m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.19 09:08
58
"Даашинзтай Фелпс" буюу Франклин Мисси

Майкл Фелпсийг зодог тайлсны дараа Райан Лохтегийн үе эхэлснийг дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн билээ. Гэхдээ 2013 онд Испанийн Барселона хотноо болсон ДАШТ-ий баатраар Лохтегоос өөр сэлэгч, тэр дундаа эмэгтэй тамирчин тодорсон билээ. Тэрбээр "Сан-Жорди" ордонд болсон тус тэмцээнээс зургаан алтан медаль хүртсэн юм.

Мелисса “Мисси” Франклин ДАШТ-ээс сар гаруйн өмнө болсон Америкийн аварга шалгаруулах тэмцээнээс Кэти Ледекигийн хамт уралдсан зай бүртээ аваргалсан юм. Тэгэхэд Мисси 18 настай, Ледеки 16-тай байлаа. Ялангуяа Франклины амжилт бусдаас онцгой.


Нэрийн хуудас:

Бүтэн нэр Мелисса Жанетт Франклин. 1995 оны тавдугаар сарын 10-нд АНУ-ын Калифорни мужийн Пасадин хотноо төрсөн. Биеийн өндөр 185 см, жин 75 кг. Хоч нь Missy the missile буюу “Пуужин Мисси”. Долоон настайгаасаа усанд сэлэлтээр хичээллэж эхэлсэн. Колорадо Старс” клуб болон Калифорнийн их сургуулийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог. Анхны дасгалжуулагч нь Тодд Шмиц. Шүтдэг тамирчин нь Натали Кафлин.

Хувийн дээд амжилт:

Зай, төрөл                             Хугацаа          Тэмцээн                        Огноо                Тайлбар

50 м-ийн араар даллах         27.98 сек        АНУ-ын АШТ 2013       28.06.2013           -

100 м-ийн араар даллах       58.33 сек        Зуны олимп 2012           30.07.2012           NR

200 м-ийн араар даллах       2:04.06 мин     Зуны олимп 2012          03.08.2012           WR

100 м-ийн чөлөөт                  53.43 сек        АНУ-ын АШТ 2013      25.06.2013            -

200 м-ийн чөлөөт                  1:55.06 мин     ДАШТ 2011                  28.07.2013            -

NR-үндэсний дээд амжилт, WR-дэлхийн дээд амжилт


"Даашинзтай Фелпс" хэмээн нэрлэгдэх болсоор хоёр жилийн нүүрийг үзэж буй Мисси гайхалтай тамирчны зэрэгцээ царайлаг бүсгүй. Гадаад төрхөөрөө Бритни Спирстэй адилхан гэгддэг түүнд кино бизнест хүч соривол амжилт олж, Жеймс Бондын найз бүсгүйн дүрд тоглох зүс царай, бие хаа бий. Үүгээрээ тэр Майкл Фелпс, Райан Лохте нараас илүү дуулиант од болохыг үгүйсгэх аргагүй.

Нас залуу, цус шингэн ч Франклин 2011 оны Шанхайн ДАШТ, Лондоны олимпод оролцож, багагүй туршлага хуримтлуулсан нэгэн. Түүний авьяастайг мэддэг ч хүүхдээрээ шахуу болохоор нь олонх хүмүүс дээрх тэмцээнд Миссиг гяллазаж чадахгүй хэмээн үзэж байв. Гэвч Мелисса “Шанхай 2011”-ээс гурван алт, нэжгээд мөнгө, хүрэл, “Лондон 2012”-оос дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртэж шүүмжлэгчдийн амыг тагласан юм.

Тэрбээр “Барселона 2013”-ын зургаан төрөл зайд, тодруулбал 100, 200 м-ийн чөлөөт болон араар даллах, мөн хоёр төрлийн буухиа сэлэлтэд уралдаж, бүгдэд нь аваргалсан юм. Хэрвээ холимог буухиа, эрвээхэй сэлэлтэд хүч сорьсон бол Фелпсийн Бээжингийн олимпоос найман алтан медаль хүртсэн рекордыг давтах боломж байлаа. Гэхдээ ийм амжилт үзүүлэх эсэх нь хувь хүний авьяас чадвараас гадна багийн бусад атмирчид, тэмцээний хуваарь, зохион байгуулалтаас багагүй шалтгаалдаг.

ESPN-ээр түүний тухай гарсан нэвтрүүлгээс та Франклиныг мэргэжлийн клубтэй олон саяын гэрээ байгуулахаас татгалзаж, их сургуулиасаа оюутны бяцхан тэтгэлгээ аван, сонирхогчийн статустай явж буйг мэдэх болно. Калифорнийн их сургуулийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцдог тэрбээр 2015 оноос мэргэжилд шилжих бодолтойгоо ESPN-ийн сурвалжлагчид өгүүлсэн. Рио-де-Жанейрогийн олимпод оргил амжилтаа гаргана хэмээн тооцоолсон байж магадгүй юм. Гэвч олимпод оролцсон оролцоогүй Мелисса Франклин усны ертөнцөд шинэ од мэндэлснийг дэлхий дахинаа хэдийнэ зарлан тунхаглаад байгаа билээ.