m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 04:02
100
"Болзох цэг" байгуулах нь зүйтэй

Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс дүүргүүдийн цагдаагийн газрын дарга нартай хамтарсан уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Цагдаагийн албаны тухай хуулинд өөрчлөлт орсонтой холбогдуулан Мэдээлэл шуурхай удирдлагын төв мэдээллийг хүлээн аваад зогсохгүй, боловсруулах ажлыг давхар гүйцэтгэх шаардлагатай болсон. 

Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс судалгааны баг гарган дуудлага мэдээлэллийг боловсруулж эхэлсэн. Ингэснээр гэмт хэргийн ангилал илүү тодорхой гарах болсон юм. Уг судалгааны ажлын дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн алба хаагчдад өгч мөн тэдний саналыг сонсон хамтран ажиллахаар боллоо.

Уг төвөөс "Болзох цэг" байгуулахаар дүүргийн удирдлагуудад тавьсан бөгөөд энэ ажлыг хэрхэн байгуулах талаар ч ярилцлаа. Улаанбаатар хотын хувьд гэр хорооллын хаяг байршлын асуудал нилээн төвөгтэй байдаг. Үүний улмаас дуудлаганд очиход хүндрэлтэй болдог, цаг хугацаа алддаг гээд олон асуудлыг тоочиж болно. Үүнээс гарах нэг шийдэл нь "Болзох цэг" байгуулах явдал гэж үзэж байгаа юм. 

Судалгааны багийн ахлагч, цагдаагийн хурандаа О.Амарбат

Өнөөдрийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

Өмнө нь бид 102 утсаар хүлээж авсан дуудлагаа дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн холбогдох алба хаагчдад нь дамжуулдаг байсан. Өнгөрсөн оноос эхлэж ухаалаг төр лүү шилжиж мөн цагдаагийн албаны тухай хуулинд мэдээллийг хүлээж аваад боловсруулах гэсэн заалт орж ирсэн. Үүнээс үүдэж энэ оны нэг сараад эхлэн иргэдээс хүлээн авсан мэдээллээ дүүрэг, хороо, тодорхой хугацаа зэргээр ангилан гаргадаг болсон. Энэхүү ажлын өнөөдөр цагдаагийн удирдлага, алба хаагчдад танилцуулж мөн тэдний санал бодолыг сонсох зорилготой юм.

-Ямар хэлбэрээр дүүргүүдэд тарааж байсан бэ?

-Эхний ээлжинд хэвлэмэл хэлбэрээр тарааж байсан. Гэвч хүртээмж муутай, хөрөнгө мөнгөний хувьд хүндрэлтэй. Дараа нь сүлжээгээр тараасан боловч хүрээмж муу байсан. Тэгээд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шинэ вэб хуудас нээсэн. Тэр хуудсандаа өдөр болгон судалгааны материалаа оруулаад ажиллаж байна. 

-Энэ судалгааг авснаар дүүргүүдэд ямар ач холбогдолтой вэ?

-Дүүргийн хороод бүрт гэмт хэргийн дуудлага харилцан адилгүй байдаг. Тийм учраас энэ судалгаан дээр үндэслэн гэмт хэрэг илүү гарч байгаа газар хүчийг нэмэгдүүлэх хувиарлах боломжтой. 

-Болзох цэгийн тухай тайлбарлахгүй юу?

-Дүүргүүдийн удирдлагуудад санал тавьсан. Манайхан энэ ажил дээр нэг жил ажилласан. Гэвч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод удаашралтай байна. Гэр хорооллын хаяг байршил нь тодорхойгүйгээс дуудлага хүлээн авч байгаа бидэнд болоод, дуудлага өгч байгаа хүндээ ч хүндрэлтэй байдаг. Үүнийг боловсронгуй болгох арга бол болзох цэгийг байгуулах ажил. Хаяг байршилгүй газарт болзох цэгийг байрлуулснаар тэр цэгийн дагуу дуудлагаа өгвөл илүү түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ. Шинээр байгуулах биш одоо байгаа боломжоо ашиглаад цэгээ байгуулаад, газрын зурагт тэмдэглээд иргэддээ мэдээлэл өгөхөд  болох юм. 

Болзох цэгийг хаана байрлуулах вэ?

Тухайн газрын нөхцөл байдлаас харгалзан хаяг байршилгүй газруудад л байгуулах хэрэгтэй.