m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 04:11
59
Чуулганаар дөрвөн асуудал хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн төсөлд тамхи татах цэгийг сургууль цэцэрлэг, олон нийтийн газраас 500 метрийн дотор худалдаалах, татахыг хориглоно гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай юм. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн барьсан билээ. Харин чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тус хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй хэмээн үзлээ.

Үүний дараа Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл заалт зөрчсөн эсэх талаарх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа. Ингээд хуралдаанаас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэв. 

Мөн Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Соёлын тухай хууль болон Номын сангийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Харин одоо Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүллээ. Ингээд тус хуулийн төслийг ирэх долоо хоногийн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов. Чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт Ерөнхий сайдын мэдээллээр үргэлжилнэ.