m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 08:22
1278
Хубилай сэцэн хаан Их Юань гүрнийг үүсгэн байгуулагч

Хубилай сэцэн хаан нь Их Монгол Улсын тав дахь эзэн хаан юм. Тэрээр Чингис хааны отгон хүү Тулуй болон Хэрэйдийн Сорхагтани Бэхи нарын хоёр дахь хүү болон 1215 оны есдүгээр сарын 23-ны өдөр Их Монгол Улсад мэндэлжээ. 1251 онд Мөнх хаан Их Монгол Улсын хаанд өргөмжлөгдөн, Хубилайг хойд Хятад руу эрх мэдэл бүхий түшмэлээр илгээсэн аж.

Хубилай өөрийн ах Мөнх хааныг нас барахад хаан ширээний төлөө төрсөн дүү Аригбөхтэй тэмцэлдэн, эцэст нь 1260 онд хаанд суув. Гэвч энэхүү ялалт нь их эзэнт гүрний эв нэгдлийг бутраах болсон гэдэг. Хубилай захирч байсан нутгаа гарамгай сайн удирдаж, удалгүй Хятадын язгууртнуудын итгэлийг хүлээснээр хожмын Юань гүрнийг байгуулах эхлэлийг тавьжээ. Түүний байгуулсан шинэ эзэнт гүрний ноёрхолд Номхон далайгаас Уралын нуруу хүртэл, Сибирээс Афганистан хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь багтаж байв. Хубилай төвд лам нарын анагаах чадлыг биширдэг байсан төдийгүй 237 гаруй сүм хийдийг буддын сүм болгон өөрчилсөн юм.

Хубилай Их Монгол улсын албан ёсны хаан болсныхоо дараа 1271 онд улсынхаа нэрийг Их Юань хэмээн өөрчилж, нийслэлийг нь Хар хорумаас Дайду буюу одоогийн Бээжин хот руу нүүлгэсэн байна. Энэ цагаас хойш Тогоонтөмөр хаан хүртлэх боржигин овгийн монгол хаад Их Монгол Улс, Юань гүрний Эзэн хаан гэсэн хоёр цолтой байсан ажээ. Их Юань гүрэн нь өөртөө Зүчийн улс буюу Алтан орд, Цагаадайн улс, Хулагугийн улс буюу Ил ханыг захиргаандаа багтаахаас гадна, умард, өмнөд Хятадын ихэнх нутгийг эзэлсэн байлаа. Улмаар 1279 онд Хубилай Сүн улсыг устгаж, бүх Хятадыг захирах болсон юм. Мөн 1290 он гэхэд Түвд, Бирм зэрэг зүүн өмнөд Азийг эрхшээлдээ оруулж чаджээ.

Тэрээр худалдааны боомтууд, хийгээд сувгуудыг сэргээн босгож, бүтээн байгуулахад болон урлаг соёл, шинжлэх ухаанд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байлаа. Хубилай өөрийн үүсгэн байгуулсан улсаа захирахдаа уламжлалт аравтын систем, өртөөний алба зэргийг улам боловсронгуй болгон ашигласан нь амжилтыг дагуулжээ. Чухамдаа түүний хаанчлалын үед Монголын эзэнт гүрэн болон Хятадаар аялж явсан Марко Поло эх орондоо буцсаныхаа дараа энэ тухайгаа домог мэт ярьсан байдаг. Хубилай хаан амьдралынхаа эцэст тулай өвчин тусч, бие нь муудсаар 1294 оны хоёрдугаар сарын 18-нд таалал төгсчээ.