m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 06:11
394
Р.Минжүүр баатрын хөшөөний нээлт боллоо

Төр нийгмийн болоод хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн Рэнцэнгийн Минжүүр агсны 100 жилийн ойд зориулсан дурсгалын хөшөөг Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод босголоо.
Рэнцэнгийн Минжүүр агсны Хөдөлмөрийн баатар болсны 45 жил, хорвоод мэндэлсний 100 жилийн ой энэ сарын 18-нд тохиож, энэ өдөр түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд, нутгийн ахан дүүсийн сэтгэлийн өглөгөөр боссон хөшөөний нээлт боллоо.
Минжүүр баатар нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт төрсөн. Түүний ажлын гараа Архангай аймгийн хойд бүсийн 13 сум хариуцсан шууданчаар эхэлж байсан бол сум нэгдлийн дарга, АИХ-ын депатут хүртлээ өсөн дээшилж, төрийн удирдах албан тушаалд 48 жил үр бүтээлтэй, идэвхи санаачилгатайгаар ажилласан байна. Эх орны дайнд оролцож явсан хүндэт чекист, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Минжүүр баатрын дурсгалын хөшөөний нээлтэнд үр хүүхэд, нутгийн ахан дүүс, орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирж баатрын гавъяа зүтгэл, хөдөлмөрч занг дурсан ярьж байлаа.
Архангай аймаг алдар суут, эрдэмтэн мэргэд, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдээрээ улсдаа тэргүүлдэг. Улс эх орны хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндтэй хүмүүсээ алдаршуулж, хүндэтгэн дурсах үүднээс аймгийн ИТХ-аас баатруудын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг бий болгож, анхны хөшөөг Минжүүр баатрын дурсгалын хөшөөгөөр ийнхүү давхар нээж байгаа ажээ. Р.Минжүүр баатрын төрсөн дүү 94 настай Р.Риймаа гуай хөшөөний нээлтэнд оролцож, ахыгаа дурсан ярьж, сэтгэгдлээ түмэн олонтойгоо хуваалцсан юм.