468 оныг хүртэл буюу насан эцэслэтлээ түүний ордонд амьдарсан юм.