m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.08 00:28
1192
Пенициллинийг нээгч Александр Флеминг

Александр Флеминг Шотландын Лохфильд хотноо төржээ. Түүний эцэг Хуг Александрыг долоон настай байхад нас барсан ч тэрээр хорин насандаа авга ахаасаа хөрөнгө өвлөн үлдсэнийхээ ачаар суралцах боломжтой болсон юм. Түүний ах Том эмч байсан бөгөөд дүүгээ ч бас эмчийн мэргэжлээр суралцуулахыг хүсэж байлаа. Ийнхүү Флеинг Лондон руу явсан бөгөөд 1901 онд Паддингтон дахь Гэгээн Мариягийн эмнэлгийн Анагаах ухааны сургуульд суралцах болжээ.

Тэрээр 1908 онд сургуулиа онц дүнтэй төгссөн бөгөөд мэс заслын эмч болохоор зэхэж байлаа. Гэсэн ч Флемингийн гишүүн нь байсан буудлагын клубын капитан түүнийг Гэгээн Мариягийн эмнэлгийн судалгааны багт орж ажиллахыг санал болгосон юм. Иймээс Александр дархлал судлал дээр ажиллаж байсан бактериологч ноён Алмрот Райтын туслахаар ажиллаж, хажуугаар нь сургуульдаа багшилдаг болов. Тэрээр дэлхийн нэгдүгээр дайны үед ахмад цолтойгоор эмчилгээний корпуст эмч хийн, францын эмнэлгүүдэд халдвараас сэргийлэх чиглэлээр ажиллаж байлаа.

Ингэж байхдаа Флеминг халдварын эсрэг эм, бэлдмэлүүд нь хүчил төрөгчгүй орчны бактерүүдийг устгадаггүй учраас өвчтний дархлааг сулруулж, шарх их байгаа үед өвчтний биеийн байдлыг хүндрүүлдэг болохыг ажиглаж мэджээ. 1918 онд Флеминг Гэгээн Мариягийн эмнэлэгтээ буцаж ирэн судалгааныхаа ажлыг үргэлжлүүлэх болов. 20-иод оны үед тун чадварлаг эрдэмтэн гэдгээрээ танигдах болсон бөгөөд түүний ажлын  өрөө үргэлж эмх цэгцгүй, заваан байдгийг ч ойр тойрных нь мэддэг байлаа. Учир нь тэрээр ихэнхдээ судалж байсан бактериудаа цэвэрлэлгүй хэдэн өдрөөр ч хамаагүй орхидог байсан гэдэг.

Гэвч чухам үүнийхээ ачаар Флеминг 1928 онд санамсаргүйгээр нээлт хийсэн нь антибиотик ажээ. Александр амралтаасаа ирээд стафилококк бактериудыг тэжээллэг орчинд өсгөж байсан савнууд дээр хөгц үүссэн байхыг анзаарсан бөгөөд ариутгагч бодис руу тэднийг дүрэхээсээ өмнө дагуулж ирсэн зочдодоо үзүүлэхийг хүссэнээр хөгцийн эргэн тойрон бактериуд үржээгүй хэсэг байгааг ажигласан байна. Үүнийгээ pencilium notatum  болохыг таньж, түүнээс гарган авсан бүтээгдэхүүндээ пенициллин гэсэн нэр өгчээ. Александр Флеминг пенициллин дээрх судалгаагаа арван хоёр жилийн турш хийсэн боловч Ховард Флори, Эрнст Борис Чейн нарын баг пенициллинийг эм болгосон ажээ.

Флеминг антибиотикийг маш бага хэмжээгээр, богино хугацаанд хэрэглэвэл бактери устгаж чадахгүй болохыг их эрт мэдсэн бөгөөд энэ тухайгаа өөрийн илтгэлүүддээ зарладаг байв. 1943 онд Александр Флеминг Эзэн хааны нийгэмлэгт гишүүнээр орсон бол 1944 онд язгууртны хэргэм цол хүртсэн юм. Улмаар 1945 онд тэрээр пенициллин  нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн байна. Харин 1955 онд тэрээр зүрхний шигдээсээр Лондон хотод нас баржээ.