m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 08:50
73
Хөгжлийн банкнаас 20.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ

Хөгжлийн банк "Шинэ яармаг" хорооллын дэд бүтцийн бүтээн байгуулалтанд зориулж 20.3 тэрбум төгрөгийн санхүүжилтыг хийжээ. Тухайлбал, УИХ-аас "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд Засгийн газар Улаанбаатар хотын хэмжээнд 75 мянган айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулж буй "Шинэ Яармаг" хорооллын гүйцэтгэлийн ажил эрчимтэй өрнөж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар тогтоолоор баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Шинэ Яармаг - I орон сууцны хороолол нь Хан-Уул дүүргийн дөрөв дүгээр хорооны нутаг дэвсгэрт 80.0 га талбайд 7000 айлын орон сууц, 7200 сурагчтай сургууль, 1800 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1050 хүнд үзлэг хийх өрхийн эмнэлэг, 800 ажлын байр бүхий оффисын барилга, 400 ажлын байр бүхий ахуйн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолбор хороолол болох юм байна.

Хөгжлийн банкнаас 20.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ

Түүнчлэн "Шинэ яармаг" хорооллын нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний асуудыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас одоогийн байдлаар 20.324.776.517 төгрөгний санхүүжилтыг хийгээд байгаа аж. Үүнд:

- "Шинэ Яармаг" хорооллын цахилгааны дэд станцын барилгын ажилд: 13.930.776.517 төгрөг

- "Шинэ Яармаг" хороолол хүртэл дулааны гол шугамыг хонгилд барих, ус, дулаан, дамжуулах төвийн зураг төсөл, барилга угсралтын ажилд: 6.394.000.000 төгрөгний санхүүжилтыг тус тус болно.