m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 08:52
28
Төслийнхний тулгамдсан асуудал нь борлуулалт болжээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Технож бизнес Инкубатор төв”-өөс хэрэгжүүлж буй “Алдагдал хаягдлыг алт мөнгө болгоё” төслийн хүрээнд өнөөдөр БОНХАЖ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Технож бизнес Инкубатор төв” хамтран “Хамтын ажиллагаа ба талуудын оролцоо” сэдэвт түншлэлийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ оны долоодугаар сараас эхэлсэн дээрх төслийн үр дүнд 100 гаруй өрхийн амьжиргаа дээшилсэн талаархи мэдээллийг өмнө нь хүргэж байсан. Тэд орон нутагт сургалт явуулж өргөжин хамтдаа суралцан 250 өрх айл болжээ. Гэвч тэдний хамгийн том тулгамдсан асуудал нь борлуулалт болоод байна. Мөн хотын захиргаа болон томоохон компаниудын дэмжлэг хэрэгтэй байгаа талаар өнөөдрийн уулзалтын үеэр хөндөгдөв. Төслийн менежер Х.Доржхандын хэлснээр “Бид хог дээрээс түүсэн зүйлээр бүтээгдэхүүн хийдэггүй, дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг анхдагч эх үүсвэрээс нь цуглуулан авч эргүүлэн ашиглах, амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тиймээс эрүүл ахуйн талаасаа шаардлага хангасан” гэсэн юм. Түүний ярьснаар борлуулалт сайтай, захиалга ихтэй бүтээгдэхүүн нь буйдан, сандал гэнэ. Төслийн хугацаанд 3 сая төгрөгийн борлуулалт хийсний дийлэнх нь буйдан, сандал орж байгаа аж. Мөн тетрапак хайрцгаар аяны олбог, гэрийн хаяавч, ахуйн цүнх, саравч, илүүдэл даавуугаар улавч, мужааны болон эзэгтэйн хормогч, гал тогооны болон ажлын бээлий, гутлын алчуур, гутлын улавч зэргийг урлаж байгаа аж.

Нийслэл Улаанбаатар хот зөвхөн нэг өдөрт 1100 тонн хатуу хог хаягдлыг “үйлдвэрлэн”, хогийн цэгт цуглуулан шатааж эсвэл булж байгаа тухай баримт байна. Энэ нь нийслэл хотын хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулахын зэрэгцээ байгаль орчыг сүйтгэх шалтгаан болж байна. Тиймээс тэдний борлуулалтыг дэмжихийг төслийнхний зүгээс уриалж байна.

Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалындэд сайд М.Хүрэлсүх, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай болон төслийнхөн оролцлоо.